Газрын тосны 19 дүгээр талбайд Хятадын “Нөмрөг Ээл” компани дураараа дургиж байна

147908312658290476b7990Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаад 10 жилийн нүүр үзэж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” компанийн охин компаниуд, мөн туслан гүйцэтгэгч компаниудтай холбоотой хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна. Тодруулбал,  тус компанийн 19 дүгээр талбайд Хятадын хөрөнгө оруулалттай, эзэн нь хятад, давхар туслан гүйцэтгэгч нэртэй “Нөмрөг Ээл” гэх нэртэй компани дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна.

Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 11.2.5-д заасан “Өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох” гэсэн заалт бий. Энэ заалтыг хятад компаниуд овжноор ашиглаж, өөр хоорондоо хуйвалдаан хийж, Монгол Улсад компани байгуулж,  давхар туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ажилладаг аж. Ингэснээрээ үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийг хөдөлмөрийн зах зээлээс шахан зайлуулж, Монгол Улсад орж ирэх төгрөгийн болон вальютын их хэмжээний урсгалыг өмнөд хөрш рүү зөөсөөр байна.

Тухайлбал, “Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК-ийн охин компани болох “Цагаан хэрэм” нь шингэн хагалбар болон өрөмдлөгийн ангитай. Тус анги нь ачаа тээврийн үйл ажиллагаагаа 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай “Дорнын их гэгээ” компаниар гүйцэтгүүлж байгаад 2014 онд гэрээгээ цуцлан, “Нөмрөг ээл” хэмээх Монголд бүртгэлтэй хэрнээ хятад эзэнтэй компанийг туслан гүйцэтгэгчээр авсан байна.

Тус компанийг үүсгэн байгуулсан эзэн Лю овогт Фэншуань анх газрын тосны талбайд туслах ажилтнаар ажиллаж байгаад 2014 онд компани байгуулан, том оврын тээврийн тэрэг оруулж ирээд “Цагаан хэрэм” шингэн хагалбарын компанийн тоног төхөөрөмжийг зөөвөрлөх болжээ.

Сурвалжлах багийнхан “Нөмрөг Ээл” компаниар ороход эзэн нь Улаанбаатараас яг ирсэн байж таарав. Түүнээс тэрбээр компаниараараа огт ирдэггүй, үзэгддэггүй нэгэн байж.

Жижигхэн биетэй ч омог ихтэй, мэргэжил боловсролгүй энэ нөхөр монголоор сайн ярьдаг, ойлгодог хэрнээ “Би Хятад хүн, юу ч мэдэхгүй” хэмээн дотор хүний санаа гарган орчуулагчаар дамжуулан харьцаж байснаа сүүлдээ  “Би Хятад хүн. Монгол Улсад компани байгуулж болохгүй юу. Танай аймгаас хүмүүс ирээд дандаа болохгүй, болохгүй гээд лац тавьдаг. Би үнэндээ ядарч, уур минь хүрч байна” гээд монголоор хилэнтэйеэ дуржигнуулж гарав.

Түүнд нуух бас нуугдах зүйл олон байв. Харин “Петро Чайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК-аас асуухаар “Тийм компанийн нэр дуулдаад байгаа, гэхдээ манайд албан ёсоор бүртгүүлээгүй” гэсэн юм. Мөн хууль бус үйлдлүүдтэй нь холбоотой гомдол санал цагдаагийн хэсэгт удаа дараалан ирж байсан аж. Өнөөдөр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бүх компани хүний нөөцийн бүртгэлээ цагдаагийн хэсэгт гаргаад өгсөн байхад ганцхан “Нөмрөг Ээл” компани мэдээллээ өгөөгүй байх жишээтэй. Тус компанийн ажилчдын байраар ороход хамар сэтлэм эхүүн үнэртэй, бохир орчин биднийг угтсан юм. Мөн харуул хамгаалалт байсангүй.

Энэ мэтчилэн монголд бүртгэлтэй ч хятад эзэнтэй, хуулийг үл тоомсорлож, дураараа дургиж буй компаниудаас гадна Монголд бүртгэлгүй, татвараа БНХАУ-д төлдөг компаниуд ч бас байна. Тухайлбал,  “Дачин Дашен” шавхалтын  компанийг нэрлэж болно. Энэ нь Газрын тосны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 11.2.5 дахь заалтыг зөрчиж байгаагын бас нэгэн жишээ  юм. АМГТГ-аас компаниа монголд бүртгүүлэх шаардлага тавихаар хоёр улсад давхар татвар төлж, алдагдал хүлээх гээд байна гэсэн тайлбар тавьдаг гэдгийг албаны хүн хэлж байна.

О.Энхбаяр: Монгол хүний хийж чадах ажлыг Хятад хүнээр хийлгэхгүй байх бодлого баримталж байгаа

“Цагаан хэрэм” компани “Нөмрөг Ээл” компанийг туслан гүйцэтгэгчээр авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн эсэх, тэдний эрхлэн хийж байгаа ажлыг үндэсний компаниуд яагаад хийж болохгүй гэдгийг, мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээ, гадаад ажилчдын квотын асуудлаар Газрын тосны газрын Ашиглалтын хэлтсийн дарга О.Энхбаяраас тодрууллаа.

-Үндэсний компаниуд гадаад тээвэр эрхэлье гэхээр хятадын тал зөвшөөрөл өгдөггүй гэдэг. Гэтэл манай талаас хятадын компаниудыг дэмжиж зөвшөөрөл өгөөд байгаа. Ер нь “Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” компанийн Туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад монголын тал хэр үүрэг, нөлөөтэй оролцож байгаа вэ?

-Монгол улсын Засгийн газар гэрээний нэг талын хувьд үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй. Тухайлбал, туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа АМГТГ-ын төлөөллийг оролцуулна, мөн гэрээгээ хянуулна гэдгийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний шинэ загварт тусгаад өгчихсөн байгаа.

Одоогийн байдлаар БНХАУ-ын 6, монголын 1 компани олон улсын тээвэр эрхэлж байна. “Нью стар” гээд монголд бүртгэлтэй компани бий. Гэхдээ цаанаа мөн л хятад эзэнтэй компани юм билээ.Жинхэнэ монгол эзэнтэй компани өнөөдрийн байдлаар гадаад тээвэр эрхэлье гээд бичиг баримтаа бүрдүүлээд ирсэн тохиолдол гараагүй байгаа. Хэрвээ тийм компани орж ирж гэмээнэ бид мэдээж, монголынхоо компанийг нэн тэргүүнд дэмжихийг бодолгүй яах вэ. Олон улсын тээвэрт ашигладаг том оврын машинууд нь өндөр өртөгтэй байдаг болохоор монгол компаниуд энэ ажил руу орчихж чадахгүй байгаа юм болов уу гэж би ойлгодог. Харин хятадын талаас яагаад зөвшөөрөл өгөхгүй байгааг мэдэхгүй байна. 2017 онд ачаа тээврийн чиглэлээр тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийнэ.

-Тэгвэл туслан гүйцэтгэгч компаниуд давхар туслан гүйцэтгэгч авч ажиллуулах эрхтэй юу? Энэ талаар хууль болон гэрээнд  тусгасан уу? 19-р талбайд ажиллахад иймэрхүү байдлаар ажиллаж байгаа хэд хэдэн компани байна л даа?

Туслан гүйцэтгэгч компани давхар туслан гүйцэтгэгч авч болно эсвэл болохгүй гэсэн заалт гэрээнд ч, хуульд ч байхгүй. Уг нь туслан гүйцэтгэгч гэхээр мэргэжлийн боловсон хүчин болоод техникийн хувьд чадамжтай, дээр нь үйлчилгээнийх нь үнэ хямд байх ёстой. Гэхдээ мэргэжлийн багаар тодорхой ажлаа хийлгэх тохиолдол байдаг л даа.

-Бидний хийж чадах ажлыг Хятадууд хийлгэхгүй байна гэсэн асуудлыг монголчуудын зүгээс нэлээд тавьж байна билээ. Газрын тосны салбарт гаднаас оруулж ирэх ажилтны квот хэтэрхий өндөр санагддаг. Энэ салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчний нөөц манайд үнэхээр дутагдалтай гэж үү?

- Монголчууд хийчихнэ гэж ярьдаг ч үнэндээ манайд өрмийн тоног төхөөрөмжтэй нэг ч компани байхгүй. Боловсон хүчний тухайд ШУТИС, МУИС, Дорнод Их Сургууль зэрэг сургуулиуудад бэлтгэж байна. Гэхдээ эдгээр сургуулийг төгсч байгаа мэргэжилтнүүдэд ажлын туршлага байхгүй. “Дачин” компани өрөмдлөг, кароташ, цооногийн судалгаа, шингэн хагалгаа зэрэг үнэ цэнэтэй, нарийн ажиллагаатай ажлаа туршлагагүй компаниар хийлгэдэггүй юм билээ. Бас цаг хугацаатай уралдаж ажилладаг болохоор хэн нэгнийг сургахад цаг зарцуулах дургүй юм билээ. Хэдий тийм ч гэлээ манай газраас хятадуудад монголчуудын хийж чадах ажлыг хийлгээрэй гэсэн шаардлага тавьдаг.

-Гадаадаас ажилтан авах квотын тухайд?

-Квотын тухайд гэвэл Ажиллах хүч авах тухай хууль гэж бий. Жил бүр салбар, салбарт ажиллах гадны иргэдийн квотыг тогтоодог. Энэ жил Газрын тосны салбарт гадаад ажилтан нь 65 хувь, Монгол нь 35 хувь байхаар заасан байгаа. Тогтоосон квотын дагуу урдаас орж ирсэн 900 гаруй хүн бүгд өрөмдлөг дээр ажиллаж байна. Олборлолт дээр монгол оперторууд бий.

-“Нөмрөг Ээл” компанийн хувьд үндэсний хөрөнгө оруулалттай компанийн хийж байсан тээврийн ажлыг булаасан. Захирал нь ямар ч мэргэжилгүй хэрнээ олон төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчихсан байгаа. Гэтэл энэхүү монгол гэх хятад компанийн хийж болох бүхий л ажлуудыг үндэсний аж ахуйн нэгжүүд бүрэн хийж чадна гэх юм үүнийг та юу гэх вэ?

-Шингэн хагалбарын ажлыг монголчууд одоогоор хийж чадахгүй. Харин үүнд хэрэгтэй зүйлсийг нь зөөдөг том тэрэгний асуудал яриад байх шиг байна. Тэгэхээр энэ асуудлыг судалж үзье. “Нөмрөг Ээл” компаний тухай анх удаа сонслоо. Монгол хүний хийж чадах ажил дээр мэргэжлийн бус хүнийг ажиллуулж байгаа бол шалгаж үзэх ёстой.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих