Далай ламын айлчлал БНХАУ-ыг бухимдуулав уу

Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал хийгээд Дээрхийн гэгээн XIV Далай ламын Монголд хийсэн айлчлалын талаар дэлхийн хэвлэлд хэрхэн бичсэнийг тоймлон хүргэж байна. 

 4868
NewYorkTimes: Далай ламын айлчлалтай холбоотойгоор хоёр ч удаа Хятад, Монголын харилцаанд цав сууж байв
Түвдийн буддын шашны тэргүүн далай лам Монголын нийслэл Улаанбаатар хотод дөрвөн өдрийн хугацаагаар айлчиллаа. Монголын талаас уг айлчлалыг цэвэр шашны шинжтэй хэмээн тайлбарлаж буй бөгөөд энэ хүрээнд Далай лам ямар ч  төрийн чухал албан тушаалын хүмүүстэй уулзалт хийхгүй аж. Өнөөдрийг хүртэлх хугацаанд БНХАУ далай ламын Монголд хийсэн айлчлалтай холбоотойгоор хоёр ч удаа хоёр улсын харилцаанд цав сууж байсан удаатай.
Тухайлбал, 2002 онд хилээ хааж байсан бол 2006 онд Бээжингээс Улаанбаатар руу хийх нислэгийг цуцалж байсан юм. БНХАУ-ын хувьд Далай ламыг Түвдийг Хятадаас салан тусгаарлахыг эрмэлздэг тэрслүү этгээд гэж үздэг бөгөөд энэ үүднээс түүний аливаа улсад хийх айлчлалыг хүчтэй эсэргүүцсээр ирсэн байдаг. Далай лам 1959 онд Хятадын удирдлагыг эсэргүүцсэн бослогын үеэр Түвдийг орхисноос хойш эдүгээ Энэтхэгт амьдарч байгаа аж.
Тэгвэл энэ удаагийн түүний Монголд хийх айлчлалтай холбоотойгоор Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийж, хоёр улсын цаашдын харилцааны төлөө  Далай ламын айлчлалыг цуцлахыг шаардсан. Учир нь Монголын эрх баригчид эдийн засгаа гүн хямралаас татаж гаргахын тулд Бээжингээс 4.2 тэрбум ам.долларын зээл авахыг эрэлхийлж байгаа юм. Өргөн хэрэглээний барааны үнэ унасан, гадаадын өрөө эргэн төлөх хүндхэн нөхцөл байдалд буй Монгол Улс экспортын 90 орчим хувийг эзлэх Хятадаас тусламж авах гаргалгааг хайж  байгаа билээ. Монголын буддын лам нар Түвдтэй нягт харилцаатай байдаг бөгөөд буддын шашинт орнууд Далай ламыг ихэд хүндэтгэн дээдэлдэг юм. Далай лам Монголд анх 1979 онд айлчилж байжээ. Сүүлийн арван жилд тохиогоогүй арваннэгдүгээр сарын хамгийн хүйтэн өдрүүдэд ч эдүгээ 81 настай далай ламыг харахаар дэмжигчид нь хэдэн зуун км замыг ажрахгүй туулан ирж байлаа.  Тухайлбал, Оросын Сибириэс ирсэн Монгол үндэстэн 73 настай Дарьцэрэн баасан гарагт Далай лам айлчлах тухай сонсмогцоо л Улаанбаатар руу хөдөлсөн гэнэ.
Харин 125 миллийн цаанаас хүрэлцэн ирсэн 75 настай Болдбаатар “Би хөгшин хүн. Магадгүй сүүлчийн удаа дээрхийн гэгээнтнийг харж байгаа байх” гэж ярьжээ. Далай лам БНХАУ-ын дэмжлэгтэйгээр Хятад компанийн барьсан спорт цогцолборт өнгөрөгч бямба гарагт ном айлдсан байна.
Монголын эдийн засаг хурдан хугацаанд сэргэх найдваргүй
www.currentbiz.io сайтад Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл нийтлэгджээ. Үүнд “Зах зээл дэх нүүрсний үнэ огцом өсч байх үед хөрөнгө оруулагчдын анхаарлыг  хамгийн ихээр татаж байсан Монгол улс  сүүлийн үед бэлэн мөнгөний гачигдалд орсны улмаас олимпийн тамирчдаа ч урамшуулж чадахгүйд хүр­сэн. Хямрал зарим талаар  Хятадын эдийн засгийн саа­рал­­ттай ч мөн холбоотой. Тэг­вэл хам­гийн сүүлийн үеийн мэ­дээл­лээр далайд гарцгүй тус улс  Олон улсын валютын сан­гаас тусламж хүсч, зардлаа та­нах чиглэлээр ажиллаж бай­гаа аж.
Шинэ Засгийн газар зогс­сон дэд бүтэц, уул уурхайн төс­лүү­дэд гадаадаас хөрөнгө та­таж, эдийн засгаа богино хуга­цаанд тогтворжуулах ар­гыг эрэлхийлж эхэлсэн.  Монголын Үндэсний статис­ти­кийн хорооноос мэдээлснээр ДНБ-ний хэмжээ нэгдүгээр са­раас есдүгээр сар хүртэл 1.6 хувьтай байх бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнх­тэй бараг ижил байгаа юм. Гэ­сэн ч, экспортын түүхий эдийн үнэ унасны улмаас төсвийн алдагдал нь улам нэмэгдсэн. “Рио Тинто” тэргүүтэй гадны хөрөнгө оруулагчид уул уурхайн шинэ төсөлд хөрөнгө оруулахаа больж эхэлсэн нь төгрөг суларч, татварын орлого буурахад нөлөөлжээ.
…Монголын зээлжих зэрэглэлийг “В3”-аас “Саа1” болгон бууруулснаар тус улсын зээлжих зэрэглэл Барбадос болон Беларусьтай адил түвшинд очлоо. “Саа1” нь эрсдэл өндөртэй зэрэглэл юм.  Монголын шинэ Засгийн газар эдийн засгийн өсөлт буурсан, төгрөгийн ханш унасан, төсвийн алдагдал нэмэгдсэн зэрэг олон асуудалтай тулгараад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монголын Засгийн газар хэмнэлтийн арга хэмжээ авахаа мэдэгдэж, эдийн засгийг тогтворжуулах төлөвлөгөөг гаргасан байна…
Түүнчлэн төгрөгийн ханш энэ онд 19 хувиар суларч, өнгөрсөн долоо хоногт бүх цаг үеийн хамгийн доод үзүүлэлт буюу нэг ам.доллар 2479 төгрөгтэй тэнцэв. Үүнээс гадна өнгөрсөн жил төсөв 435 ам.долларын алдагдалтай байсан  бол энэ жил 905 ам.доллар болон нэмэгд­жээ. Монголын эдийн засаг хоёр орон­той тоонд хүрт­лээ өс­сөн тэр­хүү үе рүү эр­гэн шил­жих ба­раг бо­ломж­гүй. Гэх­дээ та­ван жи­лийн түү­хий эдийн үнийн унал­тын дараа  Монголын “судас” ааж­маар цо­хилж эхэл­сэн хэ­дий ч, эр­дэс баяла­гийн зах зээ­лийг ав­рах хэм­жээнд хүрч чадаагүй л байна.
Тиймээс ОУ-ын Валютын сангаас тусламж хүсч, Дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт ордог хамгийн том худалдан авагч улсаас зээл хүсэх аргыг ч эрэлхийлж байгаа. Ямартай ч, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-оргил “Зөвхөн яриад байх биш, хийж хэрэгжүүлэх нь чухал байна” гэж ярьсан байгаа юм. Энэ бол коксжих нүүрсний орд­той улсын зүгээр л нэг жи­шээ. Гэвч харамсалтай нь Монголын эдийн засаг хурдан хуга­цаанд сэргэх найдваргүй. Энэ бол бодит байдал юм” гэсэн байв.
Далай лам Хятадын эсэргүүцлийг үл тоон, Монголд айлчлав 
Оросын “Интерфакс” агентлагын цахим хуудаст Дээрхийн гэгээнтэн далай ламын айлчлалтай холбоотой мэдээ нийтлэгдсэн байх бөгөөд “Түвдийн буддын шашны тэргүүн Далай лам Монголд дөрвөн өдрийн хугацаатай айл­чилж буй. Гэвч барууны зарим хэвлэлд энэ удаагийн Далай ламын айлчлалыг БНХАУ-ын тал эсэргүүцсэн талаар мэдээлэл гарчээ.  БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ талаар мэдэгдэл хийсэн байх бөгөөд Далай лам аливаа улсын өндөр албан тушаалтнуудтай ямар нэг хэлбэрээр холбоо тогтоохыг эсэргүүцдэг гэдгээ илэрхийлсэн байна.
Мөн Монголын талаас Далай ламын айлчлалыг хориглож, салан тусгаарлах үйл ажиллагаанд нь хувь нэмэр оруулахгүй байхыг шаарджээ. Нөгөөтэйгүүр, Монголын Гадаад хэргийн яамнаас мөн хариу мэдэгдэл хийж,  Далай ламын айлчлал Засгийн газартай ямар нэг байдлаар холбоогүй гэх тайлбарыг хийсэн юм.  Харин хийдийн зарим лам нар Далай лам шашны үйл ажиллагаагаар бус улс төрийн зорилгоор айлчилж байгааг онцолсон байдаг. Өмнө нь 2011 онд Түвдийн бурхны шашны тэргүүн Монголд айлчилж байжээ” гэжээ.
Moody’s: Монголд хөрөнгө оруулах нь өндөр эрсдэлтэй
Улс орны зээлжих зэрэглэлийг тогтоох томоохон агентлагуудын нэг Moody’s манай улсын зээлжих зэрэглэлийг нэг шатаар бууруулсан билээ. Энэ талаарх мэдээлэл www.bloomberg.com сайтад нийтлэгджээ. Үүнд “Ирэх хоёр жилийн хугацаанд Монголын Засгийн газар зээлээ хэрхэн төлөх нь тодорхойгүй байгаа болон цаашид өрийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаатай холбогдуулан олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг дахин бууруулжээ. Тус агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг “В3”-аас “Саа1” болгон бууруулснаар тус улсын зээлжих зэрэглэл Барбадос болон Беларусьтай адил түвшинд очлоо. “Саа1” нь эрсдэл өндөртэй зэрэглэл юм.
Монголын шинэ Засгийн газар эдийн засгийн өсөлт буурсан, төгрөгийн ханш унасан, төсвийн алдагдал нэмэгдсэн зэрэг олон асуудалтай тулгараад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монголын Засгийн газар хэмнэлтийн арга хэмжээ авахаа мэдэгдэж, эдийн засгийг тогтворжуулах төлөвлөгөөг гаргасан байна.
Мөн өнгөрсөн сард Олон улсын валютын сангаас тусламж авах асуудлыг хэлэлцсэн билээ. Монголын Засгийн газрын санхүүгийн чадавх, эдийн засгийн гадаад байр суурь эрчимтэй доройтсон гэж “Moody’s” мэдэгдэлдээ дурдав. Мөн тус улсын Засгийн газар олон талын болон хоёр талын эх үүсвэрийг хавсарган гадаад санхүүжилт авах ажилд хэт анхаарал хандуулж байгаа бөгөөд эдгээрийн аль нь ч одоогийн байдлаар тодорхойгүй байна гэж мэдэгдэлд дурьджээ” гэсэн байна.
Б.Даваахүү
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
 

URL:

Сэтгэгдэл бичих