С.Баяр, М.Энхсайханы улс төрийн карьер энд хүрээд дуусах уу?

8cd0e114ecd8f79355404ccbec7666b3Засгийн газрын хуралдаанаар  хэд хэдэн улсад суух элчин сайдуудыг томилох саналыг   хэлэлцэн дэмжиж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов. Эдгээр  дунд МҮАН-ын дарга Мэндсайханы  Энхсайханыг Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Ерөнхий сайд асан Санжаагийн Баярыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахыг дэмжжээ.

Улс төрд дэх өөрийн гэсэн орон зай, хүрээлэл, хийсэн ажил, хэлсэн үгээрээ үргэлж олны анхаарлын төвд байсаар ирсэн энэ хоёр эрхэм улс төрийн “халуун тогоо”-ноос гарч, дипломат албыг сонгосон  нь ихээхэн сонирхол татаж байна.

Дараагийн Ерөнхийлөгчөөр нэрлэгдэж байсан С.Баярын хувьд Оюу-толгойн гэрээ, Америк дахь хаусны асуудал сөхөгдсөнөөс хойш ил гарахаа болиод байсан юм.

Хотын захиргааны мэргэжилтнээс эхлээд Монгол Улсын ерөнхий сайдын албыг хашиж байсан тэрбээр  өмнө нь ядах зүйлгүй хийж байсан элчин сайдын ажлаа хэл амгүйхэн хийхийг илүүд үзсэн бололтой.

Харин МҮАН-ын дарга М.Энхсайханы хувьд Н.Энхбаяраас зам салсанаас хойш МАН-ыг илд далдхан түшиж, дэмжиж ирсэнийх нь шагнал элчин сайдын алба байв уу гэж харагдаж байна. Улс төрийн гуравдагч хүчнийг гаргаж ирэхээр олон жил уйгагүй явсан тэрбээр одоо залхсан байж болох юм.

Ямартай ч энэ хоёр эрхэм улс төрийн карьераа энд хүргээд дуусгаж байна уу гэх хардлага олон хүнд байгаа нь нууц биш.

Тэдний хэн хэн нь элчин сайдын албыг ёстой торох юмгүй, нэр төртэйгээр хашиж чадна гэдэгтэй маргах хүн байхгүй.

Ингээд өнөөдрийг хүртэл ямар замнал туулж, хэрхэн ажиллаж байсан тухай эрхэм сайдуудын CV-нээс үзээрэй.


Санжаагийн Баяр
Боловсрол

Санжаагийн Баяр нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 1973 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 10 жилийн 3-р дунд сургууль, 1978 онд Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага

1978-1979 онд Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, 1979-1983 онд Зэвсэгт хүчний жанжин штабын IV газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, “Монгол пресс” агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-д сэтгүүлч бөгөөд “Залуучууд” нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.

Улс төрд

Санжаагийн Баяр 1988 онд МАХН-д элсчээ. 2005 оны нэгдүгээр сараас МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2007 оны 10 сард болсон МАХН-ын 25-р их хурлаас түүнийг тус намын даргаар сонгожээ.

2007 оны 11 сарын 22 ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн  97.1%-ийн саналаар Монгол улсын ерөнхий сайдаар томилогдсон.

2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ түүнийг 2008 оны 9 сарын 11-ний өдрийн хуралдаанаараа оролцсон гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын ерөнхий сайдаар дахин томилсон. Хэдийгээр МАХН дангаараа засгийн эрх барихад хангалттай тооны суудал авсан ч С.Баяр Ардчилсан Намтай хамтарсан засгийн газар байгуулах шийдвэр гаргасан нь анхандаа сөрөг хүчний дуу хоолойг байхгүй болгох нь гэсэн зовнилыг нийгэмд төрүүлж байсныг үгүй хийсэн.

Гэхдээ түүний удирдсан, хамтарсан засгийн газрын үед Монгол орны хөгжилд хэрэгтэй чухал шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж чадсан гэж үнэлэгддэг. 6 жилийн турш хэлэлцээд, шийдвэрлэж чадаагүй байсан Оюутолгой ордын ашиглалттай холбоотой гэрээг байгуулснаас гадна Атрын гуравдугаар аяныг өрнүүлж, сүүлийн 20 жилийн хамгийн өндөр ургацыг 2009 онд хураан авчээ.

Тэрээр  өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсөн ба үүрэг гүйцэтгэгчээр үлдэлгүй, тэргүүн шадар сайд Норовын Алтанхуяг ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэхээр болов. 10 сарын 29-нд түүний залгамжлагчаар Сүхбаатарын Батболд тодорчээ. Улмаар МАХН-ын даргын албан тушаалаа ч С.Батболдод шилжүүлсэн тэрээр 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшээгүй

Бусад баримтууд

Санжаагийн Баяр нь Монгол улсын түүхэнд улиран сонгогдсон анхны ерөнхий сайд болсон. Түүний гэргий АН-ын гишүүн,УИХ-ын гишүүн байсан юм.

Түүнийг ерөнхий сайд байх үед 2008 оны 7 сарын 1-ний үйл явдал болж, Монгол улс түүхэндээ анх удаа онц байдал тогтоож, 5 хүний амь нас эрсдсэн хэрэг гарсан.

С.Баярыг Ерөнхий сайд байхад ” Оюу толгойн ордыг ашиглах компанитай Тогтвортой байдлын гэрээ”-г Монгол улсад ашиггүй нөхцлөөр байгуулсан нь өнөөдрийг хүртэл маргааны үндэс болж байдаг.

Мэндсайханы Энхсайхан 

1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 1978 онд Киев хотын улсын их сургууль төгссөн. Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. Орос, англи хэлтэй. АНУ, Япон, Германд мэргэжил дээшлүүлсэн. 10-р ангид байхдаа Олон Улсын Математикийн Олимпиадад оролцож, хүрэл медаль хүртэж байсан.

Тэрээр 1978-1988 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга, 1989-1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, 1992-1993 онд УИХ-ын гишүүн, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1998-2003 онд “Премьер интернейшнл” ХХК-нд захирал, 2003-2005 онд Ардчилсан намын дарга, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2004-2006 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. 2006 оны 1-р сараас 2008 он хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаартомилогдон ажиллаж байв. 2006 онд Ардчилсан намаас гарч Үндэсний Шинэ Намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан. 2011 онд тус нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон солиход даргаар нь сонгогджээ.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвсэл Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахад Энхсайхан “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирлаар томилогдсон хэдий ч хэдхэн сар ажиллаад, УИХ-аар баталсан бодлогын хүрээнд ажиллаагүй гэсэн шалтгааны улмаас халагдсан.

Түүнийхээ дараа Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгжийн захирлаар ажиллаж байгаад 2014 оны 12 сард Сайханбилэгийн засгийн газарт Монгол Улсын Сайд хэмээх албан тушаалд томилогдон, Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцаж ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн үр дүнд Сайханбилэгийн засгийн газар огцроход ажлаа хүлээлгэн өгчээ.

zuvsongolt.mn

URL:

Нэр: MONGOL Огноо: 15 March 2017

ODOO HADAN GERTEE HARIH ULDEV

Сэтгэгдэл бичих