Халтирч унаад бэртсэн хохирлоо барагдуулахад юун түрүүнд БАРИМТЖУУЛАХ шаардлагатай
ГССҮТ-ИЙН АЧААЛАЛ ӨМНӨХӨӨСӨӨ ИХЭСЧЭЭ
Жил бүрийн өвлийн улиралд халтиргаа гулгааны асуудал иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Энэ өвөл цас их орж, хүйтэн өвөл болно гэж цаг уурын байгууллага ч тэр, цаг агаар шинжих уламжлалт аргыг арван хуруу шигээ мэддэг малчид ч тэр ийн хэлэлцэж байгаа.
Арваннэгдүгээр сар гарснаас хойш хүйтний эрч эрс чангарч, цас их орж байгаагаас болоод Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд халтирч унаснаас болж, гэмтэж бэртсэн шалтгаанаар хандах иргэдийн тоо ихэсчээ.
Энэ талаар бид сурвалжлага бэлдэхээр ГССҮТ-ийг зорьсон бөгөөд эмнэлгийн хашаанд завсар зайгүй машин зосгссон, эмнэлгийн хүлээн авах тасгийн хаалгаар ороход мөн л гараа сойсон, тэргэнцэр дээр суусан, суга таягтай, хамт яваа нэгнээрээ түшүүлсэн, үүрүүлсэн гээд зовуурь шаналалтай хүмүүс дүүрэн орчин угтлаа.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв үргэлж ачаалалтай байх бөгөөд өвлийн цагаар ачаалал бүр ч ихэсдэг тухай хүлээн авахын эмч ярьж байсан юм.
Ингээд бид Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Яаралтай Тусламжийн тасгийн их эмч Б.Эрболдоос их ажлын хажуугаар дараах зүйлийг тодрууллаа.
- Халтиргаа гулгаанаас болж гэмтэж, бэртсэн шалтгаанаар танай төвд хандаж байгаа иргэдийн тоо ихэсч байна уу?
- Ачаалал харьцангуй их нэмэгдсэн байгаа. Цас их орж, гулгаа үүссэнээс болоод цас мөсөн дээр халтирч, бэртэж гэмтсэн хүн ихээр ирж байна. Ялангуяа өдрийн цагаар ачаалал ихтэй байна. Өмнө нь ямар нэг байдлаар халтирч унаснаас болоод бэртсэн гэх ганц хоёр тохиолдол ирдэг байсан бол одоогоор харьцангуй их байна.
- Ихэвчлэн хэд орчим насны, ямар гэмтэлтэй хүмүүс ирэх вэ?
- Ихэвчлэн өндөр настай хүмүүс шууны ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл, дундаж насныхан шагайны үеийн гэмтэл авч, ирж байна.Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь идэвхтэй ажилладаг гэдэг утгаараа дундаж насныхан ирж байгаа. Хүүхдүүд ер нь харьцангуй гэмтэл багатай байгаа нь сургууль, хичээл амралт дуусаад удаагүй байгаатай холбоотой байх.
- Унаснаас болоод ямар эрсдэл үүсэх вэ. Тоохгүй байж болох уу. Иргэдэд зөвлөгөө өгөхгүй юу?
- Унаад ямар нэг зовиур шаналалтай байгаа бол ирж үзүүлэх шаардлагатай. Үзүүлж, оношлуулаад эмчилгээ үйлчилгээ авах хэрэгтэй. Мөн мэдээж эмчилгээ хийлгэх, эм тариа, боолт гээд л яаж гэмтсэн байхаасаа шалтгаалаад янз бүрийн төлбөр, мөнгө, цаг заваа зарцуулах шаардлага гарах учраас сонор сэрэмжтэй байхыг зөвлөмөөр байна.
ОН ГАРСНААС ХОЙШ 2,028 ХҮН ЭНЭ ШАЛТГААНААР ГССҮТ-Д ХАНДЖЭЭ
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж, оношлуусан иргэдийн тоог тодорхой гаргаж, хяналт тавьж, бүртгэл хийдэг Статистик, Тандалт Судалгааны Алба ажилладаг байна. Тандалт, судалгааны албанаас халтиргаа гулгаанаас болж, бэртэж гэмтсэн иргэдийн тоон мэдээллийг бид авсан арваннэгдүгээр сар гарснаас хойш нийт 1,344 яаралтай тусламж үзүүлснээс 25 тохиолдол энэ шалтгаанаас үүдэлтэй байна.
Харьяаллын хувьд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт бэртсэн иргэдийн тоог харьцуулахад 1,864 болон 164 байна. Энэ нь мэдээж хүн амын төвлөрөл, оршин суух байршилаас шалтгаалан харьцангуй байх нь аргагүй юм.
Доорх график энэ онд халтиргаанаас болж гэмтэж, бэртсэн иргэдийг нас, хүйсийн ангилалаар харуулсан бөгөөд хамгийн их гэмтэж бэртсэн нь 25-64 насныхан байгааг харж болно. Үүнийг ГССҮТ-ийн эмч энэ насныхан идэвхтэй ажиллаж байгаатай холбон тайлбарласан юм.
Харин цас орж эхэлсэнээс хойш буюу арваннэгдүгээр сар гарснаас хойш 25 тохиолдол Тандалт, судалгааны албанд бүртгэгдсэн бөгөөд үүнээс мөн л 25-64 насныхан их бэртжээ.
Гэмтлийн байдлаар нь он гарснаас хойшхи нийт тохиолдлыг авч үзвэл тархины, цээжний хөндийн, хэвлийн хөндийн битүү гэмтэл 63, хугарал, мултрал 1,250, зөөлөн эдийн гэмтэл 547, ил шарх 162, хавсарсан гэмтэл ихэвчлэн авсан байх ба доорх графикаас хугарал, мултрал хамгийн их тохиолдож байгааг харж болно.
Харин арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш нийт 25 тохиолдол гарсныг бид дээр дурдсан. Үүнээс мөн л хамгийн их буюу 15 иргэн хугарал, мултрал үүссэн шалтгаанаар ГССҮТ-д ханджээ.
БЭРТЭЖ, ГЭМТСЭН ТОХИОЛДОЛД ХОХИРЛОО БАРАГДУУЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан Сэргийлэх, Олон Нийттэй Харилцах Хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргалаас тодруулахад ”Замын хөдөлгөөний дүрэмд аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газрын цас мөсийг цэвэрлэх ёстой гэсэн журам бий.
Аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь байгууллага аж ахуйн нэгжийн хүлээсэн үүрэг гэж замын хөдөлгөөний дүрэмд тусгасан байгаа. Тэр үүргийнхээ дагуу цас орсон л бол байгууллагууд гадаах цасаа даруй цэвэрлэдэг байх ёстой.
Ер нь бүх аж ахуйн нэгж байгууллагуудыг хараад байхад шат гишгүүртээ гөлгөр чулуун материал их хэрэглэдэг. Энэ нь халтиргаа гулгаанаас бэртэж гэмтэх хамгийн том шалтгаан болдог учраас аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай халтирдаггүй гишгүүр, наалт нааж өгөх шаардлагатай байна. Ингэснээр тухайн байгууллагаар үйлчлүүлэх иргэд унах, гэмтэж бэртэх тохиолдол гарахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Халтирч унаад бэртсэн тохиолдолд тухайн байгууллагаар хохирлоо барагдуулна. Халтирч унасан хүн хөл гараа хугалсан байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр бэртэл гэмтэл, хохирлоо баримтжуулаад, тухайн байгууллагад хандаж, хохирлоо барагдуулах бүрэн боломжтой” хэмээн тайлбарласан юм.
ikon.mn
URL: