Төлснөө авахын тулд 132 наслах хэрэгтэй. Яах вэ?

Д.ГАНТУЛГА

Монголын Актуарчдын Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга

000

Нэг. МОНГОЛЧУУДЫГ ЯДУУРУУЛДАГ ТОГТОЛЦОО

 

Монгол Улсын Засгийн газрын “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 2015 оны 52 дугаар тогтоолын дагуу 2015 оны гуравдугаар сараас ахмад настны сарын дундаж тэтгэвэр 26 мянган төгрөгөөр нэмэгдэж, 283.4 мянган төгрөг болж тогтсон. Гэтэл хоол хүнс, хувцас хунар зэрэг өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний өнөөгийн үнэ ханшийг сарын 283 мянган төгрөгийн орлоготой хүний амьжиргаатай зэрэгцүүлж бодъё. Шулуухан хэлэхэд, эгэл жирийн амьдралтай монгол хүн бүр тэтгэвэрт гармагцаа эрс ядуурдаг бөгөөд тэднийг өлмөн зэлмэн амьдрал угтдаг нь хэвийн үзэгдэл болжээ. Үндэсний Статистикийн Хорооны тооцоолсноор 2015 онд Улаанбаатар хот дахь амьжиргааны доод түвшин 185.4 мянган төгрөг байв. Өөрөөр хэлбэл, насаараа ажил хөдөлмөр эрхэлсэн, боломжийн сайхан амьдралтай иргэд тэтгэвэрт гарсан даруйдаа үр хүүхдийнхээ гарыг харахаас өөр аргагүйд хүрдэг тийм л “сонголт” ахмадуудад үлддэг. Хэрэв энэ хэвээр үргэлжилвэл, өнөөгийн залуусыг ч ижил нөхцөл байдал хүлээж байгаа. Энэ бол өндөр насны тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцооны үнэн нүүр царай, дүр төрх юм.

Ийм байдал яагаад үүсэв? Ажил орлоготой үедээ нийгмийн даатгалд хангалтгүй хэмжээний шимтгэл төлснөөс болж тэтгэврийн хэмжээ бага тогтоогддог уу? Тооцоолоод үзье. 2015 оны гуравдугаар сарын байдлаар монгол хүний сарын дундаж цалин 844 мянган төгрөг байсан. Ийм цалинтай хүн сар бүр тэтгэврийн даатгалын шимтгэлд өөрийн зүгээс долоон хувь, харин ажил олгогчоос долоон хувь буюу нийт 118.160 төгрөгийг төлдөг. Тэгвэл, тэтгэвэрт гарах хүртлээ дундаж монгол хүн 30 жил ажиллана, нөгөө талаас тэтгэвэрт төлж буй мөнгөний жилийн хүү 10 хувьтай тэнцэнэ гээд тооцвол нийт 245 орчим сая төгрөгийн хуримтлал үүснэ. Энэ бол татвар биш, харин тэтгэврийн даатгалын санд та цалингаасаа төлсөн мөн ажил олгогчийн зүгээс төлсөн Таны мөнгө бөгөөд өөр хэний ч мөнгө биш. Хүн амын орлогын албан татварыг бид цалин орлогоосоо тусад нь төлдөг. Тэгэхлээр 60 настайдаа тэтгэвэрт гарсан, сард 283 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн, тэтгэврийн даатгалын санд төлсөн бүх мөнгөө амьд сэрүүндээ буцааж авахын тулд тэтгэвэрт гарснаас хойш 72 жил амьдрах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, та 132 наслаж байж төлсөн мөнгөө бүгдийг гүйцээж авах боломжтой болно. Өнөөгийн өндөр насны тэтгэврийн даатгалын тогтолцооны үнэн дүр төрх ийм байдалтай байна. Энэ гажуудлыг засч залруулахад зөв шийдэл, холч бодлого хэрэгтэй, хугацаа шаардлагатай. Харин тэтгэвэр нэмэгдүүлэх талаар боломжит бүхий л арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлэхийг даатгуулагч бид төрөөс шаардах эрхтэй.

 

Хоёр. ЦААШИД БАЙДАЛ САЙЖРАХ УУ, ЭСВЭЛ БҮР МУУДАХ УУ?

 

2015 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлого 719.0 тэрбум төгрөг, харин зарлага 1.192.0 тэрбум төгрөгтөй тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, залуусын төлж буй шимтгэл ахмадуудын авч байгаа тэтгэвэрт хүрэлцэхгүй байгаа гэсэн үг. Цаашид нийт хүн амд эзлэх ахмад настны хувь хэмжээ өсөхийн хэрээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг энэ тогтолцоо мухардаж, улам хүнд байдалд орно. Үүнийг өөрчлөх, эртхэн засах талаар мэргэжилтнүүд дуугарахад төр засгийн зүгээс хариулдаг жижүүрийн хэдэн үгтэй. “Залуусын төлж байгаа шимтгэлээр ахмадуудын тэтгэврийг тавина. Одоогийн залуусыг хөгшрөхөөр дараа үеийн залуус тэтгэврийг чинь төлнө, энэ бол иргэдийн нийгмийн хариуцлага” гэж мэдэмхийрэхдээ төрийн хариуцлагын тухай дурдалгүй орхиж, харин энэ бол та нарын, үе хоорондын асуудал гэж түлхдэг.

Тэтгэврийн шинэчлэлийн талаарх төрөөс баримтлах бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дараах дүгнэлтийг хийж болно.

Нэгд, Монголын төрд улс эх орны ирээдүй, өөрөөр хэлбэл өөрөө өөртөө итгэх итгэл алга. Ингэж дүгнэхийн учир нь 2015 оны зургадугаар сарын 16-ны өдөр УИХ-аас баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-д тусгаснаар ард түмнийг ядууруулдаг энэ тогтолцоог засах эдийн засгийн боломж хаа байсан 2030 оноос хойш буюу нэр бүхий нийтлэлчийн хэлснээр “өөрсдөө үхэж далд орсны дараа” л гарна гэж үзжээ.

Хоёрт, Монголын төрд улсынхаа хөгжил дэвшлийг урт хугацаанд харах, төлөвлөх мэдлэг, чадвар дутаж байгаагийн нэг илрэл нь нийгмийн даатгалын асуудлыг нэг салбарын, нэг яамны ажил гэж ойлгодог. Улсын хөгжлийг цогцоор нь багтаасан нэгдсэн стратеги төлөвлөлт, баялаг бүтээх зөв арга замыг дэвшүүлж чадаагүй цагт энэ бэрхшээл арилахгүй. Ирээдүйн тэтгэврийн даатгалын алдагдлыг санхүүжүүлэх зорилготой сан байгуулах тухай хуулийг 2016 оны нэгдүгээр сард баталсан. Тэтгэврийн сан байгуулах нь зөв алхам. Гэтэл зарим хүмүүс таны ирээдүйн тэтгэврийг “ууж идэх” оролдлого хэмээн санаатайгаар мушгидаг. Үнэн хэрэгтээ байхгүй юмыг юуг нь ч идэхэв… Харин энэ санг найман хувийн ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдсэн шиг Засгийн газар Монголбанктай нийлж мөнгө хэвлээд амар хялбар аргаар байгуулчихна гэж харж байгаа нь дэндүү харалган. Ийм аргаар шийдэх нь санхүүжилтийн эх үүсвэрийг инфляциар дамжуулан далд байдлаар ард иргэдээс гаргуулахтай утга нэг.

Гуравт, монгол түм­нийг, ахмад буурлуудыг ядууруулдаг халамжийн даатгалын одоогийн тогтолцоог энэ хэвээр нь хадгалаад, зөвхөн улс төрийн хонжоо харж “шинэчлээд” байна уу гэсэн хардлага өөрийн эрхгүй төрнө. Учир нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга замыг огт хайхгүй хэрнээ хамралыг нэмэгдүүлж, аль болох олон хүнд сайхан харагдах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн шимтгэлийн дор хаяж 50 хувийг төрөөс даана хэмээн амлаж, популизм хийдэг. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан “мэргэжлийн” Засгийн газар нь малчдын тэтгэврийн насыг 2018 оноос эхлэн таван жилээр урагшлуулахаар амласан байх жишээтэй. Мөн одоогийн 14 хувийн тэтгэврийн шимтгэлийг хэмжээг нэмж, 2019 он гэхэд 19 хувь болгоно гэв. Гэтэл цалингаасаа шимтгэл төлж тэтгэврийн санг бүрдүүлдэг, санхүүжүүлдэг хүмүүсийн эрх ашгийн талаар хэн ч ярихгүй байна, тэдний авдаг нь адилхан ч өгдөг нь ихэссээр…

 

Гурав. ТЭТГЭВРИЙН ДААТГАЛД ЯМАР ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА?

 

Тэтгэврийн даатгалын тогтолцоо нь тэтгэвэрт гарах нас, шимтгэлийн хувь, тэтгэврийн доод хэмжээ зэрэг үндсэн параметрүүдтэй байдаг. Гэтэл тэтгэврийн шинэч­лэлийн дор тэтгэврийн насыг өөрчлөх эсвэл шимт­гэлийн хувийг нэмэх зэргээр зөвхөн парамет­рүүдийн өөрчлөлтийг ойлгох нь өрөөсгөл. Эдгээр параметрүүдийг яаж ч өөрчлөөд бидний амьжиргаанд хүрэлцэхүйц тэтгэвэр олгодог тогтол­цоотой болох боломжгүй тул одоогийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх зайлш­гүй шаардлагатай.

Орчин үеийн тэтгэв­рийн даатгалын дэлхийн түүхэн хөгжлийг авч үзвэл анх халамжийн шинжтэй үүссэн энэ тог­толцоо сүүлийн жилүүдэд шимтгэлд суурил­сан хуримтлалын тог­тол­­цоонд шилжих явц идэвхтэй өрнөж байна. Үүнийг халамжийн төрөөс хөгжлийн төрд шилжиж буй том үйл явцын нэг хэсэг гэж үзэж болно. Тухайлбал, Их Британи улсад анх 1908 онд 70-аас дээш насны, жилийн 31.5 фунт стерлингээс доош орлоготой иргэдэд төрөөс долоо хоногт 25 пенс олгож эхэлсэн түүхтэй. 2015 оны байдлаар тус улсад 6000 гаруй цалинд суурилсан тэтгэврийн сан байгаагаас 5000 гаруй нь алдагдалд оржээ. 2016 оны долдугаар сарын байдлаар тус улсын цалинд суурилсан тэтгэврийн сангууд нийтдээ 384 тэрбум фунт стерлингийн алдагдалтай ажиллаж байна. Ийм учраас сүүлийн жилүүдэд цалинд суурилсан сангууд шинээр даатгуулагч авахгүй байгаа бөгөөд шимтгэлд суурилсан хуримтлалын сангууд ихээр ашиглагдаж байна. Шимтгэлд суурилсан хуримтлалын тогтолцоо гэдэг нь энгийнээр ойлговол таны мөнгийг хадгалаад, өсгөөд, буцаагаад таны тэтгэвэрт өгдөг тогтолцоо гэсэн үг.

ХХ зуунд өндөр хурдтай хөгжсөн улсуудад ажиглагддаг нийтлэг нэг үзүүлэлт бол хөгжлийн эхэн үед үндэсний хэмжээнд хөрөнгийн хуримтлал бүрдүүлж чадсан байдаг. Дийлэнх тохиолдолд тухайн улс үндэстний төр нь манлайлан ажиллаж нийгмийн даатгалын сан байгуулах, эсвэл татварын хэрэгслүүд ашиглах, эсвэл хөрөнгө оруулалтын банк байгуулах замаар “албад­лагын хуримтлал”-ыг бий болгодог ажээ. Үүнд, жишээ нь, Норвеги улс анх 1967 онд үндэсний хуримтлалын тогтолцоог (анх “National Insurance Scheme Fund” нэртэй эхлээд хожим “Government Pension Fund Norway” болсон) нийгмийн даатгалд түшиглэн бий болгосон ба энэ сан нь зөвхөн Норвегийн дотоодын зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг. Харин хожим 1990 онд төсвийн тогтвортой байдлыг хангах зорил­гоор газрын тосны орлогоос санхүүжүүлж бий болгосон “Government Pension Fund Global” сан нь зөвхөн гадаад зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл монголчууд бид алгасах дуртай сэтгэлгээндээ автаж дотоодын хөрөнгө оруулалтын эрэлт, хэрэгцээ өндөр байсаар байтал зөвхөн гадаадад хөрөнгө оруулалт хийх зориулалттай “Ирээдүйн өв сан” байгуулах хууль баталж “балайрав”. Мөлхөж сураагүй хэрнээ хөлд ороод гүйж яваа айлын хүүхдийг дуурайн аяглах энэ мэт шийдлүүд нь монгол төрийн эрхэм түшээдийн мэдлэг, туршлага нимгэн байгаагийн тусгал юм.

Өндөр насны тэтгэв­рийн даатгалын тогтолцоо нь монголчуудыг ядуу­руул­даг, санхүүгийн чад­варгүй, улстөрчдийн дур сонирхлоор “шинэч­лэгддэг” одоогийн энэ байд­лаас салж, үндэсний хуримтлалын тогтолцоонд шилжих замаар Монгол Улсын хөгжлийн тулгуур баганын нэг болох ёстой.

 

Дөрөв. ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХУВИЛБАРУУД

 

Монгол Улсын тэтгэврийн даатгалын тогтолцоо нь шимтгэлд суурилсан хуримтлалын тогтолцоо болон өндөр настнуудын амьжиргааны баталгааг хангасан суурь тэтгэвэрийн тогтолцооноос бүрдэх нь зүйтэй. Шинэчлэлийг хэрэгжүүлэх дараах гурван хувилбар байж болно.

Нэгд,одоогийн тогтолцоог бүхлээр нь хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, суурь тэтгэврийг төрөөс шинээр нэмэлтээр бий болгох,

Хоёрт, одоогийн тогтолцоог хэсэгчлэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлж, үлдсэн хэсгийг суурь тэтгэвэр болгох,

Гуравт,одоогийн тог­толцоог бүхлээр нь суурь тэтгэврийн зорил­гоор ашиглаж, ху­римт­лалын тогтолцоог ху­вийн салбарын орол­цоо­­­той­гоор шинээр хөгжүүлэх.

Баримжаалан тооцоол­бол дундаж монгол хүний төлж байгаа тэтгэв­рийн даатгалын шимт­гэлийн 1/3 орчим нь өөрийн авч байгаа тэтгэвэрт зарцуулагдаж, харин үлдсэн 2/3 нь халамжийн чанартай тэтгэвэрт зарцуулагдаж байна. Өөрөөр хэлбэл бид тэтгэврийн даатгалын шимтгэл нэрийн дор “нуугдсан” орлогын албан татвар төлдөг гэсэн үг. Иймд, дээр дурдсан II хувилбарт тэтгэврийн шимтгэлийн 1/3-ийг хуримтлалын тогтолцоонд шилжүүлж, үлдсэн 2/3-ийг суурь тэтгэвэрт зарцуулах замаар шинэчлэлийг эхлүүлж болно.

(Зураг 1)

Шинэчлэлийн хувилбаруудыг тэтгэврийн шимтгэлийн хувиарлалтаар үзүүлбэл:   

Эдгээрээс шинэчлэлийг эхлүүлэх хамгийн тохиромжтой нь II хувилбар байх болов уу. Учир нь I хувилбарыг хэрэгжүүлэхэд ойрын жилүүдэд төсөв дийлэхгүй, харин III хувилбар нь одоогийн тогтолцоо нь шимтгэл өндөртэй, иргэдэд ашиггүй, нэмэлтээр бий болгох хуримтлалын тогтолцоо нь сайн дурын байх шаардлагатай зэрэг сул талтай.

Хуримтлалын тогтол­цоотой хамт хэрэгжүүлэх суурь тэтгэвэр гэдэг нь тэтгэврийн насны Монгол Улсын иргэн бүр яс үндэс, удам угсаа, шашин шүтлэг, оршин суугаа хаягаас үл хамааран хүртэх тэтгэвэр гэж ойлгоно. Хэдийгээр тэтгэврийн насны хүн бүр хүртэх боловч хуримтлалын тэтгэврийн хэмжээнээс хамаарч иргэдийн авах суурь тэтгэвэр өөр өөр байх боломжтой (Үндсэн зарчмыг графикаар үзүүлэв. Зураг 2).

Тэтгэврийн даатгалын шинэчлэлийг эхлүүлснээр:

vТэтгэврийн даат­галын талаарх төрийн бодлого, үүрэг хариуцлага, зорилго тодорхой болно, намуудын мөрийн хөтөлбөр ойлгомжтой болно,

vҮндэсний хуримтлалын тогтолцоо бий болно,

vУрт хугацааны дотоодын төслүүдийг санхүүжүүлэгч институцийн хөрөнгө оруулагч бий болно, хөрөнгийн зах зээл хөгжинө,

vТэтгэврийг олгоход анниути гэрээг ашиглаж эхлэх боломж бүрдэнэ, анниути зах зээл болон хувийн хэвшлийн салбарыг хөгжүүлэх эхлэл тавигдана,

vМонголчууд өөрсдийг нь ядууруулдаг тогтолцооноос сална, нийгмийн дундаж дав­харга бэхжиж нэмэгдэхэд бодит түлхэц болно.

 

Тэтгэврийн даатгалын талаар өнөөг хүртэл авч хэрэгжүүлсээр ирсэн арга хэмжээ, мөн 2030 он хүртэл баримтлах дунд хугацааны төрийн бодлогыг шинжилвэл цаашид нөхцөл байдал сайжрах бус харин бүр дордох төлөвтөй байна. Монгол Улсын төсвийн 15 орчим хувийг эзэлдэг тэтгэврийн даатгалын шинэчлэлийн асуудал нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн томоохон хэсэг байх нь гарцаагүй. Гагцхүү монгол төр нь улс үндэстнийхээ хөгжлийг манлайлж, хөгжлийн асуудлыг цогцоор нь харж, эдийн засгийн хөгжлийн шийдэл санал болгож, урт хугацаанд төлөвлөж ажиллаж чаддаг болохыг цаг үе шаардаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих