“АЗ ЖАРГАЛ”-ЫН БИШ АВААР, ОСЛЫН ХОТ БОЛЛОО

16Цас орсон өдрийн маргааш нь л зам, талбай бараг цас мөсгүй болчихдог байж дээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд цас орж эхэлсэн даруйд л шөнийн цагаар ч хамаагүй цас хайлуулах бодисоо цадаж, иргэдийг өглөө ажил, хичээлдээ явах үед цас хэдийнэ хайлж, замын хөдөлгөөн хэвийн үргэлжилдэг байсансан. Байлаа гэсний учир “Аз жаргалтай хот”-ыг цогцлоогчид хотын эзэд болсон эхний цаснаар л өнгөрснөө дурссан нь энэ.

Учир нь их хотын зам талбай мөсөн гулгуур адил болж, энд тэндгүй унаж бэртсэн иргэд, мөргөлдөж, эвдэрсэн машинууд таарах боллоо. Тухайлбал, ГССҮТ-д өдөрт 300-400 хүн унаж бэртсэн гэх шалтгаантай очерлох болсон гэнэ. Цас орсноос хойш хальтирч унасан, машины ослоор гэмтсэн тохиолдол бүр ч нэмэгдсэн гэдгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик, тандалт судалгааны албанаас мэдээлж байгаа юм.

Тодруулбал, зөвхөн арваннэгдүгээр cap гарснаас хойш гэхэд л нийт 1344 хүнд яаралтай тусламж үзүүлсэн гэж байна. Гэмтлийн эмнэлгийн энэхүү мэдээллээс харвал их хотын иргэд хэдэн зуугаараа хальтиргаа гулгаанаас болж, гар хөлөө гэмтээж эмчилгээний зардалд олон саяар нь хөрөнгө мөнгөө зарцуулж байна.

Гэтэл гудамж талбайн цасыг цэвэрлэх учиртай хүмүүс “Төсөв мөнгөний хүрэлцээ муу учраас давс бодисоо хэмнэж, цасаа шүүрдэж цэвэрлэж байна” гэсэн тайлбар хийгээд л хэнэг ч үгүй сууж буй. Ийнхүү цасаа шүүрдэж цэвэрлэх гэж байна хэмээн цаг алдах зуур өнөөх цас нь аль хэдийнэ мөсөн тэшүүр болчихоод байна. Тиймээс ч иргэд өдөр бүр цаг, минут тутамд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор л.

Хамгийн энгийн жишээ гэхэд хүн хальтирч унаснаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан cap, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай байдаг гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Мөн явганаас унасны улмаас нас барсан тохиолдол ч байдаг. Тэгвэл нэг өдөрт хэчнээн хүн явганаас унаж, хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа бол. Мэдээж нэлээд өндөр тоо гарна. Тэгвэл тэдний гэртээ байсан өдрүүдийн цалин, эмчилгээний төлбөрийг хэн өгөх билээ. Цасаа цэвэрлэхгүй байгаа нийслэлийн дарга нар л лав өгөхгүй нь мэдээж. Тиймээс нэн даруйхан арга хэмжээ авч, цас мөсний хотоо цэвэрлэхгүй бол бүгдээрээ группт орж мэдэхээр байна.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд ч сүүлийн хэдэн өдөр ёстой л жингүйдэж байгаа мэт мөлхөж байна. Хэдийгээр жолооч нар удаан, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож байгаа ч шил, толь шиг болсон зам дээр чинь мөргөлдөж, осол аваар гарсаар байна. Нэг жолооч хальтиргаатай замаас болоод осол гаргалаа гэхэд хамгийн багадаа 100 мянган төгрөгийн төлбөрт унадаг гэдгийг мэднэ биз дээ.

Яг үнэндээ нийслэлийн шинэ удирдлагууд гуравхан өдөр орсон цасны шалгалтад “F” дүн авлаа. Цаащдаа ч цас нэмэгдэж орно. Учир нь өчигдөр Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан Төрийн ордонд буюу Шадар сайдын өрөөнд болсон. Энэ хурлаар 16-18-ны өдрүүдэд цаг агаарын онцгой үзэгдэл болох талаар мэдээлж байна. Иймээс хотын удирдлагууд болон албан байгууллагууд ч хальтиргаа гулгаанаас сэргийлж, зам талбайгаа цэвэрлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна.

Үнэндээ “Аз жаргалтай хот”-ыг цогцлоож сүйд болдоггүй юм гэхэд өдөр бүр гарч буй аваар, ослоор амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа иргэддээ ядаж зам талбайг нь цэвэрлэж, цасаа хайлуулж, давсаа цацаж хайрлаач, хотын дарга аа.

Монголын мэдээ
Ж.Өөдлөн


URL:

Сэтгэгдэл бичих