Илэрсэн гэх С.Зоригийн хэргийн эргэлзээ төрүүлэх 10 ноцтой баримт
Ардчиллын загалмайлсан эцэг гэгддэг С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэн олдолгүй 18 дахь жилтэйгээ золгоод буй. Одоогоос 18 жилийн тэртээх Аравдугаар сарын 2-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг өөрийн гэртээ онц хэрцгийгээр алагдсан хэрэг гарсан.
Тухайн үед С.Зориг алагдсан хэргийн талаарх үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны Хоёрдугаар сарын 05-ны өдрийн тогтоол гарч байв. Гэвч хэрэг илрэлгүй, хэрэгтэн баригдалгүй 2016 онтой золгожээ. Монголчууд бүхэл бүтэн 18 жилийн турш түүнд зул өргөж, алуурчин баригдахыг хүлээсэн.
Харин өчигдөр буюу энэ сарын 14-нд УЕПГ-аас С.Зориг агсныг бусдад алагдсан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж ,Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгтэн хэн байв?
Одоогоос яг нэг жилийн өмнө С.Зоригийн аллагад сэжигтнээр татан 40 гаруй насны хоёр хүнийг Эрдэнэт хотоос баривчилж, байцааж буй тухайгаа Цагдаагийн газраас мэдээлсэн. Тун удалгүй түүний эхнэр Д.Булганыг ч гэрчээр дуудан, хорих 461-р ангид цагдан хорьсон байдаг. Учир нь түүнийг хэрэг гарах үед худал мэдүүлэг өгсөн байх магадлалтай хэмээн олон жилийн өмнөөс таамаг дэвшүүлж байсан билээ. Тэгвэл түүнийг баривчилж хорьсноор тэрхүү таамаг үнэн болох нь батлагдсан.
Д.Булганы талаар хэн, юу хэлэв?
С.Зориг агсны дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун Д.Булганыг баривчилсны дараагаар олон нийтэд ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзав. Хэлсэн үг нь ердөө л “Д.Булгантай уулзалгүй жил болж байна” гэсэн юм. Гэвч энэ үг сонсогдож байгаа шигээ тийм ч богино утга агуулгатай биш болохыг доор дурдах үйл явдлуудаас харж болно.
Ардчиллын анхны 13-ын нэг болох Монголын ард түмний хянан шалгах хорооны дарга Д.Нинж нэгэн ярилцлагадаа С.Зориг агсаны эхнэр Д.Булганы талаар ийн ярьжээ. “1998 оны 10 дугаар сарын эцсээр Мөрдөн байцаах газарт С.Зоригийн гэргий Д.Булган албан ёсны мэдүүлэг өгсний дараа түүнд 20 сая төгрөг шилжүүлсэн талаар тухайн үеийн сонинуудад бичиж байсан. Мөн угаалгын өрөөнд хоригдон амаа даруулан боолгосон гэх алчуурыг нь буцаагаад түүнд зангидах гэхэд толгойны нь ард хүрэхгүй байсан талаар мөрдөн байцаагчид өнөөг хүртэл нотлон ярьдаг. Ер нь улс төрийн аллага болсон газар гэрчийг амьд үлдээсэн түүх дэлхийд огт байдаггүй. Тиймээс энэ асуудлыг ч бас шалгах шаардлагатай” гэсэн байдаг билээ.
Харин ямар учраас түүнийг өнгөрөгч есдүгээр сард сулласан талаар Цагдаагийн газраас тодорхой тайлбар өгөөгүй юм. Магадгүй Хотын дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан тул түүнийг сулласан байх хэмээн олон нийт таамагласан.
С.Зориг агсны хэргийн хохирогчид
Олон нийтэд С.Зориг агсны хэрэг гэх тодотголтой энэхүү хэргийн хохирогч нэгээр тоологдохгүй. Учир нь 18 жилийн турш энэ хэрэгт холбоотой бүхэн амиа алдаж, учир битүүлэг шалтгаанаар алга болж байсан. Харамсалтай С.Зоригийн хэргийн адил нуун дарагдуулж өнгөрүүлж байв. Жишээлбэл, энэ хэрэгт холбоотой дараах 10 баримтыг дэлгэе.
1. Хэргийн газар анх очиж Д.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ түүний үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлсэн ч огт тоолгүй өнгөрүүлсэн.
2. С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж, шоронд сар гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй. Эхнэр нь зүгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан болж дууссан. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.
3. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа.
4. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх н.Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийн хөлдөж үхсэн байв. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.
5. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт байсан учир улам бүр лавшруулан шалгахыг хүссэнгүй. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан агаад гэрийнхэн нь ч “энэ бодлынхоо л золиос болох шиг боллоо” хэмээсэн байдаг.
6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.
7. Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний улмаас нас барсан. Гэхдээ О.Дашбалбар зэрэг зарим нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг хэлж байсан.
8. Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан н.Мөрөн хэмээх Өвөрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай төстэйгөөр алуулсан. Түүнийг Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч н.Мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.
9. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж магадгүй хэмээдэг.
10. Хэргийг хянаж байсан прокурор н.Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.
Энэ бүгдээс харахад яг одоо шүүхэд шилжээд буй С.Зоригийн хэргийн сэжигтнүүд үнэхээр мөн гэж үү. С.Зоригтой нийлүүлбэл арван нэгэн хүний амийг авч одсон энэ хэргийн жинхэнэ эзэн зүгээр л нэг малчид байх магадлалтай гэж үү. Хэрэг хуучирдаггүйн адил хэргийн жинхэнэ эзэд хэзээ нэгэн цагт илэрнэ хэмээн Монголын ард түмэн хүлээсэн. Хүлээсэн мөч ойрхон байхын хэрээр энд үнэн хэр их оршиж байгаа бол гэдэг л хамгийн чухал юм. Монголын шүүх шударга байх болтугай.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
URL: