Хэнтийн нуруугаар оролдож байхаар хэдэн машин авч цасаа цэвэрлэе
Монголын нийслэл цасанд дээрэлхүүлж, нийт нутаг зуданд нэрвэгдлээ. Уг нь халуун намраар цаг чангарна, цас орно гэж Цаг уурынхан зарлаад л байсан. Тэр үед сонгуульдаад л, наадамлаад л явсан бид өнөөдөр ийм л байдалтай сууж буй.
2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Төр засгийг түргэн хугацаанд эмхэлж, өнөөдөр “боловсон хүчний сэлгээ”-г бүх шатандаа ерөнхийд нь хийгээд дуусгав бололтой. Орон нутгийн сонгуулийн дүнгээр МАН нийслэл, ихэнх аймагт эрх барих хэмжээний санал авсан. Ажлаа ч хурдан шуурхай хүлээж авсан. Ингээд МАН толгойтой засаглал тогтов. Бүтэн таван сар өнгөрчээ. Харин сүүлийн хэд хоногт ганц хоёр хоногийн завсартай орсон цасны ард “…Тэд юу хийв?” гэдэг асуулт босч ирж байна.
Нээрэн, тэд юу хийсэн бэ? Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн өөрчилж, арайхийж олон нийт хэлж заншиж байсан Чингисийн талбай хэмээх нэрийг Сүхбаатарын талбай болгож өөрчиллөө. Автомашины дугаарын хязгаарлалтын хамрагдах бүс болон хязгаарлах цагийг нааш цааш нь болгов.
Хамгийн сүүлд, өмнөх засгийн “хэрэгсэхгүй” болгосон арваннэгдүгээр сарын 26-нд болдог Улс тунхагласны баярыг сэргээн, энэ өдөр бүх нийтээр амардаг болгов. Мөн Засгийн газраас Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа.
За яахав, МАН төрийн эрх барьж байгаа хойно Чингисийн талбайг Сүхбаатарынх болгож, Улс тунхагласны баярыг сэргээснийг ойлгоод үлдье. Харин Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчилнө гэдэг энэ их ажлын хажуугаар хийх, тэгээд чухал хэрэгтэй ажил мөн үү?
Олон нийт үүнийг тэнэглэл гэж байгаа бол учир мэдэх хүмүүс, эрдэмтэд ихээхэн бухимдаж байна. Түүхэн газрын нэрийг дуртай хүн нь өөрчлөөд байдаг юм биш. Бурхан Халдун уул бол Хэнтийн нурууны томоохон оргилын нэгийнх нь нэр. Түүхийн олон улбаа үлдсэн хайрхан. Харин Хэнтийн нурууны ноён оргил нь Асралт хайрхан юм. Юу болоод байна аа хэмээн түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар хэлж байна. Мөн Улаанбаатар Их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Эрдэнэбаатар “…Шинжлэх ухааны академи гэж Засгийн газрын өөрсдийнх нь санхүүжүүлдэг томоохон байгууллага байна. Энэ хэдээсээ асуусан юм уу. Энэ бол зохисгүй үйлдэл. Дараа нь Хангайн нуруу, Алтайн нурууны нэрийг өөрчлөх үү. Дэлхийн газарзүйн түүхэнд Хэнтийн нуруу, Хангайн нуруу, Алтайн нуруу гээд ноён том уулуудын нэр болон бичигдсэн байдаг. Дэлхий нийтэд “Уучлаарай, Хэнтийн нурууг Бурхан халдун гэдэг болсон” гэж хэлэх юм уу. Би сошиал сүлжээгээр түүхэн газар усны нэрээр битгий оролдооч гэж УИХ-ын дарга М.Энхболдод хэлсэн.
Хэнтий аймгийн нэрийг бас өөрчлөх үү, Бурхан халдун аймаг гэх үү. Хэрэв энэ нэрийг УИХ хэлэлцээд өөрчилвөл бид хуулиа хүссэн ч хүсээгүй дагана. Ингэсэн тохиолдолд түүх соёлын маш олон нэр томъёо өөрчлөгдөнө. Арай гэж нэг сурах бичиг хийсэн. Тэрийг солих хэрэгтэй болно. Хичнээн их үргүй зардал нэмж гарах бол оо” гэсэн байна.
Хэнтийн нурууг бүхэлд нь Бурхан Халдун гэж хэн санаачилж, ийн шившгээ хутгаж, төрийн цаг, цаасыг үрж байгаа юм бүү мэд. Ямар ч байсан Засгийн газар дэмжээд явуулахыг бодоход тархийг нь сайтар “угаасан” бололтой юм. Одоо тэгээд энэ нэрийг өөрчиллөө гээд их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт өөрчлөлт хийж “…Хэнтий Хангай Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд” гэдгийг
“…Бурхан Халдун Хангай Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд” гэж унших уу. Богд уулыг 1940-өөд оны үед Чойбалсан уул хэмээн нэрийдэж байсан түүх байдаг юм билээ. Коммунизмын оргил гэдэг уултай болох санал санаачлага ч коммунизм, социализмын үед гарч байсан байдаг.
Энэ жишгээр бол Увсынхан Давст уулаа Цэдэнбал, эсвэл Нямдорж гэх нь байна. Ерөөс үүгээр бол аль нам засаглана, ард түмэн түүнд тохируулж амьдрах, ярихаа зохицуулах ёстой болоод байна. Уг нь төрийн үйлчилгээг МАН ч, АН ч түмэндээ зориулж, зохицуулж үзүүлэх ёстой юм.
Ирэх онд хоёр аймагт ЗДТГ-ын шинэ байр барина гэж төсөвт суулгачихсан. Дорнод аймаг нийтдээ 6.541.0 тэрбум төгрөгийн төсвөөр ЗДТГ-ын байр буюу Нутгийн удирдлагын ордон бариад эхэлжээ. Ирэх онд 884 сая төгрөгийн хөрөнгө оруулалт төсвөөс хийлгээд барилгаа үргэлжлүүлэх юм байна. Булган аймаг ч дутахгүй. Нийтдээ 4.137.5 тэрбум төгрөгийн төсөвтэйгээс ирэх онд 153.9 сая төгрөгийг гаргуулахаар төсөвт суулгасан байна. Дорнод, Булганы дарга нар шинэ конторт суухгүй бол ажил нь явахгүй, аймаг нь дампуурах гээд байна уу. Энэ хоёр аймгийн дарга нарын конторын мөнгийг хэмнэвэл 1.0 тэрбум гаруй төгрөг болно.
Мөн ирэх 2017 онд 15 мянган хүний Нэгдсэн хорих анги, түүний инженерийн байгууламжийг үргэлжлүүлэн барихад 12.157.1 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Энэ шоронд нийтдээ 37.074.1 тэрбум төгрөг зарцуулж буй ажээ. Үүнээс гадна Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилга гэж яамдын дунд шидэгдсэн, хэдэн жилийн хэрүүл болж байгаа эд бий. Энэ барилгыг инженерийн байгууламжийнх нь хамт барьж дуусгахад 5.101.0 тэрбум төгрөг зарцуулна. Ер нь энэ барилгад нийтдээ 17.701.0 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм байна. Ирэх оных нь 12.157.1 тэрбумыг хэмнэж бас болно.
Дээрээс нь Төрийн ордны тохижилт, их засварын ажилд 2.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнийг бас л тэвчиж болно. Ингээд бодохоор төсвөөс шууд хасаад цасны машин авч болох 15 шахам тэрбум төгрөг байж л байна. Энэ мөнгөөр цас цэвэрлэдэг олон машин худалдан авч болохоор байгаа юм. Ганц жишээ татъя л даа. Өмнөд хөршийн “Синотрук” үйлдвэрийн зуны цагт ногоон байгууламж услах, өвөлдөө цас цэвэрлэх зориулалттай “HOWO 4×2” маркийн машин байна. Гурван метрийн өргөнтэй цас цэвэрлэх шанагатай энэ машины үнэ 44 мянган ам доллар, манайхаар 90 гаруй сая төгрөг гэсэн үг. Дээрх зардлыг хэмнэвэл цасны 150 гаруй машин авна гэсэн үг. Иймэрхүү маягаар мөнгө гаргаад авна гэвэл цаг хугацаа ороод байх ажил биш. Авъя гэвэл хэдхэн хоногт хичнээн л бол хичнээн машин урдаас ороод ирнэ. Бас нэг зүйлийг хэлэхэд өнөөдөр зам цэвэрлэж буй ТҮК-ийнхан лоом барьчихаад л нүдэж байх аж. Гэтэл зохион бүтээгч н.Оргилболд гэдэг залуу цас түрж, хусдаг төхөөрөмж бүтээчихсэн байна. ТҮК-ийн ажилчны бүтэн цаг нүдэж цасгүй болгосон газрыг тавхан минутад хусаад янзалчих жишээтэй. Бас “Воте” фирмийн цас цэвэрлэгч машин 12 300 юань гээд өмнөд хөршийн зах зээл дээр овоолоостой байна. Ийм машин минутад багадаа 800 кг цасыг замаас зайлуулдаг гэж байгаа. Энэ мэтчилэн хэдхэн километрийн зайд эзнээ хүлээн хэвтэж буй цас цэвэрлэгч төхөөрөмжүүдийг оруулж ирээд ашиглавал мөн ч их эрсдлээс нийслэлчүүдээ аварна. Өнөөдөр гэмтлийн эмнэлэг, авто засварын газар “үйлчлүүлэгчдийнхээ” ачааллыг даахгүй болжээ. Мөн даатгалын компаниуд чөлөө завгүй мөргөлдсөн автомашинуудын гэмтлийн зэргийг тогтоож байна гэнэ.
Ийм цаг үед Хотын дарга нийслэлийн төсвөө ухаж нэг үзээд болохгүй бол Засгийн газарт хандаж, Дорнод, Булганы дарга нарын конторын барилгыг түр хойшлуулахад л өчнөөн төчнөөн цасны машин авч болохоор байгаа юм. Гэтэл өөрөө зам дээр гарч цас цэвэрлэж байгаагаа телевизээр мөн ч олон удаа үзүүлэв. Хотын дарга ингэж хэдэн км замын, хичнээн кг цасыг цэвэрлэх вэ дээ. Үнэндээ түүнд ингэж зогсохын оронд хийх ажил зөндөө л бий. Эцэст нь, цасыг хүртэл улстөржүүлээд хэд хонолоо. Дүнд нь хөдөөд зуд, хотод халтиргаа нэмэгдэв. “Э.Бат-Үүлийг хотын дарга байхад жилд 13 удаа цас ордог байсан бол Су.Батболдыг дарга болохоор сард 13 удаа цас орлоо”, “Ногоон уутны мөнгөөр цасны хэдэн машин авах байсан бэ” гэх зэргээр улс төрийн шоу маягийн юмыг одоогийн эрх баригчдын зүгээс хэнэг ч үгүй хийж байна. Юманд тохирох цаг хугацаа гэж бий. Хотоо харлуулан,нулимс дуслуулж малаа нядалж байгаа малчин, явганаас унаад гэмтэж бэртсэн хотын иргэд үүнийг үзээд Э.Бат-Үүлийг АН-тай нь хараах ёстой юу.
Улс төр, элдэв PR-аа хийх цагт нь л хийх хэрэгтэй. Харин одоо цасаа цэвэрлэж, зуданд нэрвэгдэж буй улсаа авар, эрх баригчид аа.
Сэрэмжлүүлэг
2016 оны арван нэгдүгээр сарын 21-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар: 24-нд зарим газраар цас орно. Салхи 24-25-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч хэвээр байх ч цаашдаа суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 22-нд нутгийн хойд хэсгээр,25-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс 5-10м/с. Хугацааны эхээр хүйтний эрч өөрчлөгдөхгүй. Цаашдаа хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус өдөртөө 14-19 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 22,25-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 21-22-нд Хэрлэн, Онон, Улзын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: Цас орохгүй. Салхи 25-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 21-22-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө 13-18 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.
Орон нутагт зорчихгүй байхыг анхааруулъя
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч их хэмжээний цас орж, зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын гишүүн, Зам тээврийн сайдын арваннэгдүгээр сарын 18-ны 142 тоот тушаалаар зарим чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад арга хэмжээ аваад байсан билээ.
Тухайлбал, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төвөөс гарах ачаа, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 18-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 08:00 цаг хүртэл, цас их орж зам даваа хаагдсан Завхан аймгийн Улиастай сумаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 19-ний өдрийн 10:00 хүртэл зогсоож, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн авто зам, замын байгууламжийг хаах арга хэмжээ авсан юм.
Энэ хугацаанд хаагдсан зам, давааны бэлэн байдлыг хангах шуурхай арга хэмжээ авч ажиллахыг орон нутгийн АЗЗА компаниудад үүрэг болгосон.
Одоогийн байдлаар авто замын хөдөлгөөнийг хязгаарласан газар байхгүй ч Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий, Ховд аймгуудад цас ихээр орж, шуурсаны улмаас зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа тул тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох;
Ард иргэд, жолооч, тээвэрчид цаг агаар, зам давааны нөхцөл байдлыг харгалзан хол, ойрын замд зорчихгүй байх,
Хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: