Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлийг хэлэлцэж байна

17НИТХ-ын тавдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахаар хэлэлцэж байгаа юм. Өнгөрсөн 10 дугаар сард Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг НИТХ-аар баталсан. Уг хөтөлбөрөөс 2017 онд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг нарийвчлан тусгасан үндсэн чиглэлийг хотын дарга С.Батболд танилцууллаа.

Тэрээр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Эдийн засгийн өсөлт өрх бүрт, Хот байгуулалт, дэд бүтэц, Байгал орчин, ногоон хөгжил, Нийгмийн хөгжил, Засаглал гэсэн 5 бүлэг, 26 зорилтын хүрээнд боловсрууллаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгаа өсгөж, хотын иргэдээ ажилтай орлоготой болох боломжийг бүрдүүлэх нь “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрт” хэсгийн гол зорилт юм. Эмээлт, Налайх, Багануурын үйлдвэр технологийн паркуудын үйл ажиллагааг эхлүүлж, Эмээлтийн үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийн ажлыг эхлүүлнэ. Налайхын барилгын материалын үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийн ажил болон ажлын зураг төслийг боловсруулан батлуулахаар төлөвлөж байна. Дагуул хот, дэд төв, дүүргүүдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бизнес инкубатор төвүүд байгуулах ажлыг эхлүүлнэ.

Хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн ирээдүйн хөгжлийг хангасан дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлэхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотод сэргээгдэх болон эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, газар зохион байгуулалтыг шинэчилж, дэд бүтцийн салбарт шинэ техник технологи нутагшуулахаар төлөвлөж байна. Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг шинэ үзэл баримтлалын дагуу батлуулж, гэр хорооллын суурьшлын бүсийг бие даасан, ухаалаг дэд бүтэц бүхий хэсэгчилсэн байдлаар төлөвлөж, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Байгал орчин, ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын агаар, усны бохирдлыг бууруулах, байгал орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн хот болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, сэргээгдэх эрчим хүч, цэвэр түвшний хэрэглээг нэмэгдүүлэх замаар агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг авахаар бид төлөвлөж байгаа юм.

Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан, нийгмийн хамгаалал, үйлчилгээний дэд бүтцийг сайжруулж, иргэн бүр эрүүл боловсролтой, ажилтай орлоготой, амар тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл, улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр барилга барих буюу өргөтгөх ажлыг зохион байгуулна. Эрүүл мэндийн загвар өрхийн эмнэлгийн төвүүдийг байгуулна.

Засаглалын зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэх, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглах, төрийн албан хаагчийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, тэгш, нээлттэй хүргэх зэрэг зорилтыг дэвшүүлж байна. Эдгээр зорилтуудыг бид ирэх 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, үндсэн чиглэлийг боловсрууллаа” хэмээн танилцууллаа.

НИТХ-ын хуралдаан үргэлжлэн хуралдаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих