Трамп ялсан мөчийг зарлахад би ногоон картаа урж, ЭНЭ УЛСААС ЯВНА
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдлоо.
Сонгуулийн урьдчилсан дүн зарлагдсаны дараа олон нийтийн тэгтлээ хүсэн хүлээгээгүй дүн гарсан нь нөлөө бүхий хүмүүсийн мэдэгдлээс харагдав. Жишээлбэл, Африк тивээс төрсөн анхны Нобелийн шагналтан, Нигерийн яруу найрагч Воул Соинка “Трамп ялсан мөчийг зарлахад л би ногоон картаа урж хаяад, энэ улсаас явахаар ачаагаа баглана” гэсэн бол “Харри Поттер” номын зохиогч Ж.К.Роулинг “Америкийг дахин аугаа болгоно” гээд л нэг фашист амьтан хашгираад байх юм. Цөмийн зэвсгийн товчлуурын хажууд түүний балцгар хуруу байна гээд бодохоор аймшигтай. “Бүх лалын шашинтныг нэвтрүүлэхгүй”, “Хана барина” ч гэх шиг. Зан араншингийн хувьд бол тэр зүгээр л шөнийн клубын ойворгон сагсуу амьтан” хэмээн нэлээн хатуухнаар сэтгэгдлээ илэрхийлжээ.
Доналд Трампыг ийн эсэргүүцэх болсон гол шалтгаан нь түүний улс төрийн бодлого, АНУ-ыг ирэх дөрвөн жил удирдах мөрийн хөтөлбөртэй нь шууд хамааралтай.
Тэрээр сонгуулийн үеэрх цуврал мэтгэлцээнүүд дээрээ “АНУ дахин хүчирхэг гүрэн болно. АНУ дахин итгэлтэй түнш, холбоотон, найз байж чадна. АНУ-ын ашиг сонирхолд, холбоотнуудын ашиг сонирхолд суурилсан тууштай гадаад бодлоготой болно” гэлээ. Тиймдээ ч түүний ялалтанд хамгийн түрүүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлээс баяр хүргэв.
Мөн тэрээр:
- Исламын радикал үзэлтнүүдийн тархалтыг зогсоох урт хугацааны төлөвлөгөө боловсруулна. Энэ нь АНУ-ын гадаад бодлогын гол зорилтын нэг байна.
- Бид цэрэг, эдийн засагтаа шинэчлэл хийх ёстой. Орос, Хятадууд цэргийн хүчээ нэмэгдүүлж байхад бид хойшоо ухарч байна. АНУ-ын цэргийн салбарт шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.
- АНУ-ын үндэсний ашиг сонирхол дээр суурилсан гадаад бодлого явуулна хэмээсэн.
Түүний хувьд худалдаа, цагаачлал, орлого, ажлын байр, Америкчуудын аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах асуудалҮүний улмаас Америк эрх чөлөөний орон байхаа болихвий хэмээн олон улсын шижээчид таамаглаж байгаа юм.
Тиймдээ ч Доналд Трамп Цагаан ордонд ороод эхний 100 хоногтоо юу хийх вэ гэдгийг дэлхий нийт чих тавин хүлээж байна. Ерөнхийлөгчийн сонгуульт ажлынхаа үеэр “АНУ-д амьдарч буй бүх цагаачдыг хөөж гаргана” гэх утгатай зүйлсийг удаа дараа ярьж байсан. Хэрэв Трамп цагаачдаа хөөгөөд гаргачихвал АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд маш том өөрчлөлт орно. Тэгэхээр ярих амархан ч хийх хэцүү байх болов уу. Түүний энэхүү үзэл баримталалын талаар Орчин цагийн шинжлэх ухаан, зөгнөлт уран зохиолын хаан гэгддэг Стивен Кинг “Би энэ улс оронд урам хугарч байна. Трамп бол эмэгтэйчүүдийг дорд үздэг, хүмүүсийг арьсных нь өнгөөр ялгаварласан зүйлс ярьдаг хүн. “Цагаан арьст америк хүн л бүхний орой дээр байх ёстой” гэж үздэг мунхаг хүн олон учраас л тэр ийм алдартай байгаа юм” хэмээжээ.
Мөн Доналд Трамп Канад Мексиктэй байгуулсан худалдааны чөлөөт бүс байгуулах гэрээг эргэн харна хэмээсэн. Түүнээс гадна 12 оронтой байгуулсан Транс Номхон далайн хамтын ажиллагааны гэрээг ч цуцлах магадлал тун өндөр байгаа юм.
Түүний хэрэгжүүлэх ажлууд дотор олон нийтийн анхаарлыг нэлээд татсан нь Лалын улсуудыг энэ дэлхийгээс бүр мөсөн арчих бодлогыг ОХУ-тай хамтарч явуулах гэнэ. Хэрэв тэгвэл улс орнуудын энх тайвны асуудал Олон Улсад дээд хэмжээнд яригдаж, АНУ дэлхийн өргөс болох магадлалтай. Мөн Д.Трамп Умард Атлантын цэргийн эвслийг оршин тогтнуулахын тулд хэтэрхий их зардал гаргаж байгааг үргэлж шүүмжилсээр ирсэн. Японыг хамгаалуулсныхаа төлөө төлбөр төлөх хэрэгтэй ч гэж ярьж байсан удаатай. Тиймээс төлбөр төлөхгүй бол Европ, Азиас цэргээ татна гэсэн амлалтаа хэрэгжүүлэхийг оролдох нь гарцаагүй.
Энэ мэт түүний үзэл баримтлал, хэрэгжүүлэх арга хэмжээнүүд дэлхийн улсуудын энх тайван, хүмүүсийн эрх чөлөөнд халдаж байна хэмээн үзэх хүмүүс олон байна. Олон Улсын шинжээчид ч өөрсдийн таамаглалуудаа ар араасаа дэвшүүлсээр байгаа юм. Тэрээр Ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авсан эхний 100 хоногтоо өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн нэрийг АНУ-ын түүхийн хуудаснаас авч хаях асуудал нэн тэргүүнд орж буй. Учир нь тэр Б.Обамагийн Ерөнхийлөгч байх найман жилийн хунацаандаа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, улс төрийн шийдвэрүүдийг үргэлж буруутгасаар ирсэн. Мөн Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд төсөвлөсөн хэдэн тэрум ам.долларын гэрээг цуцална хэмээсэн. Харин Барак Обама уур амьсгалын өөрчлөлтөд тун их анхаарал хандуулдаг байсан бөгөөд Холливуудын жүжигчин Леонардо ДиКаприогийн найруулсан “Before the Flood” гэх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг харуулсан баримтат кинонд хүртэл хамтарч ажиллаад байсан юм.
Доналд Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний дараахан олон улсын зарим хэвлэл “Дэлхийн геополитикийн 10 эрсдэл”-ийн нэгээр нэрлэсэн. Харин одоо тэр АНУ-ын Ерөнхийлөгч. Постмодерн романыг үндэслэгчдийн нэг, зохиолч Салман Рушдигийн хэлснээр “Сонгууль дуусаад төд удалгүй, ердөө 11 сард л тэр бусдыг рекетлэсэн хэргээр шүүхэд дуудагдана. 12 сард хүүхэд хүчирхийлсэн хэргээр ахиад шүүхэд очно. Трамп бол бэлгийн гаж донтон. Байгуулсан САН гээч нь ердөө л татвараас зайлсхийх арга мэх” байж ч болох юм.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
URL: