Монголд казино байгуулах нь зөв үү

3Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр” боловсруулснаа өнгөрсөн сард Улсын их хуралд өргөн барьсан. Хөтөлбөрийн хүрээнд   Хурдан морины бооцоот уралдааны тухай хууль болон Казиногийн тухай хуулийг батлуулж үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчин, дүрэм, журмыг бий болгож, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Казино болон бооцоот уралдааны талаарх зарим гишүүний байр суурийг хүргэе.

 

 

Х.Нямбаатар: ЖИЛД 100 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛНО ГЭЖ ТООЦСОН

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдвэл зохих таван үндсэн зорилтот ажил  бий. Үүний нэгд  томоохон төсөл хөтөлбөрийг явуулах, аялал жуулчлалыг сэргээх зүйл заалт орж ирсэн. Энэ дотор морин тойруулгын уралдаан, бооцоот уралдааныг Монголд бий болгох. Мөн казиногийн хуулийг батлуулах замаар аялал жуулчлалыг татна гэж үзэж байгаа. Казиногийн хууль батлагдвал жилд 100 орчим тэрбум төгрөгийн татварын орлого олох боломжтой гэж тооцоолсон. Монголын иргэн бус зөвхөн гадаадын аялагч, жуулчид тоглох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

 

М.Билэгт: КАЗИНО ЗАЛУУСЫН ДУНД ДЭЛГЭРЭХ АЮУЛТАЙ

-Морин тойруулгын асуудал малчидтай холбоотой цаашлаад адууны соёлыг хөгжүүлэх, үүлдэр угсааг сайжруулахад  нэмэр болох болов уу гэж харж байна. Бооцоот уралдааныг хуульчилж өгөх учраас зөв гэж бодож байгаа. Харин казиног Монголд байгуулснаар хойч үе, залуус мөрийтэй тоглоомонд орох вий гэж эмзэглэдэг. Хэдийгээр монгол хүнийг тоглуулахгүй гэж байгаа ч эрсдэлээс болгоомжлох хэрэгтэй. Хэчнээн хуульчилж өгсөн ч бүрэн хэрэгжихгүй тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс казино залуусын дунд дэлгэрэх аюултай байж магадгүй. Эдийн засагт ашигтай гэж харж болох ч  бодит амьдралд ямар байхыг мэдэхгүй.

 

Д.Сарангэрэл: КАЗИНОГООС 40 ХУВИЙН ТАТВАР АВАХААР ХУУЛЬЧИЛСАН

-Монгол хүнийхээ хувьд морин уралдааныг дэмждэг. Зарим улстөрч  болон нийгмийн нэг хэсэг нь хурдан морины уралдааныг баян хүмүүсийн зугаа мэтээр ярьдаг. Даяарчлагдаж байгаа энэ үед Монголоороо үлдэх боломж гэж бодож байна. Мэдээж хүүхдийн аюулгүй байдал дээр шаардлага тавих ёстой. Эдийн засгийн үүднээс нь бооцоот морин тойруулга, мөн казиногийн хуулиар татвар нь 40 хувь байгаа. Мөн манай улсад ирж казино тоглож байгаа хүмүүсээс тодорхой хэмжээний мөнгө төвлөрнө. Гэхдээ нийгмийн зүгээс болгоомжилж байгаатай санал нэг байна.

 

С.Жавхлан: АМИН ЧУХАЛ АСУУДАЛ МӨН ЭСЭХИЙГ ЯЛГАХ ХЭРЭГТЭЙ

-Улс ажил хийж болно. Гэхдээ хамгийн эхэнд ямар ажил хийх вэ гэдэг л чухал. Миний бодлоор казинотой болох хууль оруулж ирж байгаагаас нь харахад тэр хүмүүсийн толгой нь ажиллаж байгаа нь тэр гэж ойлгож байгаа. Энэ асуудал өнөөдөр биднийг аврах зүйл мэтээр хүмүүс бичиж оруулж ирээд байна. Амин чухал ажлуудаа түрүүлж хийгээд араас нь хийх ёстой ажил юм уу гэдгээ ялгах хэрэгтэй. Нэг ёсондоо энэ бол тархины тураал. Монголчууд эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд оюун санааны өөрчлөлт рүү орох ёстой. Эх оронч үзлээс авахуулаад дор бүрдээ оюун санааны цэвэрлэгээ хийж байж араас нь хүмүүс хөдөлж эхэлнэ. Бүгд хөдөлмөрлөх ёстой.

 

Т.Аюурсайхан: МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ТООЦОО СУДАЛГАА ГАРГАХ ЁСТОЙ

-Казино, морин тойруулга байгуулах тал дээр тодорхой мэдээлэл алга. Эдийн засгийг даван туулах хөтөлбөрийн хүрээнд дээрх хоёр асуудлыг батална гэж  оруулж ирээд хэлэлцүүлээд явж байгаа болохоос биш хууль гэдэг өөрийн гэсэн үзэл баримтлалтай, танилцуулга, тооцоо судалгаатай байх ёстой. Үзэл баримтлал байтугай танилцуулгыг нь хараагүй учраас зөв буруу гэх өрөөсгөл байх. Санаачлагчид нь төслийн үзэл баримтлалыг өргөн барьж, Монголын эдийн засагт ямар ашигтай, эерэг сөрөг тал, яагаад батлах шаардлагатай вэ гэдгийг хэлэх ёстой. Мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаагаа гаргаагүй учраас байр сууриа илэрхийлэх боломжгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих