Цасанд дөнгүүлсэн хотын мээр та ажлаа хийнэ үү
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд ажлаа хийж чадахгүй байна. Түний үндсэн ажил бол нийслэл хотын иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах. Үүний л тулд энэ албан тушаал байдаг гэхэд болно. Гэвч тэрбээр өндөр хариуцлагатай, өөрөө хийгээд албатууд нь өдөр шөнөгүй ажиллаж байдаг албанд томилогдсоныгоо одоо хүртэл ойлгоогүй яваа бололтой.
Үүний ганцхан жишээ нь, нийслэл тэр чигтээ мөсөн гулгуур болчихоод байгаа өнөөдрийн дүр төрх. Ойр ойрхон орсон цас түүнийг энэ албанд тохирохгүй байгааг, зангарагтайхан тушаал гаргаад хэрэгжүүлчихэж чадахгүй явааг нь, ядаж л албатуудаа алгандаа багтаагаад ажиллуулчихаж дөнгөхгүй сандарч суугааг нь илчилчих шиг боллоо. Одоогоос бараг долоо хоногийн өмнө орсон цасыг өнөөдрийг хүртэл арилгаж чадахгүй байгаа нь үүний том нотолгоо. ^ Хоёр өдөр бударсан цасыг арилгуулж, арилгалцаж дөнгөхгүй байгаа хүн 1.3 сая хүн амтай их хотын амин чухал асуудлийг шийдэж дөнгөх болов уу.
Хэрвээ сэргэлэн, боломжийг алддаггүй, ажлаа мэддэг, албатуудаа хөдөлгөж чаддаг нэгэн байсан бол энэ өдрүүдэд тэр ард түмний өмнө баатар болох байлаа. Түүнийг хэн ч өмнөх хийгээд өөр бусад дарга, цэрэгтэй хэн ч харьцуулж дүгнэхгүй бүр голохгүй байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэмээх нэр хүндтэй, том албан тушаалаа ашиглан аж ахуйн нэгжүүдэд шуурхай үүрэг өгч, нийслэлчүүдийн хамгийн их зорчдог гол замууд, хүн ам төвлөрдөг хорооллуудын цасыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хамгийн түрүүнд цэвэрлүүлчихэж болох байв. Нийслэлийн нөөц сангаас шатахуун, түлш, ажиллагсдын цай, аарц, багаж, бээлий хэрэгслийн өртгийг шийдчихэж болохоор байв. Гэвч тэгэх нь битгий хэл хэвлэлийнхэнд “Өнгөрсөн өвлийн турш цас 13 удаа л орсон байгаа юм. Гэтэл энэ жил өвөл эхлээд нэг сарын цас 13 удаа орчихоод байна. Cap хүрэхгүй хугацаанд өнгөрсөн жилийн давтамжаа давчихсан байгаа юм. Цаг уурын байгууллагаас цаашид ч цас үргэлжлэн орох мэдээлэл өгч байгаа учраас төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэд бүгд бэлэн байдалд байх шаардлагатай” гэсэн хариулт өгөөд сууж байна. Албатууд нь ч ялгаагүй “Давс, хайлуулагч бодисоо хаана цацахаа бид өөрсдөө мэдье. Та нар тэр цэрэг, цагдаагийнхнаа цас цэвэрлэгээнд дайчилъя гэж бичээч” гэсэн юм яриад явж байна. Үе үеийн дарга нар цас хайлуулагч бодис нөөцөлсөн, нөөцлөөгүй гэх хэл аманд өртөж байсан. Гэвч өнгөрсөн хэд хоногийнх шиг олон цаг дамнасан их түгжрэл болж, халтирч унаснаас болж бэртсэн хүмүүсийн тоо бүтэн улирлынхаас давж байсангүй. Хамгийн эмгэнэлтэй нь “Цас хайлуулах бодис зээлээд ч болтугай авъя. Ард, иргэд минь бодис иртэл тусалж, дэмжээрэй. Гудамж, талбайнхаа цасыг цэвэрлээд өгөөрэй” гэхийн оронд “Тэрний үед тийм хэмжээний цас орсон хэрнээ миний үед богино хугацаанд ийм их орчихлоо. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг бид яах юм” гэсэн утгатай яриа гарч байсангүй. Тэгээд ч тэнгэр хангай аль нэг нам засаг, дарга, эрх мэдэлтний царай харж цас оруулдаггүй байлтай. Асуудлаас өөрийгөө авч гарахын тулд цэцэрлэгийн хүүхэд ч хэлэхээргүй гэнэн тайлбар ярьж, ирсэн хариуцлагыг нэр төртэй үүрээд гарчихаж чадахгүй, бурууг бусдаас эрж, ачааны хүндээс албан тушаал, хэл үгээр бултахыг санаархагч дарга нар нийслэлд битгий хэл Монгол Улсад хэрэггүй.
Хотын захирагч мээр болсноосоо хойш багагүй ажил хийсэн үү гэвэл хийсэн. Тэр зарим үед “зангарагтай” загнаж байв. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард А687 тоот захирамж гаргаж, “Face of beauty international” миссийн тэмцээнд 20 сая төгрөг өгч байв. Мөн 217 сая төгрөгөөр “Улаанбаатарын намар” шоу тоглолт зохион байгуулж, “Камертон”, “Никитон” хамтлагийг дуулуулсныхаа хөлсөнд 100 сая төгрөг “бэлэглэж” байлаа. Гэвч нийслэлийн хорт утааг хэд дахин нэмэгдүүлсэн түгжрэл, иргэдийн уур цухлыг барж, эрүүл мэндээр нь хохироосон халтиргаа, гулгаанд тэр дорвитой арга хэмжээ авч чадсангүй. Үүнээс нь болж нийслэлийн зам, талбайн цас дагтаршиж, мөсөн гулгуур болтлоо толийж, хэдэн зуун машин мөргөлдөж, хэдхэн өдрийн дотор 200 гаруй хүн зөвхөн халтирч унаснаас болж бэртэж, гэмтлээ. Үүний хариуцлагыг хэнээс нэхэх вэ.
Хотын даргын албан тушаалыг хэрхэн хашсаныг нь шоу тоглолт, гоо бүсгүйн тэмцээн ивээн тэтгэснээр бус ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж, сэтгэл ханамжтай байх нөхцөл бүрдүүлж чадсан эсэхээр үнэлэх нь дамжиггүй. Бас гурван сая иргэнээс сонгож авсан баг нь хэр зөв зүйтэй ажил санаачилж, хэрэгжүүлж чадсанаар нь дүгнэнэ. Хотын мээрийн ажил урагшлахгүй байна гэдэг хамтарсан баг нь зангидсан гар шиг байж чадахгүй, үүрэгт ажлаа яг таг биелүүлэхгүй байна л гэсэн үг. Бүр цаашилбал, аль аль нь юу хийхээ мэдэхгүй байгаагийн шинж. Үүний нэг жишээ бол хоёрхон өдөр үргэлжлэн бударсан цас нийслэлчүүдийг зудын байдалд оруулаад байгаа явдал яах аргагүй мөн.
Гэхдээ замуудад тогтсон их цас, мөс ТҮК-ийн ажилчдын хөлс, хөдөлмөрөөр овоо дундарлаа. Сайн дурынхан ч багагүй нэмэр болох шиг боллоо. Маргаашнаас цаг агаар өмнөх өдрүүдийнхээс хэдэн хэмээр уярахаар байдал бүр ч дээрдэнэ. Сурагчид, оюутан залуус, цэргүүд, албан байгууллагууд цас цэвэрлэгээний ажилд гараад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хотын дарга хийгээд Нийслэлийн Захирагчийн ажлын албаныхны бараг оролцоогүйгээр нийслэлчүүд энэ удаагийн “их халтиргаа, гулгаа”-ныхаа ард гарахаар болсон гэсэн үг. Гэхдээ ингээд асуудал шийдэгдчихэж байгаа юм биш. Залхуу малчин л хотоо харлуулдаг гэдэг үг бий. Ажлаа хийдэггүй, юу хийхээ мэддэггүй дарга нарыг энэ удаад цас илчлээд, дөнгөөд авлаа. Ирэх өвөл хур тунадас ихтэй, өмнөх жилүүдээс хэд дахин хүйтэн болно хэмээн цаг уурчид эртнээс сануулсаар байгаа. Ирэх хаврыг дуустал хэр хэмжээгээр хэчнээн удаа цас орохыг таах аргагүй. Тэр бүрт нийслэлийн удирдлагууд ийм байдалтай сууж таарахгүй. Тиймээс хотын мээр, эрхэм Засаг ноён Су.Батболд та үүрэгт ажлаа хариуцлагатай хийж, нийслэлчүүдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах боломж нөхцлийг бусдаас дутахааргүй хангаж өгнө үү. Олон нийт “Байгалийн гамшиг бус удирдлагын гамшиг болж байна. Цас цэвэрлэж чадахгүй хотын даргаар бид яах вэ. Чаддаг хүнийг нь тавъя” гэх мессэж нэлээн хүчтэй өрнөж эхэлсэн шүү.
Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ ажил хийдэггүй юмнуудыг соль