АН-ын шинэчлэл ба Н.Алтанхуягийн мэдэгдлийн цаад санаа
“АН ялсан бол алиагаа алдаж байгаа. Хоорондоо зодолдсон, фракциуд нь хуваагдсан, бие биеэ барьж хорьсон, мөрдсөн, хамаг юмыг хувааж тонодог ажилдаа нэвтэрхий орж байгаа. Тиймээс АН ялагдсанд би маш их баяртай байгаа”.
Энэ бол АНын гишүүн, Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэнгийн ердөө хоёрхон хоногийн өмнө хэлсэн үг. Түүний энэ үгийг АНын үнэн дүр төрх гэхээс илүү эрх чөлөөнд хүрсэн хүмүүсийн зөвхөн нэгийнх нь дуу хоолой гэж ойлгож болно. Эрх чөлөө гэдэг нь амаа үдүүлээгүй, хэлэх гэснээ хэлэх эрхтэй байгаа энэ цаг хугацааг томъёолсон хэрэг. Өөрөөр хэлбэл, түүний хэлдгээр АН ялалт байгуулсан бол намаасаа албан тушаал авсан хүн бүү хэл жирийн гишүүний амнаас ч бодит байдлыг илчилсэн үг гарахгүй байлаа. Нөгөө талдаа намынх нь томчууд гишүүддээ хэзээ ч тийм боломж олгохгүй нь ойлгомжтой. Учир нь, АНынхан засгийн эрхэнд байхдаа хэний ч үгийг сонсдоггүй, тийм боломж ч гаргадаггүй байсан гэдгийг өнөөдөр олон гишүүн нь илчилсээр байна.
Тиймдээ ч сүүлийн хэдэн жил ҮЗХ болон намынхаа их хурлыг хийж чадалгүй явсаар өдийг хүрсэн. Харин тус намынхан сүүлийн өдрүүдэд “амилж” эхэллээ. Учир нь энэ сарын 16нд ҮЗХны, ирэх сарын 6нд намын их хурлаа хуралдуулахаар товлоод байгаа юм.
Нам доторх нам болсон хүмүүсээ энэ намынхан “ардчилалтайн шинж” гэж хаацайлдаг ч үнэн хэрэгтээ сандал суудлын хуваарилалт болох бүрт АНынхан “амилдаг” заншилтай гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Тиймдээ ч ойрын өдрүүдэд шинэчлэлийн хорооны залуус шаардлага шантаажаа эхлүүлээд байгаа бол намын нүүр царай болсон лидерүүд ч мөн өөрийн гэсэн улс төрөө эхлүүлээд байна. Тухайлбал, эхнэрийнх нь дансаар их хэмжээний мөнгө орж ирсэн учраас хилээр гарах эрхийг нь хүртэл цуцалчихаад байхад хэнэг ч үгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсээр Н.Алтанхуяг гарч ирэв. Хачирхалтай нь тэр хэвлэлийнхний фокусаа тааруулаад байсан асуудлыг маш эвтэйхнээр зүгийг нь өөрчилж, номер нэгийн суудалд залрах их амбийцаа зарласан явдал байлаа. Гэхдээ түүний энэ мэдэгдлийг үнэхээр Ерөнхийлөгч болох их хүсэлтэй байна гэхээс илүү “гал унтраах” ажиллагаа гэж харахаас аргагүй байна. Нэг ёсондоо хуулийнхнаас бултах хамгаалалт ч гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж, их хэмжээний мөнгө завшсан гэх асуудал аль хэдийнэ хуулийнхны хараанд орсон. Тэр бүү хэл, түүнтэй ойр шадарлаж явсан зөвлөх, туслахаас нь авахуулаад одоо эхнэр рүү нь орж байгааг ч хэн хүнгүй харж сууна. Үүнийг хуулийнхан гол “байн”-даа ойртоод байна ч гэж харж болохоор байгаа. Гэтэл ийм цаг үед эхнэрийг минь гадагш дотогш явуулсангүй, цагдлаа гэдэг зүйл ярихын оронд шал өөр буюу Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэж гарч ирсэн нь хэтэрхий мэдрэмжгүй харагдаж байгаа учраас хардлага төрүүлээд байгаа юм. Магадгүй хуулийнхан маргааш Н.Алтанхуягийг шалгах шаардлагатай гэвэл “Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж зарлангуут тээг тавих гэж кампанит ажиллагаа явууллаа” гэх ухааны тайлбар хийхийн тулд ч байж болох. Үгүй ядахдаа эхнэрт нь хилийн хориг тавьсанд яагаад реакцалсангүй вэ гэдэг асуулт гарч ирээд байна.
Цаашилбал, нэгэн үе АН гэж харагддаг байсан энэ хүн Ерөнхийлөгчийн сонгуульд намынхан нь түүнийг олноороо дэмжээд дэвшүүлэхгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэр дундаа нэг талдаа нам шат шатны сонгуульд ялагдал хүлээсэн энэ цаг үед өөрийг нь дэмжинэ гэдэг дэндүү эргэлзээтэй. Тэгээд ч түүнийг Засгийн газар тэргүүлж байхад намынх нь нөхөд л үгсэн хуйвалдаж унагасан нь хөдөлшгүй үнэн. Өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Засгийн газраа тэргүүлж, танхимын болон намын гишүүдээсээ дэмжлэг хүлээж, тэднийг зангидаж чадаагүй түүнд одоо ямар дэмжлэг олдох вэ гэдэг сонин. Ямартай ч, Н.Алтанхуяг ийм нэг зүг буруулах ажиллагаа зохион байгуулав.
Харин АН-ын даргад өрсөлдөхөө илэрхийлээд байгаа Л.Гантөмөр өчигдөр /уржигдар/ орой “АН-ыг шинэчлэх шийдэл” сэдэвт уулзалт зохион байгуулав. Энэ үеэр Д.Цэндсүрэнгээс авахуулаад үг хэлсэн хүн бүр намд шинэчлэл хэрэгтэй болсныг илэрхийлсэн. Тэр бүү хэл, “Үзэл бодол үнэт зүйлээ том төслүүдээс давуулж чадаагүй” гэж тодорхойлсон нь АН засгийн эрх барих дөрвөн жилийнхээ хугацаанд том төслүүдэд хэт их шунасан төдийгүй, дор бүртээ ашиг хүртэхээр улайрсан нь том төслүүдийг хөдөлгөх бүү хэл улс орныг дампууралд хүргэснийг шууд бусаар зарласан явдал байлаа. Үнэхээр л энэ хэлэлцүүлгийн үеэр ярьсан шиг “АН хуйвалдааны замаар явж ирсэн” нь өнөөдөр улам бүр тодорхой болсоор байна. Ардчилалтайнхаа “ач”-аар гэхүү намын даргыг сонгох сунгаад бараг хүн бүр нэрээ дэвшүүлэхээр зэхэж суугаа ч байж мэднэ. Учир нь тэд нэг гарт зангидагдаж, хувийн эрх ашгаа дарж чадаагүй хүнээр дүүрсэн нам. Гэхдээ энэ бол миний биш намынх нь нөхдийн тодорхойлсон ойлголт. Тиймээс өнөөдрийн байдлаар П.Цагаан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ гэх мэт эрхмүүдийг нэр АН-ын даргад ярьж байгаа. Цаашлаад эхнээсээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаад эхлэх бололтой. Эцсийн дүндээ энэ олон эрх ашиг хаана мөргөлдөж, чухам хэн нь ялахыг таашгүй. Ямартай ч АН-ынхан өдөр шөнөгүй шинэчлэл ярьж байгаа ч тэд өнөөдөр ч шинэчлэгдээгүй хэвээр байна.
М.Өнөржаргал
Монголын үнэн
URL: