ОРОН НУТГИЙН ЗАМЫГ КАМЕРЖУУЛААЧ
Саяхан орсон цаснаар “Эрдэнэт” хотод ажилладаг дүүгээ эргэчихээд нийслэл рүү буцаж явахдаа аваарт оров. Хамгийн хөнгөн тэрэг гэгддэг Приус 20 автомашиндаа гэр бүлээрээ “чихэж” суугаад хөдөлсөн бид Улаанбаатараас ердөө 100 км-ийн цаадах замд осолдсон хэрэг. 80 орчим км/ц-ийн хурдтай давхиж байсан машин зам дээр хальтрах үед хэрэг нэгэнт бишидлээ гэж бодсон би нүдээ тас аничихсан байсан учир одоо санах нь ээ хүмүүсийн орилолдох чимээ л санаанд бууна. Хүн гэдэг сонин амьтан юм билээ.
Сэхээ авах тэрхэн агшинд хажууд ёолох ээжийгээ бус, өвөр дээрээ тэвэрч явсан дөрөвхөн настай охиноо бэртээгүй байгаасай хэмээн залбирч, хамгийн түрүүнд л хөл гар, толгой тархи нь бүрэн бүтэн байгаа эсэхийг нягталсныхаа дараа л сэтгэл уужирч, бусад хүнийг анхаарах сөхөөтэй болсон доо. Азаар ч гэх юмуу, энэ ослоор ээж минь нуруугаа гэмтээснээс өөрөөр гэмтэж бэртсэн хүн байгаагүй. Үүнээс ч илүү аюултай байдалд орж болох байсныг бодож, ингээд өнгөрсөн нь зол хэмээн одоо сэтгэж сууна. “Хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэх үг байдаг даа.
Ер нь жолооч нар орон нутгийн замд гарахдаа хурд хэтрүүлснээс болж, маш олон хүний амь үрэгдсэн байдаг юм билээ. Саяхан албаныхан сэтгэл сэрдхийлгэм тоо баримтыг олон нийтэд хүргэсэн юм. Сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 5446 бүртгэгдэж, 5611 хүүхэд өртсөнөөс 222 нь амиа алдсан байх жишээтэй. Үүний 44 нь нийслэлд гарсан ослоор амь үрэгдсэн бол 178 нь хөдөө, орон нутагт гарсан зам тээврийн ослоор хорвоог орхисон байх юм.
Тэгвэл зөвхөн өнгөрөгч аравдугаар сарын байдлаар гэхэд улсын хэмжээнд 48 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсан байх бөгөөд үүний 43 нь орон нутагт гарсан ослоор амь үрэгдсэн байна. Ерөнхийдөө нийслэлээс илүүтэйгээр орон нутагт осол аваар их гардаг гэдгийн нотолгоо нь энэ тоон баримтаас харагдаж байна. Хүн ам олноор суурьшсан, харьцангуй хяналт сайтай учир нийслэлд хүүхэд амь үрэгдэх хэмжээний томоохон осол гарах нь орон нутгийг бодвол бага бололтой. Тиймээс орон нутгийн замд анхаарал хандуулаач гэж холбогдох албаныхнаас хүсмээр байна.
Авто осол ихээр гардаг зам дээр 30 км тутамд анхааруулах самбар байрлуулж, постуудын тоог нэмэгдүүлэн, хурд хэмжигч байрлуулвал ямар вэ. Хэрэв боломжтой бол хяналтын камер ч байрлуулж болох биш үү. Гарч буй ослын байдлаас харахад ихэвчлэн төв шулуун аймгуудыг дайран өнгөрдөг зам дээр осол их гардаг аж.
Тухайлбал, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Баянхонгор, Орхон аймагт гарч байгаа хэргийн тоо нь бусад аймгаас өндөр байдаг юм. Нарийхан зам дээр хурд хэтрүүлж давхидаг нь орон нутгийн замд зам тээврийн осол хэрэг гарах гол шалтгааны нэг болдог аж. Үүнээс гадна байнгын хяналт шалгалтгүй нь ч осол гарах нэг үндэс болдог байна. Тиймээс замын цагдаа байнга хянаж чадахгүйгээс хойш камержуулж, бүр болдоггүй юм аа гэхэд анхааруулах самбар, постынхоо тоог нэмбэл яасан юм.
Ер нь ч тэгээд, хотод түгжирч явсан жолооч нар орон нутгийн замд гарахаараа уяанаасаа алдуурсан нохой мэт төмөр хүлгийн хурд мэдэн давхидаг нь нууц биш. Аваар осол гэдэг хэнд ч тохиолдож болно. Суудлын жижиг машинд зургаан хүн зорчиж явлаа гэхэд, тэнд буй хүмүүсийн амь насыг зөвхөн жолооч л хүрдэн дээр тавьсан гартаа атгаж явдаг шүү дээ. Тиймээс жолоо барьж буй хүмүүс өөрсдөө анхаарал болгоомжтой байж, ослоос урьдчилан сэргийлэхээс гадна орон нутгийн удирдлага, төр засгаас ч гэсэн боломжит хувилбараар орон нутгийн замд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Зөвхөн нийслэл дэх автозамд хяналт тавьж, анхаарсаар байх зуурт тань орон нүтгийн замд бидний хойч ирээдүй болсон бяцхан үрс хорвоогоос буцсаар байна, эрхмүүд ээ.
Б.Даваа
URL: