Дэлхийг залгиж буй ХҮЛЭМЖИЙН ХИЙ

GHG_sourcesХүлэмжийн хий. Сүүлийн жилүүдэд энэ үг хаа сайгүй сонсогдох болжээ. Ялангуяа эрдэмтэд бидний амьдран суугаа эх дэлхийн “бие муудаж” байгааг үүнтэй холбон тайлбарладаг. Тэгвэл хүлэмжийн хий гэж яг юу юм бэ. Энэ талаар “Наша земля”-д сонирхолтой нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.

Агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүй оршдог, нарнаас ирэх дулааны энергийг нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад буцааж ойлгон шингээдэг, улмаар дэлхийн температурыг нэмэгдүүлж буй тодорхой химийн бодис, нэгдлүүд хүлэмжийн хийг үүсгэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хий нь олон хортой бодисын нэгдэл. Эдгээр бодисыг танилцуулъя.

Метаны хий. Метан хүлэмжийн хийн ялгарлын бараг 51 хувийг дангаараа бүрдүүлдэг. Хамгийн сонирхолтой нь, бидний амтархан идэх дуртай махны “эзэд” болох мал энэ хийг үйлдвэрлэгч юм. Дэлхий долоон тэрбум хүнтэй. Тэгвэл бараг 10 тэрбум гаруй тэжээвэр амьтад бидэнтэй зэрэгцэн амьдарч байна. Энэ олон малын ялгаруулж байгаа метаны хий дэлхийн агаарын бохирдлын багагүй хувийг эзлэж байна. Бүр тодруулбал, нүүрстөрөгчийн хэмжээтэй харьцуулахад 300 дахин их сөрөг нөлөөтэй уг хүлэмжийн хий мал аж ахуйн үйлдвэрлэлээс гарч байна. Зөвхөн махны зориулалтаар нэг тэрбум үхрийг тэжээж байгаа бөгөөд тэдний ялгаруулж байгаа метаны хий дэлхийн хүлэмжийн хийд “тус” болсоор. Энд манай улсын мал сүрэг ч сөрөг нөлөөгөө үзүүлсээр байгаа, харамсалтай нь. Сүүлийн 10 жилийн туршид агаар мандал дахь метаны хийн ялгарал 50 дахин өссөн байна. Хамгийн аюултай нь, энэ хий нь агаар мандалд задарч шингэхгүй олон мянган жил үлддэг юм байна. Малын өтөг бууц ч хүлэмжийн хий үүсгэдэг ажээ.

Энэ хийг зөв зүйтэй ашиглаж, олборлож чадвал үр ашиггүй агаарт сарниж хүлэмжийн хий болж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх байдал багасах боломжтой юм байна. Одоогоор дэлхий нийтэд метаны хийг бараг ашиглахгүй байгаа гэнэ

Нүүрстөрөгчийн хий. Хүмүүсийн энэ хийн тухай өдөр тутмын амьдралдаа байнга сонсдог. Өөрөөр хэлбэл, бидний амьдрал энэ хийтэй салшгүй холбоотой. Олон зуун мянган машинаас ялгарч байгаа утаа, өнөө “алдартай” нүүрс гээд энэ хий эх дэлхийд үний амьдралд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа Улаанбаатарт нүүрстөрчийн дутуу исэл агаарт байх зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдэн арав дахин их хэмжээнд буюу онц аюултай хэмжээнд хүрээд байгаа билээ.Түүхий нүүрс нь агаарын бохирдлын ихэнх хувийг бүрдүүлдэг. Мөн түүхий нүүрсний дэгдэмхий нь 30-40 хувьтай байдаг. Энэ нь агаарт хаягдаж буй утааг бүрдүүлдэг. Нүүрсийг коксжуулах энэ явцад метан ихээр ялгарч, үүнийг ашиглахгүй хаях нь хүлэмжийн хийд нөлөөлдөг.

Авгомашинаас ялгарч байгаа хортой хий озоны давхарт хүрч нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд ялангуяа аж үйлдвэржилт эрчимтэй явагдсанаас болж нүүрсхүчлийн хийн хэмжээ маш ихээр нэмэгдсэн. Энэ хий газар доорх ашигт малтмалыг шатаахад бас ихээр үүсдэг. Агаар мандалд гадаргаас ойсон нарны гэрлийг тогтоож дэлхийг дулаан байлгадаг хийнүүд байдаг. Эдгээр хийнд, нүүрсхүчлийн хий (С02), агаар мандлын озон (03), метан буюу намгийн хий (СН4), азотын дутуу исэл (N20), усны уур (Н20) зэрэг ордог. Хэрэв эдгээр хий байхгүй байсан бол дэлхийн цаг агаар олон хэмээр дулаарах аюултай ажээ. Нүүрсхүчлийн хий ихээр нэмэгдэж цаг агаар дулаараад байгаа эхний шалтгаан нь үйлдвэрлэл явуулахад гарах хаягдал буюу ихэвчлэн органик гаралтай түлш шатааснаас үүсдэг хэмээн мэргэжилтнүүд ярьдаг юм. НҮБ-ын судлаачдын тооцоогоор сүүлийн арваад жилд агаар мандалд дэгдсэн нүүрсхүчлийн хийн 40 хувийг эрчим хүчний хэмээх олон төрлийн түлш шатааснаас, 22 хувийг аж үйлдвэрээс, 16 хувийг ойн аж ахуйгаас буюу ой модыг сүйтгэснээс болж гарчээ. Түүнчлэн 10 хувийг хөдөө аж ахуйн буюу бордооноос болж нүүрсхүчлийн хий ихэсчээ.

Нүүрсхүчлийн хийг бууруулахын тулд дэлхийн олон орны Засгийн газар тодорхой төсөл хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа ч үр дүнд хүрэхгүй л байна. 1997 онд баталсан Киотогийн протоколын дагуу улс орнууд агаар мандалд гаргаж буй нүүрсхүчлийн хийг таваас доошгүй хувиар бууруулах зорилго тавьж ажилласан. Харамсалтай нь, дэлхийн нийт нүүрсхүчлийн хийн ихэнх хувийг ялгаруулдаг АНУ болон зарим томоохон орнууд энэ гэрээнд нэгдээгүй. Үүнтэй холбоотой Маркешшийн гэрээ нь 2001 онд батлагдсан бөгөөд энэ гэрээгээр 2008-2012 онууцад дэлхийн нийт нүүрсхүчлийн хийн түвшинг 1990 оны түвшингээс таваас дээш хувиар бууруулах зорилт тавьсан билээ. Гэвч гарт баригдахаар үр дүн гарсангүй. Хэрвээ байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 2025 он гэхэд нуүрсхүчлийн хийн 11-15 миллиард тонн болох тооцоог судлаачид гаргажээ. Олон арга хэрэглэж байгаа боловч нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулах нь тийм ч амар биш байна. Үнэндээ өөрсдийн ашгаа бодон байгалийг сүйтгэж байгаа хүмүүсийг бүхэлд нь хянах арга байхгүй аж.

Хар нүүрстөрөгч. Бас л дэлхийд аюул учруулж байгаа хийн нэг. Нүүрстөрөгчийн хийн хэмжээнээс 4470 дахин их сөрөг нөлөөтэй гэж байгаа. Дулаан орны ширэнгэн ой модыг малын тэжээл болон тариалангийн талбай бий болгох зорилгоор их хэмжээгээр шатаах үед энэ хорт хий үүсдэг байна. Хатсан шарилжийг сэгсрэхэд асар их тоосонцор гардаг шүү дээ. Хар нүүрстөрөгч нь яг үүнтэй адил агаарт дэгдэж байна. Энэ хорт хий Арктик болон хойд мөсөн далайд агаарын температур нэмэгдэж улмаар мөс их хэмжээгээр хайлж байгаагийн гол буруутан. Дэлхий ой мод агаар мандал дахь хорт хийн бохирдлыг шүүж байдаг. Гэтэл ой модыг шатаачихаар хар нүүрстөрөгч дэлхийг “зовоохоос” өөр яахав. Ой мод ногоон ургамал их байх тусам агаар цэвэр, дэлхий эрүүл байх учиртай. 2012 он гэхэд Хойд мөсөн далайн мөс, Хималайн болон Андын нурууны мөсөн уулсын бараг тал нь хайлна гэсэн судалгааны дүн гарчээ. Хэрвээ Андын нурууны мөс хайлбал 30 сая хүн, Хималайн уулсын мөс хайлбал Энэтхэг, Төвдийн хэдэн зуун сая хүн ундны усны эх үүсвэргүй болж Ганга мөрөн ширгэснээр өлсгөлөн, усны хомсдолд нэрвэгдэх юм. Энэ юу ч биш. Хойд туйлын мөс бүрэн хайлбал дэлхий нийтэд жинхэнэ гамшиг нүүрлэх болно. Өмнөд Америкт л гэхэд сүүлийн 20 жилд байгалийн гамшиг тэр дундаа үерийн тоо 60 хувиар нэмэгджээ.Бас 2020 он гэхэд 100 гаруй сая хүн усны хомсдолд орох тооцоог судлаачид гаргасан байна.

 

Н.ЭНх /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих