“НЭЭЛТТЭЙ АРДЧИЛСАН НАМ ШИНЭЧЛЭЛИЙН НЭГДСЭН ХӨДӨЛГӨӨН”-ӨӨС УРИАЛГА ГАРГАЛАА

4752

АН-ын ҮЗХ хуралдах, мөн сар хүрэхгүйн дараа буюу 12-р сарын 6-нд намын их хурал хуралдах гэж байгаатай холбогдон шинэчлэлийн хугацаанд фракцуудыг татан буулгах, эсвэл хэсэг түр түдгэлзүүлэх уриалга гаргаж хэвлэлийн бага хурал хийн олон нийтэд мэдээлэв.

У Р И А Л Г А

Ардчилсан нам бол Монгол оронд ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээлийн нийгмийг түүчээлэн авчирсан түүхэн гавьяатай нам бөгөөд энэхүү үйл хэргийг дэмжсэн мянга мянган гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн цамхаг билээ. Ардчилсан намд асуудал байсан уу гэвэл байсан. Тэр нь намыг удирдах цөөн тооны хүний явцуу ашиг сонирхол, алдаа завхрал, фракц нэрийн дор гаарсан дүрэмгүй зодооноос үүдэлтэй. Намын бүх шатанд АРДЧИЛСАН НИЙГМИЙН амин сүнс болсон хувь хүн өөрийн итгэл үнэмшлээрээ СОНГОЛТ ХИЙХ эрх хязгаарлагдаж (фракцын буюу фракцын даргын шийдвэрийг үг дуугүй дагах), ЭРХЗҮЙТ НИЙГМИЙН амин сүнс болсон ДҮРМЭЭ МӨРДӨХ зарчим алдагдсан нь гашуун үнэн юм.

Ард түмэн Ардчилсан намаас нүүр буруулаагүй. Ард түмний жин даах хэсэг нь одоо ч манай намын үндсэн үзэл санааг дэмжсэн хэвээр, итгэл найдвараа тээсэн хэвээр. Харин биднээс алдаандаа дүгнэлт хийж, уг үндсээрээ өөрчлөгдөхийг, итгэл даах улс төрийн хүчин болж дахин төлөвшихийг хүсэн хүлээж байна. Нөгөөтэйгүүр, сонгуулийн үр дүнд өнөөдөр намын олон мянган гишүүд дэмжигчид Ардчилсан намын хүн гэдгээр хавчигдаж, эрх нь зөрчигдөж, зорьсон хийсэн үйл хэргээ үргэлжлүүлж чадахгүй бэдэн яваа хатуу ялагдлын үнэ цэнийг бид мартаж болохгүй. Бурууг бусдад тохож, өөрсдийгөө хуурч таарахгүй. Аливаа нам ялсан үедээ шинэчлэгдэхгүй, ялагдсан үедээ л жинхэнэ утгаар шинэчлэгдэх, идээ бээрээ шахаж зайлуулах боломж нээгдэх билээ. Ийм цаг үеийн шаардлага, түүхэн боломжийг бүрэн ашиглаж чадахгүй аваас, хожмоо харамсаад баршгүй.

Иймийн тул Ардчилсан намын НИЙТ ГИШҮҮДЭД хандан уриалах нь,

2016 оны 11-р сарын 16-нд болох ҮЗХ-ны хурал болон 2016 оны 12-р сарын 6-нд болох НАМЫН ИХ ХУРАЛД ач холбогдол өгч оролцох, хурлын төлөөлөгчдөд ямарваа фракцын зохион байгуулалт, урьдчилж үгссэн тохироогүй оролцох, ялангуяа намын дүрмийг хэлэлцэхэд хүн бүр гагцхүү хувь хүнийхээ итгэл үнэмшил, үзэл бодлоор асуудалд хандахыг уриалж байна! Талцлын хүлээсэн дундаас зоримог шинэчлэл гарах үндэсгүй билээ.

Мөн намын доторх ФРАКЦЫН УДИРДЛАГУУДАД уриалах нь,

Намын их шинэчлэл явагдах хугацаанд фракцуудаа татан буулгах, эсвэл түр хугацаанд түдгэлзүүлэхийг уриалж байна! Улс төрийн үйл ажиллагаа хамтын шийдвэр, багийн тоглолт байх нь түгээмэл жишиг байдаг хэдий ч, ялангуяа их шинэчлэлийн үйл явцад олон ургальч үзлийг хүндэтгэж, явцуу сонирхлоо хойш тавьж, олонхийн нийтлэг хүсэл зоригийг эрхэмлэн баримталж чадна гэдэгт итгэж байна.

НЭЭЛТТЭЙ АРДЧИЛСАН НАМ
ШИНЭЧЛЭЛИЙН НЭГДСЭН ХӨДӨЛГӨӨН
2016.11.15


URL:

Сэтгэгдэл бичих