Өмчөө авахын тулд үүдийг нь өшиглөөд орно гэж ярьдаг “Глоб”-ын Ж.Мэндбаяр үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес эхлүүлжээ

49

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны 10 тэрбумын хэргээр чанга дэглэмтэй хорих ангид 10 жил ял эдлээд гарч  ирсэн “Глоб” группын ерөнхийлөгч асан Ж.Мэндбаяр өөрийг нь төр засгийн нөлөө бүхий эрхмүүд бодлоготойгоор унагаасан гэж хэлж ярьдаг. Тэдгээр хүмүүсийгээ үйлийн үрээ эдэлсэн, эдэлж байгаа хэмээн хэлж буй. Харин өөрийнх нь тухайд үйлийн үр гэх юм байх ёсгүй гэсэн утгатай зүйлийг хэлж ярьж байгаа. Ямартаа ч “эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэгчээр 10 жил суугаад гарсан тэрбээр үл хөдлөх хөрөнгө зуучлал, үл хөдлөх хөрөнгийн чиглэлийн “Өнөр хаус” компанийнхаа үйл ажиллагааны талаар телевизийн нэвтрүүлгээр нэлээд хэлж ярих болж. Амжилтад хүрээд, 1233 хохирогчийнхоо хохирлыг барагдуулна гэж хэлсэндээ хүрвэл сайн л биз.

Ж.Мэндбаяр хэлэхдээ өмч хөрөнгийг нь төр үнэгүйдүүлсэн гээд байдаг.  Тэрбээр “Миний хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа 25 дахин багаар үнэлсэн. Ганданд байрлах дөрвөн давхар барилгыг минь ердөө ганцхан давхараар нь буюу 274 м2-аар үнэлсэн.”Глоб кредит” ХЗХ-ны байр буюу одоогийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн барилгыг анх хурааж авахдаа 4 тэрбум 420 сая төгрөгөөр үнэлээд байсан ч гурван жил цоожилж хаясныхаа эцэст ердөө тэрбум 572 сая төгрөгөөр зарсан. Миний нэр дээр данстай 20 газар байсны хоёрхоныг зарсан хэрнээ үлдсэн нь тодорхойгүй алга болсон. Үүнийхээ учрыг олно. Миний өмч хөрөнгө учраас хаалгыг нь өшиглөөд орно. Битгий асуудал үүсгээрэй″ гэж байсан.

Гэхдээ тэрбээр санаснаараа үүд хаалга өшиглөөд ороод байх нь хэцүү хэрэг л дээ. Учир нь түүний өмчүүдийн нэгийг авсан хүн Эрүүгийн цагдаагийн газар гомдол гаргасан байдаг. Гомдлын агуулга нь “”Глоб”-ын Ж.Мэндбаяр олон залуустай ирж манай нөхрийг сүрдүүлсэн. Ингэхдээ байраа суллаж өгөхийг шаардсан” гэсэн байдаг. Тэгэхээр Ж.Мэндбаярын тухайд ийм  аргаар өмчөө буцааж авч чадахгүйгээ ойлгоо байлгүй.

Эргэн сануулахад,  шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 26 хадгаламж зээлийн хоршоодын нэг нь “Глоб кредит” ХЗХ юм. Хоршоог үүсгэн байгуулагч  Ж.Мэндбаяр шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж буйгаа өнгөрсөн жилүүдэд олонтаа илэрхийлж ирсэн.  Уг нь   1200 гаруй хохирогчийн асуудалтай холбоотой тус хоршоонд холбогдох хохирол барагдуулах үйл ажиллагаа өнгөрсөн жилүүдэд явагдаж ирсэн гэх мэдээлэл байдаг.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 тоот шийтгэх тогтоолоор “Глоб кредит” ХЗХ-ны үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяраас 11,729,818,476 төгрөг, М.Цэцэгмаагаас 97,989,662 төгрөгийг тус тус гаргуулж нэр бүхий 1233 хохирогч нарт олгох, 14453 ширхэг 4,453,020,624 төгрөгийн эд хөрөнгийг худалдан борлуулж хохирогч нарын төлбөрт тооцохоор шийдвэрлэсэн байдаг.  Улмаар Шүүхийн шийтгэх тогтоолын дагуу мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн 14647 ширхэг 4,474,570,561 төгрөгийн эд хөрөнгөөс 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сар хүртэлх хугацаанд хүлээн авахаас 3,493,439,000 төгрөгийн үнэлгээтэй 23 үл хөдлөх эд хөрөнгө, 769,048,344 төгрөгийн үнэлгээтэй 9038 ширхэг хөдлөх  нийт 4,262,487,344 төгрөгийн үнэлгээтэй 9061 ширхэг эд хөрөнгийг Цагдаагийн байгууллагаас хүлээн авч, 327,725,570 төгрөгийн үнэлгээтэй 5593 ширхэг эд хөрөнгийг давхардуулж бичсэн, хадгалалтанд авсан хүн үрэгдүүлсэн гэх шалтгаанаар хүлээлгэн өгөөгүй аж.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 675,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 объектийг шүүхийн шийдвэрээр дуудлага худалдах хөрөнгөөс чөлөөлжээ.

Иргэний хариуцагчаар тогтоогдсон 6 төлбөр төлөгч төлбөрөө төлж барагдуулсан тул 189,985,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, 1,869,760,340 төгрөгийн 13 үл хөдлөх эд хөрөнгийг 8777 ширхэг 338,807,660 төгрөгийн дагалдах хөрөнгийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан ба 248 ширхэг 33,280,300 төгрөгийн хөдлөх эд хөрөнгүүдийг дэлгүүрийн журмаар худалдан борлуулж нийт 2,573,376,560 төгрөгийг төвлөрүүлжээ.  Худалдан борлуулсан эд хөрөнгийг оноор нь авч үзвэл:

2008 онд 451,564,700

2009 онд 257,325,800

2010 онд 1,845,773,560

2012 онд 18,712,500 төгрөг байна.

Худалдан борлогдоогүй 68,104,000 төгрөгийн үнэлгээтэй 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө нь хөрөнгийн маргааны улмаас худалдан борлогдоогүй, 272 ширхэг 372,508,100 төгрөгийн үнэлгээтэй хөдлөх хөрөнгийн үлдэгдэлтэй байв. ШШГЕГ-ын мэдээллээр бол эдгээр хөдлөх эд хөрөнгүүд нь анхнаасаа одоогийн зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлэгдсэн, хийц загвар нь хоцрогдсон, зориулалтаар нь ашиглах боломжгүй зэрэг байдлаас шалтгаалан худалдан борлогдохгүй, хүндрэлтэй байдал үүссэн юм байна.  Тэгсэн ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 39 дүгээр зүйлийн 39,8-д заасны дагуу хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг 2012 оны 4 дүгээр сараас эхлэн Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод санал болгосон гэх мэдээлэл бий. Гэхдээ “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулалттай холбоотой ажиллагаа ямар түвшинд байгаа талаарх нэгтгэсэн мэдээллийг тус газраас тоймлосон байдлаар хэвлэлийнхэнд өгч байгаагүй.

За харин Ж.Мэндбаярын тухайд өөр зүйлийг хэлж суугаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих