Дипломат паспорттай иргэд Япон руу визгүй зорчиж эхэллээ
Япон улс руу 30 хоногийн хугацаанд дипломат паспорттай иргэд визгүй зорчих хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэ талаар өнөөдөр Гадаад харилцааны яамнаас албан ёсны мэдээлэл өглөө.
Дипломат паспорттай иргэд заавал албан хэргээр тухайн улсыг зорьж байгаа гэдгээ батлах албан бичиг авч явах шаардлагатай аж. Хэрэв хувийн ажлаар дипломат паспорт ашиглан визгүй зорчвол боомт дээрээс буцах эрсдэлтэй юм байна.
Харин дипломат паспортоос бусад паспорттай монгол иргэд Япон улс руу зорчихдоо тус улсын визийг авах нь хэвээрээ байгаа билээ. Цаашид манай улс 25 улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр хийж, албан хэргээр зорчиж яваа иргэдэд хөнгөлөлт эдлүүлэх тохиролцоо хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Дашрамд дурдахад, Саяхан Өмнөд Солонгос улс хилийн шалган нэвтрүүлэх боомтоороо манай улсын 30 иргэнийг буцаасан байна. Тэд бүгд албан ёсны нэвтрэх визтэй байсан ч Өмнөд Солонгосын талаас тухайн монгол иргэд нь тус улсын хууль тогтоомжийг зөрчиж, визний хугацааг хэтрүүлэх, улмаар харлах магадлалтай гэх үндэслэлээр буцаасан аж.
URL: