Сарын 88 хувийн хүү олгосон “МММ инвест”-ийн луйвар давтагдах уу

olloo_mn_1455583293_rubl_tugrugОросууд “МММ инвест” гэдэг нэрийг сонсоод одоо хүртэл дотор нь хүйт даадаг гэлцдэг. Хөтлөгч Леонид Якубовичтой тун адилхан хоолойгоор “Акционерное общество “МММ инвест” хэмээн хэлдэг сурталчилгааг монголчууд ч санах нэг нь санана. Иргэдээс мөнгө татаж, сарын 88 хувийн хүү олгож байсан энэ байгууллагын эзэн С.Мавроди гэгч нь баривчлагдахаасаа өмнө 15 сая иргэнээс мөнгө татаж амжсан байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, төдий тооны иргэдийг хохироожээ. Эхэндээ тэд хадгаламж эзэмшигчдэд хүүгээ яс тооцож өгдөг байсан ч энэ нь башир арга байсан юм. Тодруулбал, эхэлж мөнгөө оруулсан иргэдэд сүүлд орж ирсэн мөнгийг тарааж өгдөг байв.

. “Пирамид”нурсны дараа мөнгөө луйвардуулсан иргэд “МММ инвест”-ийн хашааны гадна амьдаараа шатахыг оролдож байсан гэхээр энэ хэрэг иргэдийн сэтгэлд хичнээн хараар дурсагдах нь тодорхой.

Гэхдээ “МММ инвест” оросуудыг хохироосон шигээ хашир суулгасан юм. Харин энэ сургамжийн “хугацаа дуусч”иргэд буцаад гэнэн загнаж эхэлсэн бололтой.

Хойд хөршийн Бүх оросын ардын фронт гэх байгууллагын идэвхитнүүд улс даяар явагдаж байгаа зар сурталчилгаанаас барьцаагүй зээл, санхүүгийн өндөр ашиг амалсан утгатайг нь шүүж, холбогдож үзжээ. Судалгааны дүнд, ямар ч бичиг баримт, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл өгөх байгууллагын тоо эрс нэмэгдсэн болох нь тодорсон байна. Мөн тодорхойгүй төсөлд хөрөнгө оруулахыг ятгаж өндөр ашиг амлах, тодорхой хэмжээний татвар төлж гишүүнчлэл аваад бусдыг элсүүлэх замаар өмнө нь төлсөн мөнгөө буцааж олж авах нөхцөлтэй клубын тоо ч үлэмж олширсон аж.

Холбооны улсын 39 мужид мониторинг хийхэд 254 компани хууль бус санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогджээ. БОАФ санхүүгийн хууль бус үйлчилгээ Комийн БНУ, Марий Эл, Челябинск, Тюмений хязгаарт хамгийн олон байдаг болохыг мөн дээрх судалгаагаараа нотолсон байна.

 “Коммерсантъ” сонин тэтгэврийн насныханд зориулсан санхүүгийн луйвар интернэт орчинд явагдаж өргөн дэлгэр явагдаж байгааг олж тогтоожээ. Санхүүгийн пирамид маягийн энэ бүтэц нь хохирлын хэмжээгээрээ биш ч цар хүрээгээрээ “МММ инвест”-тэй дүйцэхүйц болохыг ч баталж байна. Хэрвээ байдал буруугаар эргэвэл “сүйрэл” тун ойрхон гэж тэд санаа зовж байгаа юм.

Иргэдийг хохироогч нь хувийн тэтвэрийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд гэнэ. Ийм байгууллагууд нь үйлчлүүлэгчдээ гурван шинэ үйлчлүүлэгч олж өгсөн тохиолдолд их хэмжээний орлого амалдаг байна. Шинээр орсон гурав нь дахин гурвыг гэх мэтээр цаашаа салбарладаг ажээ.

Тэтгэврийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болж, төрийн бус тэтгэврийн сангууд үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2012 оноос эхлэн иргэдэд орлогынхоо тодорхой хэсгийг байршуулахыг ятгасан тэтгэврийн сангууд ОХУ-д олноор гарч ирсэн. Шинэ хууль гарснаар ажил олгогчоос зургаан хувийг төлдөг байснаа больж, 2014 хоёр хувийг л ажил олгогчоос төлдөг болгосон юм. Сүүлд энэ зарчимд өөрчлөлт оруулж, иргэд хоёр эсвэл зургаан хувь төлөхөө өөрсдөө мэддэг болж, харин шимтгэлээ өөр тэтгэврийн санд байршуулахыг зөвшөөрчээ.

Тиймээс шинэ тутам гарсан хуулийн үр дагавар болсон хувийн тэтгэврийн сангууд  ийнхүү үйлчлүүлэгч татах болсон байж магадгүй юм. “Коммерсантъ” сонины редакци иймэрхүү байгууллагуудыг улсаас сайтар хянахгүй бол баахан мөнгө татчихаад “ажлаа” төрд даатгаад алга болох вий хэмээн санаа зовж байгаа ажээ.

Түүх сөхвөл, улс орны эдийн засаг хямарсан үед санхүүгийн хууль бус үйлчилгээ үзүүлж бусдыг залилан мэхлэх явдал эрс нэмэгддэг байна.

С.Алдар

zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих