Түрийвчний өмнө жижгэрсэн гэгдэх Ерөнхий сайд Ц.Нямдоржийн араанд зуугдав уу
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын хагарал нэлээд хурцадсан бололтой. Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын МАН-ын бүлэг хаалттай хуралдах үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайдыг нэлээд “авсан”.
Тодруулбал тэрбээр “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд оруулж ирсэн саналаа зөвтгөх гэж дайраад байх юм. Ингэх нь буруу. Гишүүдийнхээ үгийг сайн сонс. Зөвтгөж ярихынхаа оронд ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох хэрэгтэй. Ерөнхий сайд болохоор цалин хасах гэх мэтийн аргуудаар хэмнэлт хийвэл ард түмэн алга таших байх гэх юм. Хэзээ ч алга ташихгүй. Халаас руу нь гараа хийсэн бол “Дараагийн сонголтоор чамайг даа” л гэнэ ш дээ. Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудлыг УИХ дахь бүлэг нь унагаад эхэлнэ гэдэг чинь Засгийн газар, бүлэг гэсэн хоёр нам ажиллаж байгаагаас ялгаагүй. Энэ нь олон нийтэд ямар харагдах вэ. Би жишээ нь, олон нийтэд таалагдахын тулд Засгийн газраас оруулж ирсэн саналуудын талаар цангаагаа арилтал ярьж чадна. Миний ярьсныг хүмүүс багагүй сонсдог юм шүү. Харин би тэвчээд л суугаад байгаа юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ц.Нямдорж гишүүний араанд зуугдсан бололтой. Харин гишүүний дараагийн тэсрэлт юу байх бол.
Засгийн газрыг өмөөрөөд толгойг нь илээд байж болохгүй. Яг үнэндээ Засгийн газрын санал дотор шинэ юм байхгүй. Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдэг. Энэ оны төсөв батлах үед Ч.Сайханбилэг цалин хасах санал оруулж ирснийг манай бүлэг эсэргүүцэж цамнасаар байгаад л болиулсан ш дээ. Үүнийг Засгийн газрын гишүүд эргэн санах хэрэгтэй байсан юм. Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ сайжруул. УИХ-аас дэмжлэг авахгүй юмыг битгий оруулж ирж бай. Тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг нэр төрөө бараад байх юм. Эцсийн дүндээ намын чинь нэр хүнд унаж байна. Бүлгийн гишүүд Засгийн газрын оруулж ирсэн саналуудыг шүүмжлээд байгаа нь эцэстээ өөрийнхөө өмсч яваа дээлийг урсан хэрэг болдог юм” хэмээсэн нь тэдний хагаралын эхлэл байсан бололтой.
Тэгвэл өчигдөр Ц.Нямдорж гишүүн Байнгын хорооны хуралдааны үеэр мөн л Ерөнхий сайдыг хатуухан шүүмжилж, бүр түрийвчний өмнө жижгэрч байна хэмээн донгодов. Учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн сард сэтгүүлчдэд 100 хоногийнхоо ажлыг танилцуулах үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчлах асуудлыг стакан устай зүйрлэсэн нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн эгдүүцлийг төрүүлсэн аж.
Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэт-ийн 49 хувийг хувьчлах гэж битгий ярь. Энэ хувьчилсан зүйл бол биш. Нэг хувьцаа эзэмшигч нь нөгөө хувьцаа эзэшигчид зарсан л юм байдаг. Монголчууд хувьчилсан гэдэг яриандаа итгэнгүүтээ энэ хувьчлалд чинь ард түмнийг бүгдийг нь оролцуулах ёстой гэж ойлгож яриад байна. Ийм зүйл бол биш. Та хэд маань ч бас зөв ойлголтыг өг. Нэг хүн өөрийнхөө эзэмшлийн стаканыг нөгөө хүнд л зарсан л асуудал байхгүй юу. Хэрвээ энийг янз бүрийн асуудал гарсан, хууль бус ажиллагаа явуулсан гэвэл жишээ нь Мөнхбатад зарсан стакан буцаад Эрдэнэбатад аа л ирнэ. Хар үгээр тайлбарлавал ийм байна” хэмээсэн юм.
Тэгвэл энэхүү үгийг Ц.Нямдорж сэтгэлдээ тээж, тунгааж явсаар өчигдөр Байнгын хорооны хуралдааны үеэр тэсрэв. Тэрбээр ”Эрдэнэт”-ийн 49 хувийг стакан устай харьцуулж Ерөнхий сайд ярихыг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй. Ингэж түрийвчний өмнө жижгэрч болохгүйшүү дээ. Ямар ганц Ерөнхий сайд үзсэн биш. Ганц намын дарга үзсэн биш” хэмээн шүүмжлэв.
Харин тэдний ийнхүү хагаралдах болсныг “Эрдэнэт”-ын захиралын асуудалтай холбоотой гэдгийг ч хэлэх хүн олон байна. Учир нь “Эрдэнэт” хэмээх саалийн үнээний захирлаар Ц.Нямдорж гишүүн өөрийн хүний томилуулах санаа агуулж байгаа бөгөөд үүнд нь Ерөнхий сайд тээг болж байгаа учир ийнхүү хатуу үг шидэж, хагаралдах болсон байхыг үгүйсгэхгүй аж.
Ямартай ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ц.Нямдорж гишүүний араанд зуугдсан бололтой. Харин гишүүний дараагийн тэсрэлт юу байх бол.
24tsag.mn
URL: