Тэднийх ба манайх

11-17-1_700x7002016.10.25. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өөрийн найз Чой Сүн Шилийн талаар яаралтай хэвлэлийн хурал хийлгэжээ.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ хэвлэлийн хурлын үеэр бүх ард түмнээсээ уучлалт хүссэн байна. Ерөнхийлөгч Пак Гын Хэ уучлалт гуйж хэлсэн үгнийхээ дараа сэтгүүлчдийн өмнө мэхийн ёсоллоо.

2016.10.29. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахыг уриалсан жагсаал Сөүл хотын төвд боллоо. Уг жагсаалд 20 мянга орчим хүн оролцсон байна

2016.10.30. Өмнөд Солонгосын Ерөнхий­лөгч Пак Гын Хэг дэмжигч­дийн төвшин 14 хувь болж буурав.

2016.10.31. Ням гаригт Европоос ирсэн Чой Сүн Шил даваа гаригийн үдээс хойш өөрөө сайн дураараа байцаалт өгчээ. Оргон зайлж, нотлох баримтуудыг устгаж бол­зош­гүй гэж үзэн про­ку­рорууд түүнийг даваа гаригийн орой баривчилжээ.

2016.11.1. Ерөнхий­лөгч Пак Гын Хэ Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг шинээр томиллоо.

2016.11.2. Өмнөд Солонгосын Ерөнхий­лөгч Пак Гын Хэ-гийн туслахаар ажиллаж байсан Ан Жон Бом-ыг өчигдөр орой Прокурорын газраас баривчилсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Ан Жон Бом болон Пакийн эртний анд найз болох Чой Сүн Сил нар Ерөнхийлөгчтэй ойр дотно харьцаатай гэдгээрээ далимдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын шууд бус оролцоотойгоор байгуулагдсан хоёр санд мөнгө хандивлахыг корпорациудаас шаарддаг байжээ. Ан овогт өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “би өөрийн хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх болно” гэж хэлээд илүү дэлгэрэнгүй зүйл ярьсангүй.

2016.11.3. Ерөн­хийлөгч Пак Гын Хэ-г байцаан шүүхийг олон нийт шаардсаар байна.

2016.11.4. “…Хэрэв шаардлагатай гэж үзвэл мэдүүлэг өгч, өөрийгөө шалгуулна” гэдгээ Ерөнхийлөгч Пак Гын Хэ мэдэгдлээ. Түүнээс гадна, өөрийг нь шашны нөлөөнд автсан гэж буруутгасан мэдээллийг Ерөнхийлөгч Пак эрс үгүйсгэн няцааж байна. Чойгийн гэр бүлийнхэнтэй хэдэн арван жилийн өмнөөс ойр дотно харилцаатай байсан нь “Ерөнхийлөгч Пак бөөгийн нөлөөнд автсан” гэх цуурхал тархахад хүргэсэн ажээ. Чой Сүн Шил бол Пак Гын Хэгийн эцгийн зөвлөхөөр ажиллаж байсан Чой Тэ Миний тавдугаар охин юм. 1974 онд Умард Солонгост талархалтай ханддаг нэгэн этгээд Пак Гын Хэгийн эх Юк Ён Со-г хөнөөсний дараа бөө мөргөлийг тахин шүтдэг байсан Чой Тэ Мин Ерөнхийлөгч Пакт зөвлөгөө өгч байсан тухай мэдээлэл тархаад байгаа юм.

2016.11.4. Өмнөд Солонгосын прокурорын байгууллагаас Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн туслахаар ажиллаж байсан Жон Хо Соныг баривчиллаа.

2016.11.5. Сөүл хотод хэдэн арван мянган хүн жагсан Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа.

2016.11.6. Энэ сард багтаан Ерөнхийлөгч Пакаас прокурорууд мэдүүлэг авч магадгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Пак нь дээрх хоёр санд санхүүгийн тусламж үзүүлэх компаниудын тоог 10-аас 30 болгон нэмэгдүүлэхийг Ан Жон Бом-д үүрэг болгосон бололтой. Пак Гын Хэ ийм үүрэг өгсөн эсэхийг прокурорууд олж тогтоохоор ажиллаж байна.

2016.11.7. Проку­рорууд мягмар гаригт Сөүл хот дахь “Samsung Electronics” компанийн төв байранд нэгжлэг хийлээ. Учир нь, “Samsung Electronics” компани нь Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дотны найз болох Чой Сүн Шилийн охиныг хууль бусаар ивээн тэтгэж байсан гэж үзэж байгаа аж. “Samsung” компани нь зөвлөх үйлчилгээний төлбөр гэдэг нэрээр Чой-гийн эзэмшилд байдаг Герман дахь компани руу 2.8 сая евро шилжүүлсэн бөгөөд энэ мөнгө нь үнэн хэрэгтээ Чой-гийн охины морь унаж сурах сургалтыг санхүүжүүлсэн гэж прокурорууд үзэж байгаа юм. Прокурорууд нэгжлэг хийхээс таван өдрийн өмнө ашгийн бус хоёр санд хэдэн арван тэрбум воныг хандивлахыг дотоодын компаниудаас шахан шаардахад Чой овогт болон Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга хоёр хамтран оролцсон гэх дуулианыг шалгахын тулд “Samsung” группын гүйцэтгэх захирал Ким-ийг байцаасан ажээ. Энэ их мөнгө хууль бусаар Чой-гийн халаасанд орсон гэж үзэж байгаа бөгөөд Чойг саатуулан хорьж байцааж байгаа билээ.

2016.11.13. Ерөнхий­лөгч Пак Гын Хэг энэ долоо хоногийн мягмар эсвэл лхагва гаригт байцаахаар төлөвлөж байгаагаа тус улсын прокурорууд мэдэгдлээ. Түүнийг Хөх ордонд байцаахаар төлөвлөж байгаагаа Ерөнхийлөгчийн тамгын газарт мэдэгдсэн, хариу хүлээж байна гэж прокурорууд хэлэв.

2016.11.13. Сөүл хотод олон арван мянган иргэн оролцсон эсэргүүцлийн жагсаал боллоо. 1980-аад оны сүүлээр болж байсан ардчилсан хөдөлгөөний жагсаалаас хойш тус улсын түүхэн дэх Засгийн газрын эсрэг хамгийн том жагсаал болсон гэж тооцож байгаа юм.

2016.11.15. Ерөнхий­лөгч Пак Гын Хэ өөрийн хууль ёсны төлөөлөгчөө сонгожээ. Хөх ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус улсын Үндэсний хүний эрхийн комиссын Байнгын хорооны гишүүн асан Ёо Ён Ха нь Ерөнхийлөгч Пакийн ашиг сонирхлыг төлөөлөх хүнээр сонгогджээ.

Ийн БНСУ-д өрнөж буй үйл явдал цаашид хэрхэн үргэлжлэх нь олон улсын анхаарлыг татаж байгаа юм. Энэ бол БНСУ-ын хууль, хүчний байгууллагаас хийж буй олигархийн эсрэг тэмцэл. Нөгөө талаар тус улсын хуулийнхан, тэр дундаа Прокурорын байгууллага нь бие даасан, хараат бус гэдгээ дэлхийд харуулсан үйл явдал болж буй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ч хараат бусаар олон нийтэд мэдээллээ хүргэдгийг энэ өдрүүдэд өрнөж буй үйл явдлыг хэрхэн мэдээлж байгаагаас харж болох юм.

Чухамдаа Монголд тунхгийн шинжтэй байдаг хараат бус, бие даасан хэмээх тодорхойлолт БНСУ-д л байгааг монголчууд бид бас харлаа. Манай цагдаа, прокурор, шүүх, АТГ, тагнуулын байгууллагынхан БНСУ-ын прокуроруудтай л адилхан эх орондоо тангараг өргөдөг. “…Амь биеэ үл хайрлан”, “…Шударга ёсны төлөө” гэсэн үгнүүд БНСУ-ын прокурорын тангарагт ч байж байгаа. Харин амьдрал дээр тангаргаа биелүүлж чадаж байна уу. Хариултыг нь бүгд мэдэж байгаа даа. Өөрсдөө ч мэдэж байгаа.

Хэвлэл мэдээллийн байгууллага ч адилхан. Үнэнийг хэлэхэд, хараат бус сэтгүүл зүй оршин тогтнох цаг нь болоогүй бололтой.

Өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг  өөрийн найз Чой Сүн Шилдээ их хэмжээний мөнгө “олох” боломж олгосон гэж ард түмэн нь буруутгаж байна. Манайд ингэсэн бол “…Битгий хуц” л гэх байх. Монголд тогтсон өнөөдрийн сэтгэлгээгээр бол мань эр өөрөө хийгээгүй юм чинь хамаагүй гэсэн үг.

БНСУ-д Ерөн­хий­лөгчөө эсэргүүцсэн хэдэн мянган хүн өдөр шөнөгүй жагсч байна. Манайд бол тийм завтай хүн байх ч үгүй. Тэгээд ч төрийн төлөө оготно гэгчээр тэнд болж байгаа явдалд энд сандраад яахав гэцгээнэ.

БНСУ-ын иргэд Ерөнхийлөгчийгөө бөөгийн шашны нөлөөнд автаж, улс орныг удирдахдаа шашны үгээр явсан гэж буруутгаж байгаа юм. Харин манай Монголд бол энэ бас л хэвийн үзэгдэл. Өнгөрсөн дөрвөн жилд Монголын төр албан бус зайрантай байсан гэвэл буруудахгүй. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр бөө болж, улмаар З.Энхболд дарга нь түүний үгийг дагадаг байсан гэх яриа байдаг. Н.Батбаярын хувьд бөө гэдгээ нуудаггүй л дээ. Телевизийн ярилцлагад орохдоо 99 тэнгэр ярьсан шиг л сууна. Чуулганы танхимд суухдаа “Өрөө өглөг гэж нэрлэе” гээд л горимын санал гаргана. Бараг л хуулийн төсөл өргөн барьсан шиг санагдана. Гадаадад томилолтоор ажиллахдаа бөөгийн зан үйл хийж гал гаргаснаар Америк, Хятадын зочид буудлын галын дохиоллыг ажиллуулж, ажилтнуудыг нь түргэн авахуулсан гэх барим тавим яриаг сонсоогүй хүн ховор биз ээ. Гэлээ гээд Монголын төр өрөндөө баригдаж, өнөөдөр эдийн засаг маань сэхээнд ортлоо сөхөрчихөөд л байна.

Үүнээс гадна 2-3 жилийн өмнөөс бөөн дуулиан болж байсан Мүүний шашны “хэрэг” байна. Яг үнэндээ Сан Мён Мүүн гэх Хойд Солонгост 1920 оны нэгдүгээр сарын 6-нд мэндэлсэн эрийн үүсгэсэн шашны урсгал. Тэрээр өөрийгөө “даян дэлхийн” аврагч гэдэгт итгэл төгс явдаг. Мань Мүүн НҮБ-ын олон үйл ажиллагаанд байнга оролцдог бөгөөд НҮБ-д зөвхөн улстөрчид бус шашин шашны төлөөлөл багтах учиртай хэмээн нотолдог хүн. Энэхүү шашны урсгал Монголд ороод ирсэн. Үүнтэй холбоотой олон улстөрч, төрийн албан хаагч байсныг бид мэддэг болсон. Цэнхэр үст Цэрэн хэмээн олны танил болсон Э.Цэрэндолгор гэдэг эмэгтэй “…Мүүн хэмээх байгууллага энх тайван, эв нэгдэл сайн үйлс гэсэн халхавчин дор манай улсад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Өнөөдөр манай улсад ихэд дэлгэрч олон зуун хүүхдэд өөрийн итгэл үнэмшлээ олгож эх орны ирээдүй рүү түрэмгийлж байна” гэсэн. Тэрээр мөн “…Мүүн гэдэг нь 1994 онд Монгол Улсад орж ирсэн. Япон улсын гэр бүлийн хоёр хүн манайд орж ирснээр Мүүн эхэлсэн түүхтэй. Уг байгууллага нь анх эв нэгдлийн хөдөлгөөн нэрэн дор үйл ажиллагаа явуулж 18 байгууллагын сүлжээ бий болгож ажлаа эрчимжүүлсэн юм байна.  Мүүнийнхэн анхнаасаа манай улс төрчдийг урхидан өөрийн болгох зорилготой байсан уг зорилгоо амжилттай биелүүлсэн юм. Тэд өөрсдийн хөдөлгөөний залуусаа ашиглан сурталчилгааны материал тараах, мөнгө босгох зэрэг ажлыг хийж байсан аж. Мүүнд хамааралтай улстөрчдийн нэрийг дурдвал хамгийн том нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Д.Цэвээнжав, Б.Дашзэвэг, С.Баярцогт гээд дурдвал олон байна. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Сосормаа, Боловсролын Яамны стратеги бодлого боловсруулах газрын дарга Б.Насанбаяр нар Мүүнийн эхэн үеийн төлөөлөгчид. Би Мүүний гэх тодотголтой нийгэмд хорт хавдар мэт тархсан хүмүүсийг таниулснаараа мүүнд үйлчлэгч хэсэг бүлэг хүмүүс, улстөрч­дийн хараанд өртөж байна. Монгол Улсын төрийн тэргүүний хувьд, эв нэгдлийн бэлгэдлийн хувьд, Ардчиллын бэлгэдлийн хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь миний болон манай гэр бүлийнхний  амь нас, аюулгүй байдалд шууд холбоотой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.” гэлээ. Мөн тэрээр энэ оны хоёрдугаар сард “…Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн мөнгөө солонгосуудаас ямар болзолтойгоор босгосон бэ? Ард түмнээрээ асуулга тавьж бид яг ямар өр ширтэй болох, хэдэн тэрбумыг авсныг ил болгомоор байна” хэмээн мэдэгдэж, Ц.Элбэгдоржийн Мүүнийн шашныхантай уулзаж байгаа бичлэгийг тавьсан байв. Сан Мён Мүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг алгадаж буй бичлэг байдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар “… Мүүнтэй гар бариад Мүүн болох юм уу. Би Ерөнхийлөгч байхдаа Мүүнтэй уулзаагүй юм шүү. Өмнө нь уулзсан. Мүүн миний хацар дээр гараа тавиад “Гэрэлтсэн хацартай залуу байна” гэсэн. Тэгэхэд миний дургүй хүрч байсан” гэсэн тайлбарыг хийж байсан юм. Юутай ч Мүүн хэмээх шашны урсгал Монголд томоохон улстөрчид, жирийн иргэдийг ч өөртөө “нэгтгэсэн” талаарх иймэрхүү олон баримт бий. Гэвч манайхан яах ч үгүй. Бас л маньд хамаагүй гэсэн сэтгэлгээгээр асуудалд хандсаар өнөөг хүрч буй. Харин солонгосчууд төрийн хэрэгт шашныг хамааруулсан Ерөнхийлөгчөө огцруулахаар дэлхийд сүүлийн 30 жилд болоогүй жагсаалыг хийн тэмцэж байна.

Өнөөдөр дэлхийд БНСУ-ын нөлөө хамгийн тархсан улсуудын нэг нь Монгол. Монголчууд бидний нэлээд хэсэг нь бараг л өдөр тутам солонгос хоол идэж, солонгос хувцас идэж, солонгос кино идэж, тэр бүү хэл солонгос маягаар дурладаг болсон гэх хошин ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр яриа олны дунд яригдах болсон. Уг нь манай хуульчдад шударга ёсыг тогтохоор солонгос маягаар ажиллах, ард түмэнд тусгаар тогтнолоо, төрөө хамгаалахаар бурууг хийсэн хэн гуайг ч эсэргүүцэн жагсч чаддаг “ухаан суух” хэрэгтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

З.БОЛД


URL:

Нэр: gambii Огноо: 17 November 2016

Тэднийх чинь жагсаал хийхэд таатай дулаан уур амьсгалтай орон ш дээ. Манайд хүйтэн байна жагсвал ханиад хүрнэ.Тэднийх чинь ерөнхийлөгч боожгойгүй манай ерөнхийлөгч чинь боожгойтой шүү даа.Тэдний манай 2 ерөнхийлөгч өндөр нь адилхан байх.

Сэтгэгдэл бичих