ОРОН НУТГИЙН ЗАМД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 17-25-ны өдрүүдэд цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж хальтиргаа, гулгаа үүсэх аюултай байна. Иймд иргэдийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Хөдөө, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэх хэрэгтэй аж.
Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүд нь
- Даатгалтай
- Нэгдсэн хяналттай /GPS/
- Аюулгүй байдлыг бүрэн хангасан
- Бэлтгэгдсэн мэргэшсэн жолоочтойгоор таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг ханган, тав тухтай, дулаан тохилог орчинд үйлчлэх юм байна.
Мөн улс, хот хоорондын чиглэлд ачаа, зорчигч тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн байршлыг ажлын цагаар 70070012, ажлын бус цагаар 1900-1234 дугаарын утсаар лавлах боломжтой аж.
Б.Орхон
URL: