Иргэдийн данснаас 14 сая төгрөг шилжүүлж авчээ
Манай улсад сүүлийн үед кибер халдлага цөөнгүй гарах болсон. Тэгвэл саяхан Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид манай улсын нэгэн арилжааны банкны интернэт банк ашигладаг хэрэглэгчдийн данс руу нэвтэрч мөнгийг нь шилжүүлж авсан хэргийг илрүүлжээ.
14 сая төгрөгийн хохиролтой, 14 хохирогчтой тус хэрэгт сэжиглэн бүлэг этгээдийг шалгаж эхэлсэн байна. Хэрэгт Баянгол дүүргийн эрхэлсэн ажилгүй 23 настай Б, Хан-Уул дүүргийн харъяат 22 настай Б, СХД-ийн 25 настай Г нарыг сэжигтнээр татсан байна. Мөн БНХАУ-ын Эрээн хотод ажилладаг 24 настай М, Баянгол дүүрэгт оршин суудаг 23 настай эмэгтэй Э нарыг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа юм байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчинд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.УЯНГА
URL: