Сэтгэцийн өвчинд хэрэглэж байсан аймшигт туршилтууд
Сүүлийн үед сэтгэл мэдрэлийн өвчинд хандах хандлага өөрчлөгдөж, түүнийг эмчлэх арга хэлбэр ч нааштай тал руугаа явж байна. Өнөөдөр шизофрен, солиорол болон бусад сэтгэцийн өвчнийг цус ханах, бөөлжүүлэх, лоботомия хэмээх тархины нэг хэсгийг авч нөгөө хэсэгтэй нийлүүлдэг мэс засал хийх зэргээр эмчлэх тухай бодол хэний ч толгойд орохгүй. Гэтэл өнгөрсөн хугацаанд чухам ийм ямар ч ашиггүй, утгагүй арга хэмжээг хэрэглэж байсан ба энэ нь анагаах ухааны түүхэн дэх хар толбо болон үлдсэн юм.
Энэ аргыг Португалийн эмч Эгаш Мониш анх гаргаж ирсэн ба тархин дахь духны хэсгийн нейроны буруу ажиллагаанаас болж сэтгэцийн гажуудал үүсдэг гэж тухайн үед үзэж байв. Португал эмч тархины духны хэсгээс хэсэгчлэн авснаар бусад тархинд болон төв мэдрэлийн системд нөлөөлөхийг зогсоох арга хэрэглэхийг санал болгосон юм. 1949 онд Мониш үүнийхээ төлөө Нобелийн шагнал хүртэл авч байсан ба түүний анх гаргасан энэ аргыг Америкийн эмч Уолтер Фримэн дэмжин улс даяар “лоботомобил”-оор аялан явж, сэтгэцийн янз бүрийн өвчтэй хүмүүст “хагалгаа” хийдэг болсон байна. Түүний арга нь гавлыг задалж, хагалахгүй ба мөс хагалах хурц үзүүртэй зүйлээр нүдний ойролцоо зоож оруулан духны хэсгийн тархийг хөдөлгөдөг байв. Тэрээр ариутгасан багаж хэрэглэх нь ховор байсан төдийгүй мэс засал хийх туршлага ч байхгүй нэгэн байж. Удалгүй эдгээр арга нь хүнийг эмчлэх биш харин “явдаг хүүр” болгож байгааг мэдээд анагаах ухааныхан цаашид энэ аргыг хэрэглэхээс татгалзсан байна.
Гар хангалга болон бэлгийн дур хүсэл нь тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэсэн эртний үзэлд үндэслэсэн дээрх аргыг 19-р зууны үед эмч нар эмэгтэйчүүдэд хүчээр хэрэглэж байв. Гар хангалга хийдэг, хэт дур хөдлөлтэй, “эмэгтэй бус” түрэмгий зантай, мөөгөнцөртсөн болон “явдалтай” гэж үзсэн бүсгүйчүүдийн хэлүүг тайрч авдаг байлаа. Тухайн үеийн Британийн олон эмэгтэйчүүд энэхүү эмчилгээг хүчээр хийлгэсэн тухай баримт бий гэнэ.
Вибратор буюу чичирхийлэгчийг эмэгтэйчүүдийг бэлгийн таашаал авахад зориулж хийгээгүй ба үүнийг 200 гаруй жилийн өмнө бүтээсэн эмч нар орчин үед бэлгийн харилцааны дутагдал гэж нэрлэгдэж байгаа тухайн үед эмэгтэйчүүдийн галзуурал гэж нэрлэж байсан “өвчнийг” эмчлэхийн тулд хэрэглэж байв. Хэрвээ ямар нэгэн эмэгтэй эмчид нэг л түгшүүртэй байдаг болсон тухай, нойронд муу, уур уцаартай, бэлгийн харилцааны үл бүтэх мөрөөдөлтэй, гэдэсний доод хэсгээр өвдөлт мэдрэгддэг юм уу хоёр хөлний хооронд нойтон байдаг болсон тухай сонсоод л өнөөх галзуурал хэмээх оношийг тавьдаг байв. Бүр 16-р зууны үед эмч нар эмэгтэй хүний эмзэг эрхтэнд ургамлын тос түрхэн хуруугаараа “массаж хийн галзуурлыг дарах” ба үүнийгээ дур ханах (үүнийгээ эдгэрэл гэж нэрлэж байв) хүртэл нь үргэлжлүүлдэг байжээ. 19-р зууны эхээр энэ эмчилгээний аргыг Европ болон Америкийн сэтгэлзүйч нар их хэрэглэдэг байсан байна. Эмч нар энэ эмчилгээг хийхэд маш их гарын хүч шаардлагатай байгаа тухай гомдоллож эхлэх үеэс механик, сүүлд цахилгаан “гарын орлогч”-ыг бүтээжээ.
1938 онд Алберт Хофманы найруулгаар гаргаж авсан ЛСД-гийн сэтгэцэд нөлөөлөх чанар удалгүй мэдэгдэж эхэлсэн байна. 1947 ооос эхлэн сэтгэцийн өвчний эсрэг эм хэмээн худалдаанд гаргаж байсан ба олон эмч, сэтгэлзүйч нар ЛСД-гийн тусламжтайгаар архинаас гаргах, хуучин дурсамжийг хүчээр мартуулах боломжтой гэж итгэдэг байж. ЛСД 60-аад оны залуучуудын дунд моод болсон ба олон түмэн түүнийг сэтгэцийг хямруулах үйлчилгээтэй гэж үздэг болж улмаар 1968 онд АНУ-д энэ бодисыг хориглосон ба энэ талаар явуулах судалгаа, шинжилгээний ажил зогсжээ.
Энэ бол 1920-иод оны үед сэтгэцийн эмнэлэгт хамгийн өргөн хэрэглэж байсан эмчилгээ юм. Дундад зууны үед уншлага, маанийн хүчээр эмчилж чадахгүй бол өвчтөнг хортой могойн үүрэн дээр байлгах ба ингэснээр муу үйлийн үр нь айж биеэс салан оддог гэдэгт итгэдэг байв. Үүнээс хойш ч сэтгэцийн эмч нар иймэрхүү л зарчим хэрэглэж байсан ба мөстэй усанд умбуулах, зарим тохиолдолд “хуучны шалгарсан арга” болох могойн үүрийг ч хэрэглэдэг байсан гэнэ.
Энэ бол сэтгэцийн өвчнийг эмчлэх гэсэн хамгийн эртний арга байж магадгүй бөгөөд толгойд орсон чөтгөр шулмын хорлолоос болж сэтгэцийн өвчин тусдаг гэсэн ойлголтоос үүссэн билээ. Үүнийг эмчлэхийн тулд гавлын ясыг цоолж чөтгөрийн гарах замыг чөлөөлдөг байжээ. Археологчид үхэхээсээ хамаагүй эрт гавлын ясаа нямбай гэгч нь цоолуулсан яс олныг олж байсан гэдэг. Энэ аргыг өнө эртнээс 20-р зуун хүртэл хэрэглэсэн ба 20-р зуунд ч энэ аргыг зөв гэж үзэх хэсэг байсаар байгаагийн нэгэн жишээ нь Олон улсын трепанациг хамгаалах холбоо юм.
Цус ханах болон ходоод цэвэрлэх
Эртний эмч болох Гиппократын үзэж байснаар бүх л өвчин хүний биеийн дотоод тэнцвэр алдагдсанаас буюу цус, цэр, шүлсний дутагдал, илүүдлээс болдог гэнэ. 1600 оны үед Английн эмч Томас Уиллис энэхүү тэнцвэрт бус байдлыг арилгах хамгийн сайн арга нь цус ханах, ходоод цэвэрлэх явдал юм байна гэсэн ойлголтод хүрчээ. Бөөлжүүлэхийн тулд тусгай механик савлуур ашигладаг байсан энэ аргыг 19-р зууны дунд үе хүртэл хэрэглэж байв.
Эрт дээр үеэс сэтгэцийн өвчтэй хүнийг муу зүгийн буг чөтгөрт хорлогдсон, дотор нь бугшсан гэж үздэг ба түүнийг уншлага, шившлэгээр эдгээх гэдэг байв. Үнэхээр ч зарим өвчтөн огт байдаггүй болон мэдэхгүй хэлээр ярих, ер бусын хүч чадалтай болох, шашин шүтлэгийг үзэн ядах, нойр хоолонд муудах, өөрийгөө тамлах зэрэг шинж илэрдэг учир ингэж бодож байсан байж болох юм. Одоо хүртэл уншлага, шившлэгийн аргыг хэрэглэсээр байгаа билээ.
Харанхуй хонгил, галзуугийн байшин
Дундад зууны үед Европт сэтгэцийн өвчтөнийг тусгаарладаггүй байсан боловч 13-р зууны үед нэг газар бөөнөөр нь тусгаарлах хорих практикыг их хэрэглэх үе бас байжээ. Тэднийг тахир дутуу хүмүүс болон гэмт хэрэгтнүүдтэй хамт хорьдог байв. Тэдэнтэй хүнлэг бус харьцаж, хананд гавлаж гинжлэх, харанхуй хонгилд хорьдог энэ аргыг 19-р зуун хүртэл Европ төдийгүй Америкт хүртэл хэрэглэж байж. Шинэчлэлийн дараа ч гэсэн галзуугийн байшин хэмээн нэрлэгдэх энэ газар маань юугаар ч өөрчлөгдөөгүй бөгөөд хэт олон хүн, хонгил доор шалан дээр унтах хүн … гээд барааны агуулах шиг байдал хэвээрээ л байсаар. Ийм газар ямар нэг эмчилгээ явагддаггүй нь ойлгомжтой.
20-р зууны эхэн үеэр Зигмунд Фрейд, Карл Юнг нар өөрсдийн хамтрагч нартай нийлэн хэрэгжүүлж эхэлсэн сэтгэц судлалын чиглэл нь сэтгэцийн өвчний гол арга болсон боловч зарим газар физик эмчилгээнүүд тэр дундаа усан эмчилгээг хэрэглэсээр байв. Элдэв өвчний үеэр ус хэрэглэх аргыг бүх л цаг үед хэрэглэдэг байсан ба халуун устай ваннд байлгах нь сандрах өвчтэй, нойронд муу.. зэрэгт сайн үйлчилгээтэй билээ. Гэвч зарим эмч нар энэ аргыг эмчилгээ биш бүр тамлан зовоолт болтол хэтрүүлж хэрэглэж байсан нь үнэн. Зарим нь өвчтөнг мөсөөр хучигдсан давуугаар битүү ороож байсан бол зарим нэг нь өвчтөнг ваннд хэдэн цаг, заримдаа өдрөөр ч суулгадаг байлаа. Одоогоор өвчтөнг хананд алдлуулан тэлж зогсоогоод гал командын усан хоолойгоор маш их даралттай усаар цацаж байсан батлагдсан баримт бий.
Цахилгаан чичиргээний эмчилгээний энэ аргын үндэс 1920 оны үед бий болсон бөгөөд сэтгэцийн өвчтөнийг цахилгааны тусламжтайгаар эмчилж болох тухай таамгаас анх бий болжээ. 1982 онд чичиргээ үүсгэдэг метразолыг хориглосон боловч онолын шинжилгээ цаашид үргэлжилсээр байсан байна. Одоо хэрэглэж байгаа аргыг олох хүртэл олон жилийн эволюци явагдсан ба анх өвчтөнүүдийг эмнэлгийн ширээн дээр хүлж баглан тэдний тархиар цахилгаан дамжуулж ёстой л шууд утгаараа тамладаг байжээ.
URL: