Гамингийн сүнснээс До яамны амилсан чөтгөр бэрх юм гэж Данзан лам хэлж байжээ
Жанжин Чойрыг “Чөтгөрийн сүм” гэх нь холгүй хэлэлцдэг үе байж. Аянчин жинчин, мөргөлчин сүсэгтэн олон л хүн тэрүүгээр дайрч өнгөрдөг байсан нь гарцаагүй. 1920 оны өвөл Барон Унгерний цэргүүдэд цохигдож нутаг руугаа амь зулбасан гамингуудыг Дугар бэйс тэргүүтэй монгол цэргүүд хөөж очиж жанжин Чойрт толгой дараалан хядсан гэдэг. Тиймээс Чойрт гамингийн сүнснүүд олон жилээр хий тэнэж явсан гэх нь ч бий. Чойрт барьж өргөж яваа хүн нь үл харагдах банз, уут шуудайтай юмс үдэш болмогц ёстой л нэг сэлгүүцэж гардаг байж. Чойрын хийдийн лам нар ч энэ үеэр овоо бэлжиж авсан гэдэг юм. Тэгээд лам болох хүсэлтэй хүмүүсийн тоо ч нэмэгдэж. 1937 онд Чойрын хийдэд 400 гаруй лам хувраг шавилан сууж байжээ.
Гэтэл тэр жилийн намар тэдгээр лам нарын талаас илүүг нь ард олныг мунхруулж баяжсан эсэргүү феодалууд хэмээн баривчилж цаазалжээ. Гамингийн сүнс, харь чөтгөрүүдтэй үзэлцэж байсан лам нар монгол бөгөөд биелсэн амьд чөтгөрүүд болох ногоон малгайтнуудтай үзэлцэх хэрэгтэй болов. Харсаар байж хүйс тэмтрүүлэлтэй биш. Ингэж саарал малгайтай гамингуудыг хүйс тэмтэрсэн газар улаан орхимжтонуудыг устгах гэсэн Коминтерний бодлого шашны ном, ид шидийн хүчтэй халз мөргөлдөх болжээ. Чойрын хийдийн олон зуун бурхны элч нарыг их хэлмэгдүүлэлтийн бараан сүүдэр ийнхүү дайрч эхэлсэн гэдэг. Лам нар өдөржин халуун наранд туугдаж явснаас настай, хөгшин нь замын аяыг даалгүй унаж байжээ. Заримыг нь До яамны төлөөлөгчид сэмхэн бууныхаа бөгсөөр ольж унагадаг байв. Тэдний дунд Халх Сэцэн хан аймгийн Боржигон Цэцэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Сүмбэр сумын уугуул Данзан хэмээх гал тарнитай гэж нутаг усандаа алдаршсан лам явж байж. Түүнийг эм тан барьдаг, судас барихдаа гаргуун, сайн маарамба болно гэж өвгөн лам нар нь нэг биш удаа магтаж байсан тийм үе байна.
Данзан олны сүсэг бишрэлийг хүлээсэн багш лам нар нь нүдэн дээр нь ёс бусаар алуулж байгаад зэвүүцэхдээ “Хүний арьс нөмөрсөн яргачдыг өнөө шөнө би бүгдийг нь чөтгөр рүү илгээнэ. Амьд мэнд үлдэгсэд нь дахиж Чойрын хийд рүү очихыг нь харна. Энэ шөнөөс эхлэн энэ чарлабаанууд дураараа дургихаа өнгөрнө дөө” гэж нөхөддөө ярьж байхад нь нүд, хөмсөгийнх нь хооронд аянгын жижигхэн гялбаа шиг гал цахилгаан гүйж, магнайд догшин бараан үүлс хуралдах лугаа дүр төрх илт харагдаж байжээ. Тэр ихэд хорсож зэвүүцэх, амьд амьтныг золигт гаргах үед ийм аймшигт дүр төрхтэй болдог байжээ. Үдэш болохын алдад маузер зүүсэн хоёр төлөөлөгч Төхөлийн цагаан давааны бэл дэх “эсэргүүний” хуаран дээр иржээ.
Тэр хуаран гэдэг нь хайш яйш барьсан хэдэн хар гэр байсан бөгөөд баригдаж ирсэн лам нарыг дээр дээрээс нь чихэж, унь хана хугарч яйран, ёолох гаслах дуугаар “амьсгалдаг” аймшиг төрмөөр оромжнууд байжээ.
Данзан лам өөрийн хийдийн лам нартай нэг гэрт хоригдсон байна. Тэгтэл шөнө дундын алдтай, шархандаа халуурч ёолсон лам нарын шаналгаан дундуур “Оточ, маарамба байна уу? Хувалзнууд аа, цаана чинь төлөөлөгч халуундаа шатаж үхэх гэж байна” гэсэн харуулын хахирган дуу гарч, гэр гэрийн хаалга онголзуулж эхэлжээ. Тэгмэгц “Ашгүй төлөөлөгчийн өргөөнд морилох хувьтай байж. Жаа би оточ байна аа” гээд шөнийн харанхуйд харуулд туугдан явжээ. Данзан гэрт ороход арав гаруй лам багшийн нь толгойг маузерээрээ хага цохиж, бууныхаа амыг долоолгож байсан хоёр төлөөлөгчийн нүд нь гөлийгөөд завьжнаас нь цагаан хөөс саган татвалзан хэвтэж байсан байна.
Энэ бүхнийг харсан Данзан дагаж орж ирсэн хоёр харуулд “Та нар гарцгаа. Эднийг дайрлага дайрсан байна. Би амар тайванд нь илгээнэ. Сүнс нь Сугавадийн орны хаалгаар харин багтах болов уу” гэж нэг л ёжтой хэлжээ. Хоёр харуул ч буугаа хоёр өвдөгний завсар хавчуулаад “За, ламтаан” гээд залбирчээ. Тэгтэл Данзан лам төлөөлөгчдийг удирдаж явсан даргыг дуудуулж ирүүлээд зузаан төмөр галд улайсгуулж, галаа гаргаж ирмэгц хэлээрээ шархийтэл долоосноо хүрэн улаан болсон хэлээ гозолзуулан хэсэг цамнаад дарга руу болон амь наана, там цаана хэвтээ төлөөлөгч рүү шүлсээ бөөн бөөнөөр нь цацаж тарнидаж байтал нөгөөдүүлийн амь ч тасарчээ.
Ламтан тэр шөнөдөө гэрийн өрхийг бүтээлгэж “Амьд амьтныг тэр тусмаа их буян хураасан хүмүүсийг тамлан хороосон хүмүүс хойт төрөлдөө харин ч амар тайван явцгаалаа. Хэн ч орж болохгүй. Зуурдад гацаачихав” гэснээ “Энд байгаа хүмүүс үтэр түргэн харсан зүгтээ зугтацгаа. Амьд гарвал зол чинь” гээд өрхийг нь бүтээлгэсэн гэрийн үүдэнд очиж баахан дүвчигнэж байгаад харанхуйд уусан алга болжээ.
Ламын үгийг сонсоод лам, харгүй сандран ийш тийш зугтаасан авч ганц хоёр харуулын цэрэг тэр хавиар эргэлдэж байгаад маргааш өглөө нь яах талаараа баахан ярилцсаны эцэст гэрийн өрхийг татаж орцгоожээ. Өрхийг татах үед гурван хар хэрээ гуаглан бархирсаар тоононы нүхээр нисэн гарч Чойрын хийдийн зүг оджээ. Харин хаалга онгойлгон харахад арьс махыг нь өм цөм тасдаад хаячихсан гурван араг яс хэвтэж байжээ. Айж сандарсан цэргүүд гэрийн хаалгыг дарж уяад дахин онгойлгоогүй гэдэг. Төхөмийн цагаан давааны хар гэрт болсон явдлаас хойш Матадын дивизэд нэгэн залуухан эр “Сестра” хийж эхэлжээ. Түүнийг Буяндэлгэр гэх бөгөөд өөрийнхөө дүрийг хувирган зовсон зүдэрсэн олонд тус болох зорилгоо үргэлжлүүлэх гэсэн Данзан лам тэр мөн аж.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: