Солонгосын хэвлэл Монголд үйл ажиллагаа явуулж буй компанийг зөрчлийг дэлгэлээ

Монгол улс нийт хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаадаас импортолдог. Гэвч эдгээр орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний хэдэн хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн байгаа нь тодорхойгүй байна. Хуулинд зааснаар бол гадаадаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүний заавар зөвлөгөө нь монгол хэл дээр байх ёстой төдийгүй үйлдвэрлэсэн хийгээд дуусах он, сар, өдрийг тодорхой зааж өгсөн байх ёстой.

Гэвч Солонгос улсаас Монгол улсад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн оруулж байгаа зарим компаниуд дээрх хуулийн заалтаа мөрдөж ажилладаггүй талаар хэрэглэгчид гомдол гаргаж байна.

Ганцхан жишээ дурьдахад, БНСУ-аас вакус оруулж ирдэг “Мандах Газар” ХХК нь олон жилийн турш асуудал дагуулсан бүтээгдэхүүн оруулж ирж байгааг Солонгосын хэвлэлүүд ч онцлоод байна.


Тодруулбал, Солонгос улсаас вакус нийлүүлдэг “Мандах газар” ХХК нь Солонгос улсдаа үйлдвэрээ хаалгах хэмжээнд асуудал дагуулаад байгаа аж. Учир нь тухайн компанийн Монгол улсад нийлүүлдэг вакус нь чанар аюулгүй байдлын баталгаа хангаагүйн дээр эрүүл мэндийн шаардлагад нийцэхгүй хэмээгдэж буцаан таталт хийлгэжээ.

Гэвч энэ бүгдийг үл харгалзаж Солонгостоо асуудал дагуулж буй бүтээгдэхүүнийг Монголдоо оруулж ирж байгаа дээрх компанийг холбогдох байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй юм.

Хамгийн ноцтой нь тус компанийн оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд дээр он, сар, өдрийг тодорхой бичээгүй байдаг нь хадгалалтын горим зөрчигдсөн байх магадлалтай байна.

Нөгөөтэйгүүр энэ нь Монгол улсын хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа гэдгийг энд дуулгах нь зүйтэй биз ээ.

“Мандах газар” компанийн тухайд И Ги Юн гэх солонгос захиралтай. Вакусаас гадна нэр бүхий хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг манай улсад оруулж ирдэг компани юм.

Дашрамд хэлэхэд, Монголчууд бид БНСУ-д ажиллаж амьдрахдаа тэдний хууль дүрмийг ягштал биелүүлдэг. Гэвч Солонгосчууд Монголд орж ирэнгүүтээ манай улсын хууль дүрмийг уландаа гишгэн баталгаагүй хүнс худалдаалж иргэдийн амь нас эрүүл мэндэд заналхийлсээр байна. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан энэхүү компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, харин мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд анхаарах зүй ёсны шаардлага тулгарч байна.

Д.Дуулим

grandnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих