Д.ГАНБАТ: ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙГ БОДЛОГООР ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр “Эдийн засгийн хямралаас эх орны үйлдвэрүүдээ дэмжин гарцгаая” сэдэвт уулзалт, үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тодорхойлох, тээврийн салбарт шинэ технологи, иноваци, Евро стандарт нэвтрүүлэх боломжийг бий болгох зорилгоор зохион байгуулагдаж буй юм. Энэхүү арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчид 2000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа талаараа танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд 768642 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь ойролцоогоор 7 тэрбум ам.долларын зах зээлийн багтаамжийг бий болгож байгаа бөгөөд эдгээрийн 80 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа нь парк шинэчлэлтийг зайлшгүй эрэлт хэрэгцээг харуулж байгааг албаныхан хэллээ. Монгол Улс сүүлийн таван жилийн дунджаар жилд 46 мянган тээврийн хэрэгсэл импортлон худалдаж авсан ба жилд 30 мянган тээврийн хэрэгслийн орон зай байгаа аж. Зөвхөн нийслэлийн нийтийн тээвэр, хот хоорондын зорчигч тээврийн салбарт 2000 гаруй автобусны парк шинэчлэлт хийх шаардлагатай бөгөөд 200 сая ам.долларын зах зээлийн эрэлт дээр үндэсний металлург, байгууламжийн салбарыг хөл дээр нь босгох боломж байгааг тэд тооцоолжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчдийн үнэтэй, бүтээлч санал санаачлага томоохон хувь нэмэр оруулж байгааг сайшаалаа. Энэхүү хэрэгжүүлэх ажлуудаа нийтийн хүртээл болгохын тулд шийдвэр гаргах түвшинд хүргэх шаардлагатай бөгөөд энэ чиглэлээр тодорхой танилцуулга гаргаж, Засгийн газарт танилцуулснаар бодлогын шийдвэр гаргуулахад анхаарна гэдгээ илэрхийллээ. Энэ нь улсаас нэг ч төгрөгийн зардал шаардагдахгүйгээр тодорхой зохицуулалт хийснээр, ажлын байр бий болгох, дэмжиж хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг энэ үеэр онцоллоо. Тэрээр “Аливаа ажил хувь хүний идэвхи, зүтгэл, санаачлага байдаг. Тиймээс та бүхэнд шинэ санаа, бүтээл бий болгож, Монголдоо нутагшуулчихсан байгаа учраас богино хугацаанд шийдвэрлэхэд анхаарч, дэмжинэ” гэлээ. Тухайлбал, Замын бетон хашлага болон бусад хийцийг хуванцар хаягдал ашиглан үйлдвэрлэж байгаа нь экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж гэдгийг хэлж байв.
URL: