АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭВ

УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдөр Төрийн ордонд хуралдаж, агаарын бохирдлын нөхцөл байдал, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралд БОАЖ-ын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Д.Оюунхорол илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ агаарын бохирдлын асуудал зөвхөн Монголын төдийгүй дэлхий нийтийн асуудал болсныг тэмдэглэж, улс орнууд өөр өөрсдийн арга барилаар утаатай тэмцэж буйг онцоллоо.

1ДЭМБ-ын судалгаагаар өнөөдөр хот суурин газар амьдарч буй хүн амын 80 хувь нь тогтоосон стандартаас хэтэрсэн агаарын бохирдолтой орчинд амьдарч байна. Дэлхий нийтэд агаарын бохирдлоос үүдэлтэйгээр жил бүр 4,3 сая хүн нас барж байгаагийн хагас сая нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Улаанбаатар хотын хувьд ч амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өсчээ. Мөн цочмог болон архаг гуурсан хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл, багтраа, харшил, хоолой боох өвчлөл эрс ихэсч түүнд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү ихээр өртөж байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой, шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцоллоо.

Илтгэлд дурдсанаар агаар бохирдуулах гол бодисууд болох PM2.5, PM10 нь 2.5 ба 10 микроноос жижиг хэмжээтэй үл үзэгдэх тоосонцорууд юм. Тийм нарийн ширхэгтэй тоосонцор нь хавдар үүсгэх хорт нэгдлүүдийг агуулдаг ба уушигны гүнд шигдэж, зүрх судас, амьсгалын замыг өвчлүүлж, хүний дархлааны системийг устгадаг аюултай аж. Түүхий нүүрсний хэрэглээ, автомашины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн тоосжилт, барилгын тоосжилт мөн авто замын ус зайлуулах хоолойгүйгээс шалтгаалан үерийн усанд туугдан зам руу орж ирж байгаа шороо зэргээс уг тоосонцор үүсдэг. Дэлхийн олон орон тухайлбал, Англи Улс 1950-иад онд Цэвэр агаарын хууль баталж, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар тоосонцрын хэмжээг бууруулж чадсан сайн жишээ болж үлдсэнийг БОАЖ-ын сайд илтгэлдээ онцоллоо. Өнгөрсөн өвөл нэгдүгээр сард нийт 138 удаагийн хэмжилт хийхэд 133 удаад нь буюу 96 хувьд стандартаас давсан их бохирдолттой байжээ. Энэ нь өвөл харьцангуй хүйтэн болсонтой холбоотой гэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээ жилд 5,9 сая тонн, үүнээс гэр хороололд 10 хувийг хэрэглэж байгаа.Гэхдээ ялгаруулж байгаа бохирдлын 80 хувь гэр хороолол, зургаан хувь цахилгаан станцаас ялгардаг байна. Мөн 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний 10 хувийг эзэлдэг. Нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа нь ч агаарын бохирдлын гол нэг хүчин зүйл болж байгааг сайд Д.Оюунхорол илтгэлдээ дурдлаа.

Цаашид БОАЖЯ-наас Цэвэр агаар санг сэргээх, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог шинэчлэн байгуулж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах, зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах ажлыг ойрын таван жилд зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нүүрс шингэрүүлэн хий гаргах үйлдвэрийг дэмжин ажиллаж, нийслэлийн зарим гэр хорооллын айл өрхийн халаалтыг хийн халаалтаар шийдэх чиглэлийг яамнаас барьж байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнэ тарифыг бууруулах, айл өрх цахилгаанаар халаалтаа шийдэж байгаа тохиолдолд шөнийн цахилгааны урамшуулал олгох, стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох, автобусыг хийн түлшинд шилжүүлэх бодлогыг тууштай барих шаардлагатайг сайд Д.Оюунхорол онцоллоо.

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг ч агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж зориулалтаараа зарцуулагддаггүй байна. Байгаль орчны хяналтын тогтолцоо нь БОАЖЯ-наас тусдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хэрэгжиж байгаа нь хуулийг хэрэгжүүлэх асуудалд доголдол үүсч байгааг ч сайд Д.Оюунхорол илтгэлдээ тэмдэглэсэн. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах асуудал нь зөвхөн төр, засгийн ажил биш. Ард иргэдийн оролцоо, ухамсар ч туйлын чухал байгааг дурдлаа.

УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралд ЭХЯ, Нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүс оролцож өөрийн илтгэлээ танилцууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих