АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД: АН бурууг бусдаас хайх биш, харин хар толгойгоо шаах цаг иржээ

4798

АН-ын ҮЗХ-ны хурал  өнөөдөр Төрийн ордонд  15 цагт товлогдсон ч, ирц хүрэхгүй байсаар 16 цаг өнгөрч байхад эхэлсэн юм. Хурлын эхэнд хэвлэл, мэдээллийнхэнд зураг авах, зарим гишүүний  сэтгэгдэлийг сонирхох хэдхэн минутын боломж  олгож, цааш  хаалттай горимоор  үргэлжиж байна. АН-ын ҮЗХ-ны хурал өнгөрсөн долдугаар сарын 18-ны өдөр болсон ч үргэлжлүүлж хуралдана гэсээр таван ч удаа хойшилж өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд Ардчилсан хувьсгалыг  үүсгэн байгуулагчдын холбоо, ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтнүүдийн зүгээс ҮЗХ-ны хуралд тодорхой квотоор орох, хяналт тавих үүрэгтэй оролцох шаардлагыг намынхаа удирдлагуудад хүргүүлээд байсан юм. Гэтэл ҮЗХ  тэдний шаардлагыг хүлээж авсангүй, төлөөлөл ч оролцуулалгүй хаалттай горимоор хуралдаж байна. АН-ын ҮЗХ-ны хаалганы гадна  үлдсэн  Ардчилсан  хувьсгалыг  үүсгэн байгуулагчдын  

“ШУДРАГА ЁС” холбооныхонтой манай сэтгүүлч Ч.Үл-Олдох уулзаж ярилцсаныг  манай сайт маргааш хүргэнэ.  Энэ  удаа тус холбооноос гаргасан сонордуулгыг  бүрэн эхээр нь  нээлттэй хүргэж байна.  

АН-ын ҮЗХ-ны эрхэм гишүүдээ! Та бүхний намаа шинэчлэх үйл хэрэгт амжилт хүсье. Энэхүү хүндэт индерээс үг хэлэх бололцоо олгосонд саяхан байгуулагдсан Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын “Шударга ёс” холбооны нэрийн өмнөөс талархал илэхийлье. Журмын олон нөхдөө !

Дүн өвлийн цас, мөсөн хүүрэг тачигнасан цагаан морин жилийн  тэр л өдрүүдэд ардчилсан хөдөлгөөний ариухан дөл бадамлан ассанаар монгол орон, монголчууд нойрноосоо сэрсээн! Монгол түмнийг доргиосон их хувьсгалыг сэдэж санаачлагчид эрх мэдэл, албан тушаалд санаархаагүй, идэх хоол өмсөх хувцсаа зузаатган тансаглах гэж зориогүй, түмэн олныхоо хөлс, хөдөлмөрийг сорж оффшор дансанд цутгах гэж шүлэнгэтээгүй. Анхдагчдын энэ язгуур авир төрх өнөөдөр өөрчлөгдөөгүй, хэвээрээ байгаа.

Тэр үеийн Монголын улс төр нийгмийн байдал нь дарангуйлал, захиргаадлын ялзарсан тогтолцоог үндсээр нь халж шинэчлэх түүхэн шаардлагаар тодорхойлогдож байв. Энэхүү шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлэх хувьтай ардчилсан хөдөлгөөн төрөн гарсан юм аа! Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалыг санаачлагчид нь захиргаадагчдын улайран эсэргүүцэж дайран давшиж байсан шиг нусгай хэдэн баньд нарын албан тушаалын төлөөх улайрсан шунал, төр нураах санаархал байсангүй.

Ардчилсан хөдөлгөөн манай нийгмийн харилцааны гүнээс, далан жилийн түүхийн сургамжаас урган гарсан юм. 20-иод оны хувьсгалчдын хэлмэгдэлт, үндэсний ”капиталист” элементийн устгал, “Баруун”, “Зүүний” нугалаа, үндэсний сэхээтний өвөрмөц давхрага-лам нарыг аймаглан устгалт, 50-60-аад оны сэхээтний төөрөгдөл, үндсэрхэг, үгүйсгэх үзэлтнүүд, намын эсрэг бүлэглэгчид гэх нам-төрийн хэнээрхэл, энэ бүхний цаана улбаа нь үл тасрах коминтерн, сталинч дэглэмийн сүүдэр,  Чойбалсангийн цусан харгислал, Цэдэнбалын амьдаар нь, гэр бүл удам судраар нь егүүтгэх хорон хатаалт. Энэ бол Монгол оронд өрнөсөн ардчилсөн хөдөлгөөний үр хөврөлийг боловсруулсан түүхийн хуудас мөн.

Жанжин Сүхбаатарын талбайд “өлсөгчдөд”, ардчилсан хувьсгалыг түүчээлэгчдэд мах, талх гэсэн лоозон байгаагүй. Харин тэнд хүнд сурталт ихэс дээдсийн ухааныг балартуулсан, уушиг цээжийг нь багтруулсан “Монголчуудаа мориндоо”,  “Улс төрийн товчоо огцор” гэсэн шаардлага байсан юм.

МАХН-ын ТХ-ны УТТ-г бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, ардчилсан Үндсэн хуулийг батлуулж, нийгмийн байгуулалыг сууриар нь эргүүлж  чадсан нь ардчилсан хүчний тэмцлийн эхэн үеийн улс төрийн чухал ололт байв. Монгол хүн эрх, эрх чөлөө олсон. Монгол хүн минийх гэж харах хувийн өмчтэй, орох оронтой, хотондоо малтай болсон. Энэхүү ололт нь ард түмний улс төрийн идэвхийн өрнөлт, ардчилсан хүчнүүдийн тэмцлийн тактик, арга гэх мэт бусад олон хүчин зүйлээр нөхцөлдсөн юм. Гэвч хамгийн гол шалтгаан нь тэр үеийн эрх мэдэлтнүүд бүхэлдээ цаашид улс орныг удирдах, тэгэхлээр оршин тогтнох түүхэн, түүний дотор ёс суртахууны эрхээ бүрэн алдаад байсанд оршино. Энэ бол хэрвээ улс орны хувь заяагаар сааглалдан наадагчид өнөөдөр мартчихаагүй бол нийгмийн хувьсгалын бодитой бүрэлдсэн тохироо байсан билээ.

Монгол оронд өрнөсөн ардчиллын төлөө хөдөлгөөн нь ангийн тэмцэл буюу ангиуд хоорондын сөргөлдөөн байгаагүй, тэр үед МАХН-ын “ачаар” анги гэдэг ойлголт арчагдсан байв. Ардчилсан хүчнүүд, ардчилалын анхдагчид юуны төлөө, хэнтэй тэмцэв?

Бид Монгол оронд улс төрийн ардчилсан тогтолцоо бий болгохын төлөө, манай нийгмийн удирдлагын бүхий л давхаргын эд эсэд аалзны шүлс санагдуулам хэрээст тор, хүлээс болон тогтсон коммунист дарангуйллын төмөр гинжийг тасчин хаяахын төлөө эрслэн боссон.

Ардчиллын төлөө тэмцэгчид хэн нэгнээс  өшөө авахыг зориогүй.. Бид ийм замаар яваагүй, явах ч үгүй. Харин Коммунист дарангуйлалын тогтолцоог ардчилсан, өөрөөр хэлбэл эрх мэдэл олон түмэндээ байдаг улс төрийн тогтолцоогоор халахын төлөө тэмцсэн. Үүнд ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын тэмцлийн утгат чанар оршин байв..

Харамсалтай бөгөөд эмгэнэлтэй нь өнөөдөр ардчиллын төлөө бидний тэмцлийн энэхүү утгат чанар бүрэн алдраад байна.

Ардчилсан хүчнүүд зоримог алхамууд хийж, амь тавин зүтгэсний хүчинд зарим үр дүнд хүрсэн хэдий ч мөсөн уулын үзэгдэх хэсэг төдий Улс төрийн товчоо огцорсонд чихэр харсан хүүхэд шиг баярлаж, коммуистуудад зүсээ хувирган “битүү” аргаар ардчилсан хувьсгалыг чөдөрлөн гутаах бололцоо олгосон явдал ардчилсан хувьсгалын анхдагчдад  хамаарах хамгийн чухал сургамж болсон. Зүй нь Монгол ардын хувьсгалт гэх коммунист намыг тарааж, монголын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулахыг үүрд хориглох шаардлагатай байж. .

Хагас дутуу хийгдсэн ардчиллын үр дүн ард түмнийг төдийгүй гадаад улс орнуудыг төөрөгдүүлэн, ардчиллын өрнөлт зогсонги байдалд орсон алдааг залруулах асуудал бидний ирээдүйд хийх ажлын гол чиглэл болж байна. Энэ хэрэгт их хохирол, хугацаа шаардагдах бололтой. Энэ алдаа өнөөдөр АН-д шууд хамааралтай болсон нь анхдагч бидний төдийгүй монгол түмний сэтгэлийг түгшээж байна.

АН байгуулагдсан цагаасаа хойш их хурлаараа намын дотоод амьдралын тулгамдсан, эмзэг асуудлаа тусгайлан хэлэлцсэнгүй. Монголын улс төрд нам дамжсан, өнгө мөнгө, өвөр түрийгээрээ нэгдсэн олигархи бүлэглэлийн сүлжээ ноёрхож, үндэсний үнэт зүйл, үндэсний эрх ашиг шалан дээр хаягдав. Ийм бүлэглэлд нэгдэгчид АН-ын эгнээнд цөөнгүй байгаа нь нууц биш. АН-ын дээд удирдлагыг эзэмдсэн бүлэглэлүүдийн гэмт үйлдэл  намын анхан шатны байгууллагуудад тархан халдварлаж, АН эрч нь харьсан хөсрий шидмэс лугаа  адил сулбайн доройтжээ. Намын дээд удирдлага эрч хүчээ сэлбэн бүрдүүлдэг намын хамт олноосоо хөндийрөн тасарч, намын жирийн гишүүд бол улс төрийн хулгайч, луйварчдын дур хүслээ хангах хэрэгсэл, эрх мэдэлд хүрэх, хөрөнгө чинээгээ зузаатгах, ахиж авирах шат гишгүүр төдий болсон байна. Анхдагчид бид үүсгэн байгуулсан намынхаа язгуур эрх ашгийн үүднээс нам доторхи олегархиудын нэрсийг нэгэнт тогтоосон бөгөөд энэ мэдээллийг шаардлагатай үед олон нийтэд зарлах болно.

Ардчилалд ноцтой аюул учирлаа. Ардчилалаар овоглосон, ардчиллын манаач, түүчээлэгч байх журамт үүрэгтэй АН-ын үйл ажиллагааны дотоод механизм зэвэрч гацаанд орсон байна. АН-ын додоодод үүссэн ийм ноцтой нөхцөл байдал нь Монгол түмний хувь заяаг хөнөөж, аж амьдралаа өөд татах гэсэн олон түмний хойч ирээдүйг баллуурдаж, хүсэл эрмэлзлэлийг нь мохоож  байна.  Судалгаагаар Үндсэн хуульд Монгол хүний баталгаатай эдлэхээр тогтоосон 18 эрхийн 3-аас бусад нь бүрэн утгаараа хангагдахгүй байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх дотоодын 55 үзүүлэлтийн 8-аас бусад нь шаардлага хангахгүй, талаас илүү нь аюул нүүрэлсэнийг харууллаа. 1990 оноос хойшхи 25 жилд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2500 дахин өссөн байхад хүн амын худалдан авах чадвар энэ хугацаанд 20 хувиар буурчээ. Нийт иргэдийн мөнгөн хадгаламжийн 98 хувийг хүн амын 2 хүрэхгүй хувь эзэмшдэг, ТОП 200 компана ердөө 400 гэр бүлийн мэдэлд байгаа ажээ. Эдүгээ монголчуудын 40 хувь нэн ядуу, 40 хувь ядруу, 15 хувь хоёр идэхгүй хоосон хонохгүйгээр, ердөө 5 хүртэл хувь нь баян чинээлэг амьдардаг гэсэн үнэлгээ гарав.

Саяхан явагдсан УИХ-ын болон орон нутгийн сонгууль АН-д итгэх сонгогчдын итгэл алдарсаныг нотлон харууллаа. Энэ бол сонгуулийн булхай суйвар, өрсөлдөгч хүчний сөрөг довтолгооноос хамаарсан гэхээсээ илүү АН-ын өөрийнх нь арчаагаа алдсан болхи үйл ажиллагаанаас хамаарсан гэвэл үнэнд илүү нийцнэ. АН гаргасан алдааныхаа бурууг бусдаас хайх биш өөрийнхөө хар толгойг шаах цаг иржээ..

Энэ цаг үед АН өөрийгөө өөрчилөн шинэчилж, өөртөө бодитой дүгнэлт хийж, амь орж, улс төрийн амьдралд шуурхайлан орох, эсвэл түүхийн тавцангаас үүрд арчигдах салаа замын бэлчирт нэгэнт ирээд байна. Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчид ийм дүгнэлт хийж,  байна.

Эгзэгтэй үед анхдагчид  АН-аа сэхээнээс гаргаж эдгэрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж чадна. Учир нь тэд унаган намынхаа үйл хэргийн төлөө тавхайгаа эргэтэл зүтгэхдээ хариу төлбөр нэхээгүй, зорисон хэргээсээ ухарч шантраагүй, урваж шарваагүй, хугарч нугараагүй босоогоороо үлдсэн, хал үзэж халуун чулуу долоосон эгэл баатрууд. Хорвоогийн жамаар өтөлж өвгөрсөн,  амь наснаасаа өөр алдах юмгүй өвгөд эмгэд. Гэхдээ л бидэнд  могойг гурав хуваасан ч  гүрвэлийн чинээ гэдэг шиг сэтгэл зүтгэл үлдсээн.

Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын “шудрага ёс” холбоонноос  ҮЗХ-ны хуралдаанд хандан дор дурьдсан хоёр саналыг сонордуулж байна. Үүнд:

1. Хурлаас намын их хурлын товыг баталгаажуулан зарлах,

2. Улс орны хөгжил дэвшлийн талаар намаас баримтлах хэтийн болон ойрын 4 жилийн бодлогын төсөл,  намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл, намын их хуралд бэлтгэх ажлан хэсгүүд байгуулж, эдгээр ажлын хэсгүүдэд  Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын төлөөллийг оролцуулж ажиллуулах зэрэг болно..

Үүнээс гадна ойрын хугацаанд хуралдах Намын их хурлын шийдвэр оновчтой байх шаардлагыг эрхэмлэн нэгд,ҮЗХ-ны гишүүдэд нэр дэвшигчдийг намын их хурлаар нэг бүрчлэн хэлэлцэж батлах, тухайн нэр дэвшигч сонгон шалгаруулалтын явцад намын гишүүдийг дайлах, цайлах, эд мөнгө тараах зэргээр ёс бус үйлдэл гаргасан бол түүнийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах, Намын үүрүүдээс ҮЗХ-ны гашүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд  тухайн намын үүрийн гишүүнээс өөр хүн оролцохыг бүрэн хориглох, хэрвээ үүрийн хуралд гаднын этгээд оролцсон бол хурлын шийдвэрийг хүчингүйд тооцох, ҮЗХ-ны гишүүнд нэр дэвшүүлэх явцад гарсан зөрчлийн тухай мэдээллийг намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг үнэлэн авч мэдээллийн эх сурвалжийг чандлан нууцлах, хоёрт,цаг хугацааны боломж зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас намын тэргүүнийг ул суурьтай шалгаруулах боломж хангагдахгүй тохиолдолд намын энэ удаагийн их хурлаас намын даргыг түр орлон гүйцэтгэгчийг томилох, ийнхүү томилогдсон этгээд намын жинхэнэ даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах болон  өөрөө намын даргад нэрээ дэвшүүлэхийг хориглох шаардлагатай гэж бид үзэж байна.

Эцэст нь нам доторхи ахмад, залуу үеийн залгамж холбоог батжуулах, намын үйл ажиллагааны түүхийн шалгаралаар хуримтлагдсан үнэт зүйлийг улам баяжуулах, намын дотоодод нэгэнт хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэх гарц хайх үүднээс намын их хурлын төлөөлөгчдийн 30 хувийг  Ардчилсан хувьсгалын үүсгэн байгуулагчдын төлөөллөөс  бүрдүүлэх саналаа үүгээр илэрхийлж байна.

 

Сайн үйлс дэлгэрэх болтугай

 

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр


URL:

Сэтгэгдэл бичих