Эргэлзээн дундах “хохирогч” нь нүд

196757-21112016-1479719058-1503781962-1

Хүүхдийг зүүх ёстойгоос бага түвшний шил зүүж, хараа муудах явцыг тогтоодог гэдэгт бид олон арван жил итгэсээр ирсэн. Гэвч 2002 онд Малайзад хийсэн судалгаагаар энэ арга тун буруу болохыг тогтоож, бүгд хүлээн зөвшөөрөхөд хүрсэн.

Уг судалгаанд холын хараа муу 94 хүүхдийг зоос шидүүлж, хараандаа таарсан, эсвэл бууралттай шил зүүх, эсэхийг нь сонгуулсан байна. Судалгаа эхлэх үед хүүхдүүд 9-14 настай байсан бөгөөд дараах хоёр жилийн хугацаанд тэдний харааг байнгын давтамжтай шалгажээ. Гэтэл хараандаа тохироогүй, бууралттай шил зүүсэн хүүхдийн хараа улам хурдтай муудсан байна.

Холын хараа муу хүүхдүүдэд хийсэн хамгийн урт хугацааны буюу 23 жилийн судалгааг Финландад 1983 онд эхлүүлсэн аж. Гэтэл тэдний судалгааны дүн өөрөөр эргэжээ. Хараа муу хүүхдүүдийн нэг хэсэг нь шил зүүгээгүй, нөгөө хэсэг нь шил зүүж гурван жил өнгөрөхөд зүүгээгүй хүүхдүүдийнх нь хараа илүү хурдтай муудсан байна.

Улмаар бүх хүүхдэд шил зүүлгэж, 20 жил ажиглахад хараа муудах явц нь адилхан байсан юм. Харааны шил зүүхгүй байх олон шалтгаан бий. Зовхи унжих, толгой өвдөх, нүд хуурайших, тавгүй мэдрэмж төрөх гээд л. Гэхдээ хараа муудах, шилгүй л бол тод харахаа болих зэрэгт хүмүүс бүр ч илүүтэй санаа зовнидог. Олон улсын судалгаанаас үзвэл Нигерийн сурагчдын 64, Энэтхэгийн 30, Пакистаны 69 хувь нь харааны шил зүүснээр байдал дордоно гэж үздэг ажээ. Бразилд тэгвэл эмч нар нь хүртэл шилний үр дагаварт сайн үнэлгээ өгдөггүй. Гэвч харааны шил зүүвэл хараа улам муудна гэх нотолгоо бий юү.

Харааны шил холын буюу хасах, ойрынх нь нэмэх гэсэн хоёр төрөлтэй. Ойрын хараа муудах ихэвчлэн хүний насжилттай холбоотой. Нас ахих тусам нүдний болор бүдэгшиж, өөр өөр зайд хараагаа тааруулахад бэрхшээл учирдаг байна. Энэ нь ихэвчлэн 40-50 насанд илэрнэ. Хөгшчүүд тохойн зай дахь таван үсгийг харахгүй хэрнээ хоёр уулын цаанаас хонь, ямаагаа таниад байдгийн учир энэ аж.

Ямар ч байсан ахмад хүн шил зүүгээд хэсэг хугацааны дараа хараа нь улам муудсан бол үүнд нүдний шил буруугүй. Насны эрхэнд болор нь муудсаны шинж. Харин хүүхэд, залуучууд шил зүүж, хараа нь улам муудаж байгаа нь маргаан дагуулсан асуудал юм. Х.Мөнхгэрэл анх дөрөвдүгээр ангидаа буюу 2000 онд холын хараа муу гэсэн онош тавиулжээ.

Тухайн үед хараа нь хоёр талдаа -1, -0.5 байсан ч тэрбээр шил зүүгээгүй. Гэтэл гурван жилийн дараа дахин шалгуулахад -2 болсон байна. Улмаар -1.75- ын шил зүүх болсноор 13 жил өнгөрөөд буй. Харин одоо Х.Мөнхгэрэл -5, -6-тай харааны шил зүүдэг болсон гэв. Тэрбээр “Анх хараагаа шалгуулахад шил зүүхгүй бол хараа чинь улам муудна гэж надад зөвлөсөн. Хоёр, гурван жилийн өмнө юм уу даа, нүдний шил зүүх тусам хараа улам мууддаг, нүдний дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэсэн гаднын нийтлэл уншиж байлаа. Тэр үнэн юм шиг санагддаг” хэмээсэн юм.

Эрдэмтэд шил зүүхэд урт хугацааны нөлөөлөл байдагтай санал нэгджээ

Хараа нь дөнгөж муудаж эхэлж байгаа хүүхэд, залуус шил зүүх хэрэгтэй, хэрэггүй гэсэн хоёр байр суурийг барьж эрдэмтэд одоо ч мэтгэлцдэг. Харааны шил талх шиг зарагддаггүй учир ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд анхнаас нь шил зүүлгэж, салахын аргагүй болголоо гэж үзэх хүмүүс бий. Нөгөө хэсэг нь харааны шил зүүхгүй бол улам муудна гэх. Гэхдээ Х.Мөнхгэрэл болон өөр олон хүний жишээнээс үзвэл харааны шил зүүж, хараа тогтоох асуудал үр нөлөөгүй болох нь илт.

Тэгвэл эрдэмтэд хараанд нь тохирсон, тохироогүй шил удаан зүүхэд урт хугацааны нөлөөлөл байдагтай санал нэгджээ. Харааны шилний талаар эргэлзээ дагуулсан олон судалгаа байдаг. Гэхдээ харааны шил сонгохоосоо өмнө анхаарах ёстой хэдэн асуудал байгаагийн нэг нь хараагаа улам муудуулахгүй байх юм. Монголчууд “Махнаас нүд, яснаас шүд” гэлцдэг. Амин чухал эрхтнээ анхнаас нь хамгаалах сонголт бидэнд байна. Эс бөгөөс нэгэнт хүлээн зөвшөөрч харааны шилний зохистой хэрэглээнд шилжих цаг нь болжээ.

ХАРАА ТОГТООДОГ ШИЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ

Харааны шилний зохистой хэрэглээ, сөрөг нөлөөний талаар “Сурагчдын харааны эрүүл мэндийн боловсролыг зан үйлийн онолын хүрээнд судалсан нь” сэдвээр Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн Нүд судлалын багш Д.Гүндэгмаатай ярилцлаа.

-Харааны шил зүүх, зүүхгүй гэсэн хоёр байр сууринд эрдэмтэд хуваагдаад байна. Энэ ямар учиртай вэ?
-Энэ маш маргаантай асуудал. Дэлхийн улс орнуудын нүдний эмч, мэргэжилтнүүдийн нэг хэсэг нь дасгал хөдөлгөөн хийгээд хараа сайжруулж болно гэж үздэг. Тэгвэл нүдний шил үйлдвэрлэгч, борлуулагч тал үүнийг эрс эсэргүүцэж байна. Бизнес, ашиг сонирхлын маш том зөрчил энд яригдана.

-Нүдний булчингаа ажиллуулахгүй байвал хараа мууддаг юм уу?
-Онолын хувьд тийм зүйл байхгүй. Ойрын зайд байгаа юмыг харахад нүдний сормослог биеийн булчин агшиж, холын зүйл харахад суларч байдаг юм. Одоо үед хүүхдүүд компьютер, гар утас, таблет зэргийг замбараагүй хэрэглэсний улмаас нүдний ойрын зайн ачаалал ихсэж байна. Ойрын зайд удаан харснаар нүдний сормослог биеийн булчингийн архаг агшилт үүсдэг. Ийм үед болор байнгын гүдийлттэй байснаар хуурамч хэлбэрийн миопи буюу ойрын хараат хугарлын гажиг бий болно. Цаашлаад нүдний бүрхүүл сунахад хүргэж, жинхэнэ миопи үүсч хараа мууддаг.

Эрдэмтэд шил зүүхэд урт хугацааны нөлөөлөл байдагтай санал нэгджээ

-Холын хараа муудах хандлага олон улсаас ажиглагдаж байна уу?
-Хүүхэд, залуучуудын дундах миопийн тархалт олон улсын анхаарал татах сэдэв яах аргагүй мөн. Зүүн Азийн орнуудаар жишээ авъя л даа. Сингапур, Хонконг, Япон, Тайвань зэрэг орны 18 нас хүртэлх хүүхдүүдийн 80 хувь нь миопитой болсон гэсэн судалгаа бий. Оюутнуудын дунд 90 хувь гэсэн тоо ч гараад байна. Манай улсын хувьд 1980 онд С.Манлай нүдний эмч “БНМАУ-ын сургуулийн сурагчдын харааны байдал, эрүүл ахуй эмнэл зүйн асуудал” гэсэн судалгаа хийж, миопийн тархалтыг нарийвчлан гаргасан байдаг.

Үүнээс үзэхэд, аймгийн төвийн хүүхдүүдийн дунд миопи зургаан хувийн тархалттай байсан бол 2016 онд бидний хийсэн судалгаагаар 13.4 хувь болж өсөөд байна. Миопийн тархалт хүүхдийн нас өсөх тусам нэмэгдэж байгаа ба 6- 10 насныханд зургаа орчим, 11-14 насныханд 14, 15-18 насныханд 21 хувь болж өссөн үзүүлэлттэй. Энэ дундаа охидын холын хараа илүү муу байгаа юм.

-Нүдний шил яагаад хараанд сөргөөр нөлөөлж байна вэ?
-Холын харааны шил буюу хасах шилийг ойрын зайд хэрэглэх нь миопиг даамжруулдаг учир шилийг зөв зохистой хэрэглэвэл урьдчилан сэргийлэх чухал арга зам болдог. Хасах шил паралель туяаг торон бүрхүүл дээр буулгахын тулд түүнийг сарниулах ба харагдаж байгаа зүйлийг байгаагаас нь ойртуулж харагдуулдаг.

Иймээс холын харааны хасах шил нүдийг улам ойрын зайд ажиллах нөхцлийг бүрдүүлдэг гэсэн үг юм. Тиймээс ойрын зайд ном унших зэрэгт хасах шилийг ашиглахад хараа улам мууддаг юм. Холын хараа муу хүмүүсийн ойрын хараа сайн байдаг тул тэд ном унших зэрэгтээ холын шилээ зүүх шаардлагагүй байдаг. Үүнийг нүдний эмч мэрэгжилтнүүд зөвлөдөггүй учир хүмүүс төдийлөн мэддэггүй. Дүгнэж хэлэхэд, манайхан харааны шилний зөв хэрэглээг мэдэхгүй байна.

-Шил зүүж хараагаа тогтоох хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Энэ талаар тайлбарлаж өгөөч?
- Хүмүүс “Хараа тогтоодог нүдний шил байдаг гэсэн” гэж сураглаж ирдэг. Гэтэл хараа тогтоодог шил гэж байхгүй шүү дээ. Хараа нэгэнт муудсан бол өөрт хамгийн тохиромжтой шилийг зөв зохистой хэрэглэнэ. Түүнээс биш шил зүүгээд хараа мууддаггүй, тэр чигтээ тогтдог асуудал бол ор үндэсгүй.

Г.Сайнзаяа

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих