Улсын комисс хүлээж аваагүй цамхагт оршин суугчид нь тухалж эхэллээ

“Хөх тэнгэр” хэмээх сүртэй нэртэй өндөр байшин Сүхбаатарын талбайн урд босоод багагүй хугацаа өнгөрөв. Гаднаас нь харвал ашиглалтад орсон эсэх нь тун бүрхэг. Үзэмж муутай хашаа тойруулаад хэдэн сарын нүүр үзлээ. Барилгын ажил нь дуусаагүй юм уу гэж бодмоор.

Гэсэн ч хэдийнэ захиалга авч албан байгууллагад оффис, хөрөнгө мөнгөтэйд нь пентхаусаа худалдахыг нь худалдаж, түрээслэхийг нь түрээслээд эхэлжээ. Цамхгийн бараг 70 хувь нь эзнээ олсон гэх. “Хөх тэнгэр” цамхгийн пентхаусын хамгийн дээд давхрыг МАК-ийн Т.Нямтайшир, бас нэг давхрыг МАХН-ын дарга Н.Энхбаяр тэр чигээр нь авчихсан гэж байгаа. Өөр хэн хэн гэлээ, Монголын толгой баячууд л энэ цамхагт амьдарч Төрийн ордон, Сүхбаатарын талбайг дээрээс нь өнгийх болоод байгаа аж.

Харин энэхүү “Хөх тэнгэр” цамхгийг Улсын комисс өнөөг хүртэл хүлээж аваагүй байна. Улсын комиссын даргаар ажиллаж байсан МХЕГ-ын дэд дарга байсан Ж.Ганбат уг комиссыг ахлахаа болиод байгаа гэнэ. Юутай ч МХЕГ, Улсын комисс энэ байгууламжийг хүлээж авахаар ажиллаж байгаа дуулдаж байна.

Гэхдээ хүлээж авах хугацаа нь хэд дахин өнгөрчихөөд байхад юуны учир ингэж удаашраад байгаа нь тодорхой бус.

Уг нь  “Хөх тэнгэр”-ийнхэн Улсын комисс хүлээж авсны баяраа тэмдэглэхээр аль эртнээс зэхээд байгаа. Хамгийн сүүлд аравдугаар сарын 8-нд цамхгийнхаа дөрөвдүгээр давхарт байрладаг өндөр зэрэглэлийн зоогийн газартаа нижгэр найр хийхээр төлөвлөөд байсан. Гэсэн ч Улсын комисс хүлээж аваагүй учир тодорхойгүй хугацаагаар хойшилсон тухай “Хөх тэнгэр”-ийнхэн ярьж байна.

Ийн энэ барилгыг хариуцсан Улсын комиссын дарга нь юуны учир солигдож, тус комисс хүлээж авах уу үгүй юу гэдэг нь тодорхой бус байна.

Харин “Чоно” группийн захиалгаар боссон энэхүү “Хөх тэнгэр” цамхагт “Гайхамшигтай, дэлхийн стандартын, өндөр зэрэглэлийн” хэмээн бусдыг урьж, талбайгаа борлуулсаар.

Б.Төмөртогоо

“Өдрийн шуудан” сонины редакцын зөвшөөрлөөр цахим хуудаст нийтлэв


URL:

Сэтгэгдэл бичих