САЙН МЭДЭЭ: Хүй долоон худагт ЦАНЫН БААЗ байгуулна

000Өвлийн цагт Монголчууд баруун зүг рүү гарч чөлөөт цагаа өнгөрүүлэх нэгэн шинэ газар удахгүй нээгдэх гэж байна. Хүй долоон худагт байрлах “Монгол наадам цогцолбор”-ыг өргөжүүлж, дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулдаг болгох зорилгоор “UB Resort” цанын баазыг нээхээр төлөвлөжээ.

Энэ талаар “Монгол наадам цогцолбор”-ын захиалагч менежер Я.Болдбаатараас тодрууллаа.


-Хүй долоон худагт байгуулагдах цанын баазын талаар мэдээлэл өгөөч?

-“Монгол наадам цогцолбор” байгууллагаас Хүй долоон худагт цанын бааз байгуулахаар ажиллаж байна. Хүй долоон худаг Улаанбаатар хотын төвөөс 32 км-т байрладаг. Засмал замаар холбогдсон, улсын наадмын морины уралдаан болдог газар. Орчин үеийн цанын бааз барихаар төлөвлөж байгаа уг газар нь дэд бүтэцтэй холбогдсон, иргэд очоод цана, чаргаар гулгахад 00, цахилгаан, дулаанаар хангагдсан. Хувийн хэвшилтэй хамтраад бид олон зүйлийг бий болгож хийхээр төлөвлөж байна.

Энэ жилийн хувьд бид Хүй долоон худагт цана, чарганы үйлчилгээ, мөсөн шагай, мөсөн гулгуурын талбайг бүтээн байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байгаа. Тун удахгүй бид ашиглалтад оруулж, нийслэлийн иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

-Хүй долоон худагт цанын бааз байгуулахад газар зүйн ямар давуу тал байдаг вэ?

-Нэгдүгээрт иргэд очиход амар хялбар. Хоёрдугаарт салхиныхаа дээр буюу хотын баруун талд байдаг болохоор маш цэвэр агаартай.

-Хөрөнгө оруулалт нь ямар хэмжээтэй байх вэ?

-Энэ жилийн хувьд бид хөрөнгө оруулалтаа байгууллагынхаа дотоод нөөц бололцоог ашиглаж, НЗД-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Хэмжээг нь нарийн хэлэх боломж одоогоор байхгүй.

-Цаашид ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Манай байгууллага Хүй долоон худгийг жилийн дөрвөн улирлын үйл ажиллагаатай болгохоор зорьж байгаа. Ирэх жилээс орчин үеийн цанын баазыг бүрэн утгаар нь барьж, нийслэлчүүдээ амраах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Энэ жилийн хувьд нийслэлчүүд ямар ч байсан Хүй долоон худагт очиж цана, чаргаар гулгаж болохын зэрэгцээ мөсөн гулгуурын талбайгаар үйлчлүүлж, мөсөн шагай тоглож болно.

Харин ирэх жилээс томоохон хэмжээний хөрөнгө оруулалтууд эхэлж, Хүй долоон худгийг орчин үеийн стандарттай цанын бааз болгохоор төлөвлөөд, ажил нь эхэлжээ. “Монгол наадам цогцолбор”-ынхны хэлж буйгаар тус цанын бааз иргэдэд харьцангуй хямд, аюулгүй үйлчилгээ үзүүлэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих