“Скаймедиа” компани хэрэглэгчдийнхээ хэзээ, ямар сайт руу хандаж, ямар мэдээлэл хүлээж авч, илгээж байгааг хянадаг уу?
“Ирээдүйг өнгөлнө” гэх сүрдэм уриатай “Скаймедиа” хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж байгааг илтгэсэн мэдээллүүд олонтаа гарах боллоо. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, ажилтай орлоготой иргэдийн тоо улам бүр цөөрч байгаа энэ цөвүүн өдрүүдэд “Скаймедиа” хэрэглээнийхээ төлбөрийг нэмж иргэдээ “мөлжих” төлөвлөгөө боловсруулсан нь хэрэглэгчдийн урмыг даанч нэг хугалаад байгаа юм.
Тодруулбал, үйлчилгээний асуудлаар байнга л хэл ам таталж байдаг “Скаймедиа” энэ удаа дахин хэрэглэгчдэдээ мэдэгдэхгүйгээр төлбөрөө нэмсэн үйлдэл гаргалаа. Энэ тухайгаа эхлээд хэрэглэгчдэдээ мэдээлсэнгүй. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэглээний багцаа шинэчиллээ гэх сэм нударга дор хэрэглээнийхээ төлбөрийг нэмж иргэдэд дарамт учруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.
Учрыг тодруулбал, энгийн багц нь 28 мянга, үндсэн нь 36 мянга, онцгой нь 48, төгс багц нь 76 мянга гэх дөрвөн төрлийн багцыг хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэн байна. Ингэхдээ түрүүчийн үнээ нэмж хэрэглэгчдийнхээ уушгийг сагсайлгаснаа мартаад дахин 3000 төгрөг нэмчихэж. Үүнийгээ тайлбарлахдаа “Спортын SPS сувгийг хэрэглэгдэдээ хүргэсний төлбөр” гэх жишээтэй. Спортын суваг өнөөдөр тийм чухал уу. Үнэхээр сонирхдог хүмүүс нь л төлбөрөө төлөөд үздэг юм байгаа биз. Талхныхаа мөнгийг арай гэж залгуулж байгаа хүмүүс бол 3000 төгрөгөөр спортын суваг худалдаж үзэх нь юу л бол.
Гол нь хэрэглэгчдэдээ мэдэгдэхгүйгээр ингэж үйлчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлдэг нь үйлчилгээний байгууллагын тухайд дэндүү бүдүүлэг явдал юм. Хэрэглэгчид юугаа ч мэдэхгүй байж байгаад, энэ сараас эхлээд хэрэглээний төлбөр дээрээ 3000 төгрөг нэмж төлөх нь байна. Нэг хүний тоогоор авч үзвэл бага тоо мэт харагдах боловч нийт 40 мянган хэрэглэгчийн тухайд авч үзвэл сардаа 120 сая төгрөгийн ашгийг “Скаймедиа” нэмж олно гэсэн үг.
Мөн хэрэглээний хязгаар гээчийг шинээр тогтоож интернет хэрэглэгчдийнхээ эрхийг “хазаарлаж” 200GB болгосон нь хэрэглэгчид рүүгээ нулимсантай адил зүйл болсныг иргэд сошиалаар хэлж ярьцгааж байгаа юм.
Бүр болоогүй хэрэглэгчдийн мэдээллийг фэйсбүүкээр алдаж байгаа гэх гомдол ч гарч эхэллээ. Нэгэн хэрэглэгч үүнийг бодит мэдээллээр баталснаа олон нийтэд түгээснийг энд хавсарган хүргэж байна. Энэ иргэний бичсэн зүйлийг уншаад эрхэм уншигч та нэгийг бодох биз ээ.
Ер нь хэрэглэгчдийнхээ хувийн нууцын аюулгүй байдлыг хадгалж дийлэхгүй хэмжээнд “Скаймедиа” хүрээд байгаа бол, тус компанийн үйлчилгээнээс Монголчууд татгалзахаас өөр аргагүй байдалд хүрэх болов уу.
Дахиад хэлье. “Скаймедиа” “Ирээдүйг өнгөлнө” гэх сүржин уриатай ч хачир дээрээ өөрсдийгөө өнгөлж байна. Хэрэглэгчдийнхээ эрх ашгийг үл тоож, халаасыг нь сэгсрэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж эхэлсэнд нь тэдэнд баяр хүргэх ёстой юу.
Тэд өмнө нь төхөөрөмж болон суурь хураамжаа нэмж 195 мянган төгрөг болгосон. Харин 11 сарын 1-нээс эхлэн хэрэглээний багцуудаа шинэчиллээ гэх эелдэг тодотгол дор төлбөрөө нэмж, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг бизнесийнхээ эрх ашгийн тээр дор аваачиж шидлээ. Бизнесийн байгууллагад мөнгө чухал, гэхдээ хэрэглэгч дутуугүй чухал баймаар юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: