“Мүүдийз”-ийг худлаа дүгнэлт гаргалаа гэж шоуддаг Монголбанк дэлхийн онигоо болох вий!
Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” болгож бууруулсан билээ. За харин есдүгээр сарын 26-нд тус үнэлгээний байгууллагаас мэдээлэхдээ Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулах тухай мэдээлэлдээ бага зэрэг өөрчлөлт оруулж, урт хугацаат гадаад валютын хадгаламжийн таазын үнэлгээг нэг түвшингээр бууруулсан тухай мэдээлллийг өгч байсан юм. Тэгвэл зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийз байгууллага энэ 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсын зээлжих зэрэглэлийг нэг шатлал бууруулсан шийдвэрийг гаргаад байна.
За харин Мүүдийзийн эл шийдвэрийг манай улсын Засгийн газар хийгээд Төв банк хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд өгүүлэхдээ тус шийдвэрийг бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна гэсэн байна. Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газар, Монголбанк эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Улсын Их Хурал (УИХ)-аас Монгол Улсын 2017 оны төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батлаад байна. Батлагдсан төсвийн дагуу ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2 дахин буурахаар байна.
УИХ-аар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Тус хөтөлбөр нь богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах, дунд хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгоход чиглэсэн. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан.
Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ өсч, гадаад худалдаанд эерэг хандлага гарч эхэлсэн нь дээрх бодлогын арга хэмжээний үр дүнг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх юм.
Үүний зэрэгцээ Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа бөгөөд ОУВС-гийн ажлын хэсэг урьдчилсан байдлаар энэ оны 12 дугаар сард Монгол улсад ирж ажиллахаар байна. Засгийн газар бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах талаар үр дүнтэй хамтран ажиллаж байна.
Эдгээр шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, цаашдын төлөв эерэг болохоор байна.” хэмээн өгүүлжээ.
Тэгэхээр энэхүү мэдэгдлээс харахад манай эрх баригчид дандаа сайн сайхныг зөгнөсөн үгс бичсэнээс бус яг өнөөгийн нөхцөлд байдлынхаа үнэн зураглалыг огт дурдаагүй байгаа юм. Гадныхан, шинжээчид бол байгаа мэдээлэл, байгаа статистик дээр тулгуурлаж дүгнэлтээ гаргаж байгааг санах хэрэгтэй юм.
Мүүдийз наймдугаар сард Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулах үндсэн шалтгаан нь төсвийн үзүүлэлтүүд тодорхой хэмжээгээр тааруу байсантай, мөн эдийн засгийн өсөлт удааширсан, гадаад валютын нөөц буурсан зэрэгтэй холбоотой байсан Төсвийн нөхцөл байдлын тааруу үзүүлэлтүүд ирэх саруудад ч хадгалагдана гэх прогноз байгааг тус үнэлгээний агентлаас мэдээлж байгаа юм. За мөн тус агентлагийн мэдээлэлд дурдсанаас өгүүлэхэд нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын “B2” зээлжих зэрэглэлийг баталгаажуулснаас хойш төсвийн болон эдийн засгийн суурь үзүүлэлтүүд бодитой муудаж эхэлсэн гэсэн байна. Төсвийн орлого хүлээлтийг давж, оны эхний хагасын байдлаар төсвийн зарлага огцом өссөн. Ирэх онд төсвийн орлого бага зэрэг сайжрах ч, нийт алдагдал биет хэмжээгээр тун бага буурах нөхцөлийг бүрдүүлнэ гэжээ.
Төсвийн өндөр алдагдал цаашид Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэх шалтгаан болно гэж анхааруулж ирсэн. Төгрөгийн ханш сулрахын хэрээр ам.доллараар тооцох өрийн дарамт нэмэгдэж, дотоодын бодлогын хүү өндөр хэвээр байгаа нь өрийг дахин санхүүжүүлэх зардлыг өсгөх хандлагатай байна гэсэн прогнозыг хийж байгаа юм.
Эргэн сануулахад, “Wall street journal” сэтгүүлд манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх материал нийтлэгдсэн байсан. Тэнд өгүүлснээр бол “Монгол Улс дэлхийн зах зээл дээр нэлээд үр ашигтай өрийн зээлийн бичиг үйлдэх цөөхөн улсуудын нэг байсан юм. 2011 онд тус улс зэс, алт, төмрийн хүдрийн зах зээл дэх үнэ өссөний улмаас эдийн засгийн өсөлтөөрөө 17 хувиар дэлхийд тэргүүлж байсан билээ. Тийм ч учир гадаадын хөрөнгө оруулагчид тус улсын Засгийн газар, банк, уул уурхайн компаниудыг мөнгөөр дэмжсэн билээ. “Ройтерс Томсон”-ий сүүлийн мэдээллээр бол тэдний дунд, “BlackRock Inc.”, “Franklin Templeton”, “Goldman Sachs Group Inc.”, “UBS Global Asset Management” зэрэг компани байгаа аж. 2015 он хүртэл сүүлийн таван жилд Монголын өр 264 хувь буюу дэлхийд хамгийн ихээр нэмэгдсэн гэж “Moody’s Investors Service” тооцоолсон байсан. Ер нь, дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2011 оноос хойш унасан юм. Иймээс АНУ-ны хөрөнгө оруулагчид хөгжиж буй улс орнуудын бондыг худалдан авах сонирхол буурсан гэхчлэн өгүүлсэн байсан юм.
Ямартай ч “Moody’s” агентлаг ирэх 2017 он гэхэд Монгол Улсын Засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 71 хувьд хүрч, 2015 онтой харьцуулахад найман нэгж хувиар өснө гэсэн тооцооллыг бидний өмнөөс гаргаад шидэж байна. Тэдний энэхүү тооцоолол нь өмнөх таамгаас давсан үзүүлэлт байсан юм. За тэгээд тэд манай зээлжих зэрэглэлийг буурууллаа. Манай эрх баригчид хэчнээн эсэргүүцэж мэдэгдэл гаргаад ямар хэрэг байх билээ. Онигоо шахуу юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: