Бид нэг юм үзнэ
Нэг. “Манай эрин” төгсч байна
АНУ-ын ерөнхийлөгчөөр нөхөр Дональд Трамп сонгогдож байгаа болтой юм. “Сонгогдож л байг уу, дарга аа…” гэлээ гэгчээр нэгэнт л сонгогдсноос хойш сонгогдолгүй л яахав.
Ер нь Трамптай, Трампгүй дэлхий ертөнц нэг юмны босгон дээр ирээд байна. Филиппиний ерөнхийлөгчийн “хар тамхины дайн”-аас эхлээд хашир догь үндэстэн болох Английн ард олны “бриксит” шийдэл хүртэлх улс төрийн тайз нэг юм хэлсээр байгаа юм.
Дэлхийн эталон үндэстэн Английн гадаад хэргийн сайд Борис Жонсоноос эхлээд Эрдоган, Дэниель Ортега, Дутерте, Раздак, Орбан , Лукашенко, Мадуро, Ассад… гээд ер бусын лидерүүдээр дэлхий дүүрсэн.
Манай хэдэд улс нь жижигдээд байгаагаас биш бидэнд өөрийн Каддафи, Ортега, Мадуро захаас авам.
Энэ бүхэн юу хэлээд байна вэ гэхээр, ийм юм: Хүн төрөлхтөн мангар болсон, эсвэл сонгох чадвараа алдсан гэсэн үг бол биш. Зүгээр л нэгэн үеийн үнэт зүйл үеэ өнгөрөөж, сайн байсан юм сайнаараа байхаа больж эхэлсний илрэл юм.
Үнэн хэрэгтээ ХХ зуунд хүн төрөлхтөний хамжин дэмжин тогтоосон олон улсын дэг ёс, үнэт зүйлс үеэ өнгөрөөж байна гэсэн үг.
Дэлхийн нэгдүгээр дайнаар бие биеэ баахан хядсан хүн төрөлхтөн Лиги Наций буюу одоогийн НҮБ маягийн зүйл байгуулж нийтийг хамарсан дэг тогтоох гэж оролдсон боловч олигтой амжилт олсонгүй.
НҮБ байтугаа хэн ч хүлээн зөвшөөрөөгүй Исламын улс бодитой оршин тогтнож байгаа нь үүний нэг жишээ. Исламын улс газрын зураг байхгүйгээр бодитойгоор оршин тогтнох болсон нь ерөөсөө “димаркаци хил хязгаартай улс орон” гэдэг ойлголтыг ч өөрөөр харахад хүргэж байна.
Харин дэлхийн хоёрдугаар дайны дараагаар НҮБ байгуулагдсан нь амжилт олжээ. Хэдийгээр АНУ тэргүүтэй капиталистууд, ЗХУ тэргүүтэй коммунистууд тэнд цусаа гартал үзэж тарж байсан боловч бүгдэрээ НҮБ- ийнхээ үнэ цэнийг ухаарч хүндэлж байсан юм. Чухам энэ хүндлэл дундуур манай эх орон БНМАУ олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, 1961 онд НҮБ-д элсэж тугаа мандуулж байв. Тэр үед шинээр “Улс болох”, эсвэл “нэг улс нөгөөгөө эзлэн алга болгох” асуудал чухам энэ байгууллагын шийдвэрээс хамаарч байлаа. Харин өнөөдөр Украйны эргэн тойрны асуудал болон Крымыг Орост нэгтгэсэн, Донецкийн “бүгд найрамдах улс” бий болсон жишээг харахад “улс болох” асуудал НҮБ д улам бүр падлийгүй болж байна.
Ерөөсөө НҮБ байтугаа хэн ч хүлээн зөвшөөрөөгүй Исламын улс бодитой оршин тогтнож байгаа нь үүний нэг жишээ. Исламын улс газрын зураг байхгүйгээр бодитойгоор оршин тогтнох болсон нь ерөөсөө “димаркаци хил хязгаартай улс орон” гэдэг ойлголтыг ч өөрөөр харахад хүргэж байна.
Ардчиллын өлгий гэгдэх АНУ-д цуутай популист Трамп ерөнхийлөгч болон гарч ирснээр америкт социализм байгуулаад эхлэхгүй нь лавтай ч “хүн төрөлхтний ХХ зууны үнэт зүйл” үеэ өнгөрөөсний хамгийн тод жишээг харуулж байгаа бололтой.
Сайн сайхан зүйлс дуусаж байгаа хэрэг биш харин сайн сайхны тухай бидний хэмжүүр хуучирч байгаа гэсэн үг байх. Өөрөөр хэлбэл ХХ зууны дундуур бүрэлдэн тогтсон дэлхийн шинэ дэг ёсны “Манай эрин” ийнхүү өндөрлөж байна.
Хоёр. Социализмын мөхөл нь шинэ дэг ёсны төгсгөл болов
Үнэн хэрэгтээ “Манай эрин”-ий мөхөл 1990-ээд оноос эхтэй. Капитализмтай эсрэгцэн зогсож байсан социалист систем нуран унаснаар хүний хөгжлийн нэгэн эрин үндсэндээ дууссан байна. Капитализмийн үнэт зүйлсийг улам улам тодруулж байсан коммунизм нуран унаснаар барууны ардчиллыг харьцуулах, хайрлан ариглах үзэл санаа өөрөө хямралд орсон бололтой. Зөвлөлтөөр тэргүүлсэн социалист лагерийн орыг хэн ч авсангүй. Дэлхий даяараа “сайхан ардчилсан”, “муухан ардчилсан”, “бараг ардчилсан”, “ардчилсан ч юм шиг” орнуудын нийлбэр боллоо.
Ардчиллын дутууг гүйцээх, хоцрогдсон зарим улс үндэстэнд зэр зэвсгийн хүчээр ардчилал бэлэглэх оролдлогууд сайхан бүтэлгүйтсний жишээ нь Ирак, Ливи, Сири болж үлдлээ.
Түүнчлэн, олон нам оролцсон сонгууль явуулаад явуулаад Путин л засагладаг Орос ба ардчилсан чөлөөт сонгууль явуулдаггүй боловч 5-10 жилийн хугацаанд удирдлагаа бүрэн солидог Хятад хоёрын хэн нь ардчилсан болохыг бурхан л мэдэх байх.
Хуучин “социалист бүх улс нэгдээд ЗХУ тэргүүтэй нэг улс болно” гэж үзээд “ойртон нягтрах бодит зүй тогтол” хэмээн томъёолон Монгол хийгээд Зүүн Европын хамарсан хөтөлбөр хэрэгжүүлж байсан ч бүтээгүй юм. Гэтэл Соц.систем унасны дараа Европын капиталист орнууд “Европын холбоо” болон нэгдэх гэж үзсэн боловч хүний жаргал хүнд наалдаагүй юм болохыг харуулаад тарах дээр тулж байна.
Хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн хүн ард ёс суртахууны үнэт зүйлсээрээ жигдрээгүй цагт эдийн засаг улс төрийн бүтцээрээ жигдрэх ямар ч боломжгүй юм байна дүгнэлт л бидэнд үлдлээ.
Оросын холбооны улс хуучин зөвлөлтийн дүрийг өөртөө авах гэж оролдсон боловч бүтэл муутай байна.Учир нь оросууд маань Америктай л харилцах шинэ арга хайж байгаагаас биш социализм байгуулах гээгүй болохоор энэ бүтэх ч үгүй.
Иймээс дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон дэлхийн дэг ёс нь ЗХУ тарсны дараагаар сөрөг намгүй атлаа дотроо түмэн фракцид хуваагдсан, нэгдсэн шийдвэр гаргах чадваргүй засгийн газар шиг болсон хэрэг. Яг л 1996-2000 оны Монголын засгийн газар гэсэн үг.
Ийнхүү ХХ зууны дэлхийн улс төрийн шинэ дэг ёсны нэгэн багана болсон социализм нурснаар шинэ дэг ёс өөрөө нурж эхэлсэн нь одоо ч үргэлжилж байна. Социализм нурсан нь муухай юм биш, яг түүн шиг нэг үеийн дэг ёс үеэ өнгөрөөж байгаа нь ч муухай юм биш билээ. “Манай эрин” сайхан байсан нь дараагийн эрин муухай байхын баталгаа биш юм.
Гурав. Үл жигдрэх ертөнц
Буддын сургаальд нэг ийм санаа байдаг юм: Шинэ үнэт зүйлийг ухааран төсөөлөхөд хуучин үнэт зүйлс садаа болдог, ийм учраас гэгээрэлд хүрэхийг сайхныг чамд төсөөлүүлэхэд хэцүү, санаа саванд чинь багтахгүй ээ – гэж.
Бид нэг юм үзэх нь үзнэ. Муухай юм гэж бодохгүй байна. Бидний нэгэн үеийн үнэт зүйлсийн хугацаа дуусч байх шиг байна. Энэ нь үнэт зүйлгүй болно гэсэн үг биш, харин цоо шинэ, төсөөлөгдөөгүй явсан шинэ үнэт зүйлсээ бүтээнэ гэсэн үг.
Амьдрал угаасаа сайн тийшээ чиглэгдсэн аугаа хувьсал бөлгөө. Тийм ч учраас дэлхийн нэгдүгээр дайны эрэлхэг цэрэг Швейк “Юм яаж ч муудсан сайжрах тийшээ явдаг” гэж захисан билээ.
Эмээ маань миний багад ярьдаг байсан зүйл санаанд байна: Жаал хөвүүний бяцхан оюуны савны хэмжээнд тааруулан хорвоогийн байдлыг тайлбарлан хэлэхдээ “Дэлхий дээрх чүдэнзний бүх хайрцаг ижил болохын цагт хорвоо тэгшрэх юм гэнэ лээ” гэдэгсэн. Хэдийгээр чүдэнзний хайрцаг гарснаас хойшхи афоризм гэдэг нь тодорхой ч дорнын гүн ухааны улбаа шингээстэй хэллэг бололтой. Дэлхийн бүх чүдэнзний хайрцаг хэзээ ч нэг загварт орохгүйн адил ертөнц үргэлж шинэ шинэ утга агуулга,үнэт зүйлсээр баяжиж, өмнөхөөсөө ялгарч явах болно, хэзээ ч нэгэн хэвийн царцанги байдалд орохгүй.
Монголчуудын хөх мөх толбо молбод би итгэдггүй. Гэхдээ Буддын гүн ухаанаар амьсгалсан нүүдэлчид байсан гэдэгт эргэлздэгүй юм.
Бид нэг юмад тулж байна. Тулна гэдэг бол зам дууссны дохио. Нэг зам дуусахаас нааш нөгөө зам эхэлдэггүйг. Харин юм дуусах муухай гэж бодож байгаа хүн удахгүй эхлэх зүйлийн сайхныг төсөөлж чаддаггүй.
URL: