АН УИХ-д сөрөг хүчний чадамжгүй болтлоо “туйлдав”
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж чадалгүй хоёр долоо хонов. Парламентад тогтсон уламжлалаар бол УИХ дахь нам, эвслийн бүлэг долоо хоног бүрийн даваа гаригг хуралдаж, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг ярилцаж саналаа нэгтгэдэг. Гэвч сонгогчдын 33 хувийн саналыг УИХ-д төлөөлж суугаа АН-ынхан Бүлгийн хуралдаанаа хийж чадахгүй ажин түжин явна. Хэдийгээр тэдний товчлуур УИХ-ын шийдвэрт хүчтэй нөлөөлж чадахгүй ч олонхид хяналт тавих нь сөрөг хүчний үүрэг баймаар. Хачирхалтай нь, ирэх сард товлосон Их хурлын өмнөх намын дотоод уур амьсгал УИХ-ын төвшиндөө Бүлгийн хуралдаанаа хийх боломж олгохгүй болтлоо даамжирсан нь үүгээр илэрсэн байж болох.
Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт болсон Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэд хэдэн анхаарал татсан асуудлыг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн ч Их хурлыг зохион байгуулах, Намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах гэсэн хоёр ажлын хэсэг байгуулж, бусдыг нь хойшлуулахаар шийдвэрлэсэн. Угтаа бол сонгуульд намаа удирдаж оролцон ялагдал хүлээсэн УИХ-ын дарга асан З.Энхболдын Гүйцэтгэх зөвлөлдөө гаргасан АН-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөөс эхлээд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан гишүүдэд хариуцлага тооцох эсэхийг ҮЗХ-ны хурлаар дэнслэх байв.
Харин ҮЗХ-ны хуралд оролцсон гишүүдийн олонхи тус асуудлыг Их хурлаар дэнслэх учиртай гэж үзсэнээр З.Энхболд буцаад АН-ын дарга болж, Д.Эрдэнэбат түр орлон гүйцэтгэгчийн сэтэрээ хураалгасан юм. Мөн АН-ын дараагийн даргыг Их хурлаас тодруулах бус Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсны дараа сунгаа явуулж хамгийн өндөр санал авсан хүнийг Цагаан сараас өмнө батламжлах чиг гаргасан билээ. Гэвч ҮЗХ-ны хурлаас гаргасан шийдвэр АН-д эвийн цавуу болж чадсангүй. Эсрэгээрээ зөрчилдүүлсэн нь хоёр хоногийн өмнөх үйл явдал.
Тухайн үед Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар хоорондоо маргалдсанаар тодорхой шийдэлд хүрч чадалгүй хурал хойшилсон. Ажлын хэсгээс Их хурлын төлөөлөгчийг хэрхэн сонгох, залуучуудын төлөөллийг ямар байдлаар оролцуулах, фракцууддаа хуваарилах квотын талаар ярилцах байсан ч Д.Эрдэнэбат, Э.Бат-Үүл нарын хооронд албан ёсны болон албан бус даргын тухай маргаан гарсан юм. Эндээс АН-ын Их хурлыг чиглэсэн ямар их хүлээлт, амбийц АН-ын нөлөө бүхий улстөрчдөд өдөлж эхэлснийг харж болохоор.
Гэхдээ дараагийн даргын сунгаатай зэрэгцэн эрх мэдлийн хуваарилалт явж эхэлсэн энэ үед АН Их хурлаа хуралдуулж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс л холбогдох хүмүүст хариуцлага тооцох асуудлыг түр азнаж Их хурлаа гацаанд оруулахгүйн тулд ҮЗХ-ны хурлаас зориуд Зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан байх талтай. Тийм биш байлаа гэж бодоход Их хурлын төлөөлөгчөөр өөрсдийн хүнийг илгээж, намын аппаратыг бүрдүүлэх, удирдлагын эрх мэдлийг төвлөрүүлэх АН-ын зарим фракцын сонирхол Ажлын хэсэг байгуулснаар тодорсон байж болох.
Учир нь, ирэх сарын 6-нд товлосон Их хурлаар хэлэлцэж шийдвэрлэх хамгийн чухал асуудлын нэг Үндсэн дүрмийн өөрчлөлтөөр намын даргаа тодруулах хар зураг гарах учраас фракц бүр өөрсдийн сонирхлыг нийцүүлэх гэж хичээх нь тодорхой. Нэг үгээр хэлбэл, Их хуралд олон төлөөлөлтэй байх тусам тухайн фракцын ашиг сонирхол Үндсэн дүрмийн өөрчлөлтөд илүү тусна, дараагийн алхмаа хийх гүүр болно. Яг л ҮЗХ-ны хуралд олон гишүүнтэй фракц нь ирц бүрдүүлэхгүй байхаас эхлээд бусад бойкот үзүүлдэг шиг. ҮЗХ-ны хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу АН-ын Үндсэн дүрмийг шинэчлэх, Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт “Алтангадас”, “Шонхор”, “МҮДН”-ынхан олонхийг бүрдүүлж байгаа юм билээ.
Харин УИХ, аймаг, нийслэлд Л.Болд гишүүнээр дамжуулан чимээ өгөх болсон “МоАН”, татан буугдсанаа зарласан “Нэг ардчилал” фракцынхан ҮЗХ-ны гишүүдийн дэмжлэгийг хүлээж чадалгүй цөөнх болсон мэдээлэл бий. Их хурлын төлөөлөгчийг хэрхэн сонгох, фракцуудад ямар тооны квот хуваарилахыг зохион байгуулах ажлын хэсгээс шийднэ гэх ч “Алтангадас”, “Шонхор”, “МҮДН”-ын зурагласан зургаар ирэх сарын 6-нд болох үйл явдал өрнөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэд, Их хурлын төлөөлөгчийн дийлэнх олонхийг бүрдүүлэх, Үндсэн дүрмийн өөрчлөлтөд өөрсдийн ашиг сонирхлыг түлхүү оруулах аль аль давуу эрхийг эдгээр гурван фракц л эдлэх нь.
Эрх мэдлийн хуваарилалтаараа бол өнөөдертөө АН-ын даргын тамга З.Энхболдод буюу “Шонхор” фракцид эргэн ирсэн. Хэдийгээр сонгуулиар намаа ялагдуулсан хүн улс төрийн хариуцлага үүрч, албан тушаалаасаа огцрох нь улс төрийн хүчинд тогтсон жишиг, дэлхийн практик ч “Их хурал хүртэл” гэсэн ҮЗХ-ны шийдвэр З.Энхболдод тэр дундаа “Шонхорт” ашигтай. Их хурал хүртэл АН-ын даргын түр орлон гүйцэтгэгч гэсэн статустай байж, тэр хэрээрээ хүчээ зузаатгахаар төлөвлөсөн ч “Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг шиг дан дээлтэй хоцорсон Д.Эрдэнэбат гэхэд Ажлын хэсгийн ахлагчаар үлдэж чадсан. Тиймээс Их хурлын шийдвэрт нөлөөлж чадахуйц төлөөллийг “МҮДН”-ээс оруулахаа тэр мэдэж байгаа. Харин “Алтангадас”-ын хувьд аль ч үед намдаа нөлөөтэй явдаг, явсаар ирсэн фракц. Өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон ҮЗХ-ны хурлаас баталсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хоёуланд нь ‘ ‘Алтангадас ”-аас жин дарж багтсан нь үүний илрэл. Сонгуулийн ялагдал, Засгийн газраа огцруулсан асуудал гээд олон зүйлээс тайлбар нэхэж, холбогдох хүмүүст хариуцлага тооцуулах сонирхол “Алтангадас”-ынханд бий болохоор тэр шүү дээ.
Гагцхүү аль фракц нь давуу эрх эдлэх вэ гэсэн асуулт л Их хурлын өмнө тэдний санааг зовоох, зөрчил үүсгэх гол асуудал нь байх болов уу. Үнэндээ АН-ыг ахмадгүй бас залуургүй хөлөг онгоцонд суучихаад хэрхэхээ мэдэхгүй яваагаар олон нийт төдийгүй өрсөлдөгчид нь харах болсон. Тиймдээ ч энэ намаас, Их хурлаас нь хүлээх зүйл олон. Гэвч намынх нь Их хурал болоход 14 хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн энэ үед АН-ынхан нэг зүгт харж чадаагүй л явна. УИХ-ын есөн гишүүн нь хүртэл есөн зүг рүү харж суучихаад Бүлгийн хуралдаанаа хийж чадахгүй хоёр долоо хонож байна. Тэгэхээр ирэх сарын 6-нд болох АН-ын Их хурлыг товлосон өдрөө зохион байгуулж чадахгүй эсвэл хойшлуулах магадлал нь өндөр байна. Эдгээр шалтгаанаас үүдэж АН-ынхан сөрөг хүчний үүргээ УИХ-ын төвшинд хүртэл гүйцэтгэж чадахгүйд болтлоо “туйлджээ”.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: