Иргэн та хальтиргаанаас болж гэмтэж бэртвэл тухайн байгууллага хохирлыг тань барагдуулна
Өвлийн улиралд хальтарч унаснаас хүнд хөнгөн бэртэх иргэдийн тоо ихэсч, эмнэлгийн ачаалал ч нэмэгддэг билээ. Өдгөө цэвэрлээгүй цас мөснөөс болж иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Арваннэгдүгээр сар гарснаас хойш хүйтний эрч эрс чангарч, цас их орж байгаагаас болоод Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд халтирч унаснаас болж, гэмтэж бэртсэн шалтгаанаар хандах иргэдийн тоо ихэсчээ.
Цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хариуцлага тооцох журам байдгийг мэддэггүйгээс өөрсдөө хохироод үлддэг
Бусдын эрүүл мэндэд заналхийсэн, хууль дүрмээ дагаж мөрддөггүй албан байгуулагуудад ямар арга хэмжээ авах журамтайг Нийслэлийн захирагчийн ажлын албаны холбогдох мэргэжилтэнээс тодруулахад, “Хальтиргаа гулгааны талаар нийслэлийн болон дүүргийн удирдлагууд, ТҮК-ийн захирлуудтай уулзаж, аж ахуйн нэгж байгууллагуудын өмнөх явган хүний зам талбайн хальтиргаа гулгааг арилгах, мөн 63-р тогтоолын хэрэгжилтэн дээр хяналт тавьж ажиллах талаар ярилцсан. Хэтэрхий олон шат дамжлага нь ажлыг удаашруулан, хугацаа алдахад хүрдэг учир дүүргийн Засаг дарга нарт шууд хариуцуулах үүрэг даалгавар өгч, алдагдсан хэв журмыг сэргээн иргэдийн аюулгүй байдлыг хангах шаардлага тавьсан байгаа. Хэрвээ дэлгүүр, баар цэнгээний газрууд цас мөсөө цэвэрлээгүй хууль дүрмээ сахихгүй байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хураах, хаах хүртэл арга хэмжээ авна.
МХЕГ-аас тухайн орчны цэвэр байдлыг бүрдүүлж чадаагүй гэдэг заалтаар аж ахуйн нэг байгууллагыг 50-250 мянган төгрөгөөр торгох журамтай. Иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор цас орсон тохиолдол бүрт өөрсдийн харьяалах газрынхаа ойр орчмын цас мөсийг цэвэрлэж байх үүргийг бүхий л аж ахуйн нэгж байгууллагуудад үүрэгдсэн тогтоолыг хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна” гэв.
Хэрэв иргэн Та хэрэв аль нэг албан байгууллагын орчмын цас мөстэй зам, талбайд хальтирч унах тохиолдол гарвал МХЕГ болон дүүргийн Засаг даргад өргөдөл гарган, хохирлоо барагдуулах боломжтой юм байна. Харин гомдлыг тань хүлээж авахгүй, хайхрамжгүй хандаж байвал тухайн албан тушаалтанд мөн хариуцлага тооцох аж. Иргэд өөрсдөө эрхээ, дүрмээ мэддэг болж, хариуцлага нэхэж чаддаг байваас албан байгууллагууд ч үүргээ ухамсарлан, тогтоол журмыг дагаж мөрддөг тогтолцоо хэвших учиртай.
Х.Онон
URL: