Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй байгалийн ер бусын үзэгдлүүд
Дэлхий дээр байгалийн маш олон гайхалтай үзэгдэл болдог. Дэлхийн өнцөг булан бүрт болдог тэдгээр гайхалтай үзэгдэл нь хүмүүсийн сонирхлыг багагүй татахын зэрэгцээ гайхшралыг нь ч төрүүлсээр иржээ.
Тэгвэл зарим нь хүрээлэн байгаа орчноо хүртэл чимж чаддаг. Ингээд дэлхий дээр болдог ер бусын гайхалтай, өвөрмөц арван үзэгдлийн тухай сонирхуулъя.
1. Туйлын туяа
Дэлхийн өмнөд болон хойд туйлын бүсэд үзэгддэг туйлын туяа нь байгалийн гайхамшигтай үзэгдлүүдийн нэг юм. Дундад зууны үеийн Европчууд энэ үзэгдлийг Бурханаас илгээж буй дохио хэмээн итгэдэг байсан бол Хойд Америкийн уугуул иргэд Онгод сүнсний бүжиг гэж үздэг байжээ. Туйлын туяаг харахад хамгийн тохиромжтой газар нь Хойд Финляндын Лапланд гэдэг газар юм.
2. Мамматус үүл
Тэнгэрт үүлний маш олон өвөрмөц хэлбэр дүрс бий. Мамматус гэж нэрлэдэг энэ үүлийг эмэгтэй хүний хөхтэй зүйрлэж Breast Cloud ч гэж нэрлэдэг нь ч үндэслэлгүй зүйл биш юм. Учир нь Латин хэлнээс гаралтай Mammatus гэдэг үгийн tus нь хөх, дэлэн гэсэн утгатай ажээ. Гол төлөв аянга цахилгаантай аадар борооны өмнө хуралддаг энэ үүлний хамрах хүрээ хэдэн метрээс хэдэн зуун км ч үргэлжилнэ. Ингэхдээ зарим тохиолдолд 10 – 15 мин үзэгддэг гэнэ.
3. Нүүдэг чулуу
Хүн ба амьтны ямар ч оролцоогүй 2 – 3 жил тутам нүүдэг чулуу АНУ-ын The Racetrack Playa (ширгэсэн нуур), Little Bonnie Claire Playa, Death Valley National Park зэрэг олон газар үзэгддэг. Эрдэмтдийн нууцыг нь хараахан тайлаагүй нүүдэг чулууны нүүх чиглэл, урт нь харилцан адилгүй бөгөөд зөөлөн салхинд туугддаг гэсэн магадлалыг дэвшүүлжээ.
4. Намибын шидэт тойрог
Эдгээр нууцлаг цагариг нь Намибын цөлөөс гадна Анголд бас бий. Эрдэмтдийн нууцыг нь одоо ч тайлаагүй байгалийн ер бусын энэ үзэгдэл (цагариг) нь хоёроос 15 м диаметртэй байдаг. Зарим нь эндэхийн өвс ургамлын аймагтай холбож үздэг бол зарим нь элсний морин шоргоолжтой холбож тайлбарладаг. Намибын цөлийн хөрс үржил шим муутай, дээрээс нь хур тунадас бага ордог учраас эндэхийн морин шоргоолжнууд (Psammotermes Allocerus) өөрсдийн хоол хүнсээ ингэж нөөцөлдөг байх болох юм.
5. Эрвээхийн нүүдэл
Monarch Butterfly бол дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эрвээхий юм. Хар, улбар шар өнгийн гоёмсог төрхтэй энэ амьтан Шинэ Зеланд, Австрали, Их Британи болон Баруун Европын орнуудаар нутагладаг. Шувуудын нэгэн адилаар өмнөдөөс умард, умардаас өмнөдийг чиглэн (4000 км гаруй) нүүдэллэдэг нь эрвээхийн хувьд үнэхээр гайхалтай үзэгдэл юм.
6. Кататумбо
Венесуэлд жилийн 140 – 160 шөнө нь үзэгддэг энэ аянга цахилгааныг Кататумбо голын нэрээр нэрлэжээ. Голын захаар түгээмэл үзэгддэг энэ аянга 5 км хүртэлх өндөрт цахилна. Нэг цахилахдаа өдөрт 10 цаг үргэлжилдэг бөгөөд цаг уурчдын олж тогтоосноор цагт 280 удаа цахидаг ажээ.
7. Хуйларсан гал
Хуйларсан салхинаас үүсдэг гайхамшигтай хэдий ч аюул дагуулсан энэ үзэгдлийг өөрөөр торнадо дундах гал ч гэж нэрлэдэг. Ердөө хэдхэн минут үргэлжилдэг хуйларсан гал 10 – 50 м хүрдэг ч хэдэн км өндөрт гарах нь ч бий. Заримдаа 20 мин үргэлжилдэг хуй 160 км/ц хурдтай эргэлддэг ажээ. Хамгийн томруун судлагдсан нь 2003 онд Австралид гарсан хуйларсан гал бөгөөд диаметр нь 500 м хүрч байжээ.
8. Цасны өвөрмөц тогтоц
Хурц өнцөгтэй шовгор хэлбэрийг олж тогтсон цасны өвөрмөц тогтцыг Penitentes гэж нэрлэдэг. Гол төлөв Андын нуруу, Чили ба Аргентины хооронд орших 4000 м – ээс дээш өндөрлөг газар үүсдэг шовх оройтой цас нь хэдэн см – ээс эхлээд 5 м гаруй өндөр байдаг ажээ.
9. Хөлдүү цэцэг
Намар, өвлийн эхэн саруудад гол нуурын мандалд нимгэн мөсөн давхарга бүхий хөлдүү цэцэг ургадаг. – 22ºС хэмд ургадаг энэ ургамал судлаачдын сонирхлыг эрхгүй татдаг бөгөөд цаг агаараасаа шалтгаалж харилцан адилгүй хэлбэртэй байдаг. Эдгээр цэцэг маш эмзэг учраас дэлбээнд нь хүрэхийн төдийхөнд л унана.
10. Базальтан багана
Базальтан багана нь зузаан лаваны нөлөөгөөр байгалийн өвөрмөц төрхийг олж тогтдог. Ихэвчлэн хар өнгөтэй байдаг ч уур амьсгалын нөлөөллөөс хамаарч бор, улаан хүрэн өнгөтэй нь ч бий. Базальтан баганыг (Ирландад байдаг) сайтар ажвал хүний гараар бүтээгдсэн мэт зургаагаас арванхоёр өнцөгтэй байдаг ба ийм тогтоцтой агуй (Шотланд) ч байдаг.
URL: