Т.Аюурсайхан гишүүнд захидал илгээдэг шигээ бай л даа, Н.Баяртсайхан Ерөнхийлөгч өө
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах үндэслэлийг зарим хэвлэлийнхэн түгээж эхэллээ. Дотроо 4 зүйл бүхий уг үндэслэлд:
1.Валютын нөөцийг хууль зөрчин байж зарлахдаа буруу зарласнаас болж хөрөнгө оруулагчид хийгээд иргэдийг төөрөгдүүлсний дээр ханшид нөлөөлөхүйц мэдэгдэл хийсэн.
2.Мөнгөний бодлогын зөвлөлөө хуралдуулалгүй Монголбанкны захирлуудтайгаа нийлж мөнгөний бодлогын хүүг 15 хувьд хүргэсэн нь ханш өсгөхөд гол нөлөө үзүүлсэн.
3.Мөнгөний бодлогын зөвлөлд шахааны хүн томилсон нь Монголбанкны хараат бус байдалд нөлөөлсөн. Мөн мэргэжлийн хүмүүсийг халж, оронд нь улстөрчдийн шахааны хүмүүсийг томилсон нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн.
4.Эдийн засаг хүнд байгаа гэж хамгийн их ярьж байгаа хүн хэрнээ хамгийн их цалин, хангамж авдаг Монголбанкны ажилтнуудын цалинг 25 хувиар нэмсэн
зэргийг дурьдсан байгаа юм. Энэ талаар Монголбанкнаас тодруулга авах гэсэн боловч “Улс төрийн зорилготой асуултад хариулт өгөхгүй” хэмээснээс үзэхэд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ажилтнууддаа ам ангайж болохгүй гэдэг үүрэг даалгаврыг өгсөн бололтой. Өөрөөр хэлбэл, өөрийг нь огцруулах үндэслэл бүрдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд чимээгүйхэн сууж байна гэсэн үг. Үгүйсэн бол тэрбээр сонины хуудсаар дамжуулаад ч болтугай хариулт өгөх л байсан.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэдэн хатуу үг хэлчихсэнд нь “Та буруу бодож байна. Үүнийг чинь би дуугүй хараад сууж чадахгүй нь…” гэж ирээд л сонины тэргүүн нүүрэнд ил захидлаа хэвлүүлж байсныг мартаагүй хүн цөөнгүй байгаа гэж найдаж байна. Тийм учраас л дээрх дүгнэлтийг хийж байгаа юм. Тиймгүйсэн бол “Та бүхэн буруу бодож байна. Би уг нь ингэсэн юм…” гээд л сониноор дамжуулан ил захидал илгээх байсан биз ээ. Ингэхэд Монголбанкны Ерөнхийлөгч ч том юм аа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд өдөр тутмын сониноор дамжуулж хариу өгдөг. Арилжааны банкууддаа иймэрхүү том байдлаа харуулдаг ч болоосой.
У.Жанцан
Эх сурвалж http://www.info.mn
URL: