Баяраар баярлах уу, хямрах уу?

“Зул сарын баярын хямрал Италийн дундаж орлоготой гэр бүлүүдийг нөмрөн авч, өртөг өндөртэй амьдралын

шаардлагаар бэлэг худалдан авах зардлаа багасгахаас өөр аргагүй болжээ” гэсэн мэдээлэл интернетэд тавигджээ. Энэ мэдээллээс харахад италичүүд ч бас тооцоотой, ухаантай хүмүүс бололтой. Харин манайхан бол баяраас болж байгаагаа зардаг гэдгээ ойлгодог ч ухамсарладаггүй. Тэгээд л баяраас баярын хооронд навс хямарч хамаг байдгаа барьцаалчихна. Шинэ жилийн гоёмсог мэндчилгээ интернетээр нисэлдэж, энд тэндгүй баярын тухай яриа өрнөнө. Зөв бөгөөд ухаантай, тооцоотой тэмдэглэвэл сайхан баярлах ч сайхан л даа. Даанч бэлтэй нэг нь аархаж, бэнчингүй   нь чирэгдэж баярладгаас эхлэл  нь сайхан ч төгсгөл нь хямраачихдаг болохоор энэ олон  баяруудыг яалтай ч билээ. Шинэ жил цагаан сар, март, цэргийн баяр гээд ар араасаа цуварсан олон баярууд хичнээн ч их мөнгө уудгийг тооцоолошгүй. Тэр их мөнгө тэгээд хаашаа ордог  ч тодорхой. Эрээнийг хөгжүүлэх Монгол төсөл болон хэрэгждэг.  Ямар баяр тэмдэглэхийг хориглоно гэсэн хууль гаргалтай нь биш. Хэрэгжихгүй нь тодорхой. Хэн хэндээ чирэгдэж, хэн хэндээ дарагдсан их баярууд ерөнхийдөө багагүй дарамт авчирдгийг нуугаад яахав. Монголчуудын олонх нь наашаа харж уйлж, цаашаа харж инээсэн дүр эсгээд бусдаас дор орохгүйг хичнээнэ.  Ийм л маягаар цөөнгүй жилийг баярлаж, бас хямарч үджээ. Бас дахиад нэг жилийг амттан дүүрэн ширээ, ажилгүйдэл, ядууралтай хамт үдэх цаг иржээ.

Баячууд нь байдгаараа гайхуулж, “барлагууд” нь банкинд өр зээл тавьж, бас болоогүй хятадуудын халаасанд багтаж “хямрана”. Дараа нь математикчдын хэлдгээр хүндрэл, уналтад орж, иргэдээр тогтохгүй, улс орны эдийн засагт ч хамааралтай хямрал болж томордог. Хэн нэгний хэтэвчнээс эхлэлтэй энэхүү хүндрэл  томорсоор эцэстээ баярын имоци уналтад орж харин инфляци багагүй хөөсөрнө. Иймэрхүү дүр төрхөөр монгол баяр өрнөж, монголчууд баардаж, баярлаж мөнгөө үрнэ.  Монголчууд баяраа өргөн дэлгэр, хямралтай, халаасаа гөвж тэмдэглэх нь хятадуудад  хамгийн ашигтай.  Учир нь Монголын цагаан сар, шинэ жил хятадуудад хамгийн  том хөрөнгө оруулалт болдог. Урд хөршөөс оруулж ирж буй сүлд мод гэхэд 15-200 мянган төгрөгийн үнэтэй. Хүн ам, орон сууцны тооллого явуулахаас өмнө Улаанбаатар хотын есөн дүүргийн 132 хороонд 273.2 мянган өрх амьдардаг гэсэн тоо байлаа. Энэ 273,2 мянган өрхийн дор хаяж 200 мянга нь гэртээ сүлд мод засдаг гэхээр багагүй мөнгө зарцуулагдана. Дээрээс нь гоёл чимэглэл, шаар, урд хөршид үйлдвэрлэгдсэн даашинз, туфль гээд тооцвол нэлээд их хэмжээний мөнгө урагшаа урсч байна гэсэн үг юм.

Шинэ жилийн хямралаасаа салж чадахгүй шахам байхад залгаад сар шинийн баяр болно. Эрээнд үйлдвэрлэгдсэн элдэв бараагаа Монгол жинхэнэ шахдаг цаг ирнэ. Ингээд бодохоор монголчууд баярлахаасаа хямрах нь илүү болжээ. Тэгэхээр бүгдээрээ баяраар баардахуу, баярлах уу, хямрах уу. Уг нь монголчууд  “гэм хийсэн гэдэс, гэнэт олдсон хоол биш” хэмээн ярьдаг шүү дээ.

Ж.ГЭГЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих