Н.Алтанхуяг дараагийн Н.Энхбаяр болох уу
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн талаарх мэдээлэл яалтчгүй олны анхаарлыг татсан сэдэв болох бололтой. Учир нь түүнтэй холбоотой хүмүүсийг АТГ-аас саатуулж эхэлсэн юм.
Тодруулбал, Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг өчигдөр орой баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. Одоогоор ямар шалтгаанаар хорьсон нь тодорхойгүй байгаа бөгөөд хоёр хоногийн өмнө Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийг мөн АТГ-аас баривчлан цагдан хорих 461 ангид саатуулсан юм. Мөн үүнээс гадна Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийг энэ сарын 5-нд хилээр гарах эрхийг нь хориглоод байна.
Ийнхүү Н.Алтанхуягийн эргэн тойрон дахь хүмүүсийг хуулийнхан шалгаж эхэллээ. Дээрх процессийг Н.Алтанхуягийн талынхан нь улс төрийн зорилготой гэж үзэж байгаа юм. Учир нь тэрбээр өнгөрсөн 7 хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан. Энэ үеэрээ тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гээд миний эсрэг дайруултууд ирнэ гэдгээ ч илэрхийлж байсан. Энэ нь магадгүй тэрхүү дайралт нь ч байж болзошгүй юм. Гэхдээ нөгөө өнцгөөс нь харвал АТГ ямар нэгэн хүний захиалгаар ийм зүйл хийнэ гэвэл арай л худлаа болох гээд байна. Тэд анх Э.Сэлэнгийг хилээр гарахыг хориглохдоо дансаар нь их хэмжээний мөнгөний гүйлгээ хийгдсэн учраас тийм шийд гаргасан юм. Ингээд бодоод үзэхэд энэ хэрэг араасаа олон асуудлыг дагуулсан томоохон асуудал болж ч болзошгүй юм. Тиймээс Н.Алтанхуягийн талынханы үгэнд орж хуулийн байгууллагын ажлыг дүгнэж бас болохгүй.
АН-ынхан өнөөдөр дотооддоо маш их бужигнаантай байгаа. Тэрийгээ нуух гэж элдвийн л арга хэрэглэж сууна. Намын даргын суудлыг авахын төлөө фракц бүлэглэлүүд нь амиа тавихаас наагуур зүйл болж байгаа. Өнгөрсөн лхагва гарагт болсон ҮЗХ-ны хурлыг томчууд нь хүчгүй болгож өөрсдөө хуралдаа очоогүй. Харин багачууд буюу шийдвэр гаргах түвшний биш эрхмүүд нь намын даргын их хурлаас сонгогно гэх хар зургийг ерөнхийд нь гаргаад тарцгаасан. Энэ бүх улстөрийн нөхцөл байдал болон хууль хяналтын байгууллагуудын гаргасан дүгнэлтүүд Н.Алтанхуягийн ирээдүйг шийдэх нь тодорхой. Магадгүй түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярыг түүх ч хүлээж байж болзошгүй юм.
Г.Сүрэн
Zaluu.com
URL: