А.Сүхбат: Туул голын орчмоос элс, хайрга олборлож буй ААН-үүд нөхөн сэргээлт хийхгүй байвал хариуцлага тооцно

9Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат нар өчигдөр Туул голын бохирдлын асуудлаар Төв болон Харгиа цэвэрлэх байгууламж, мөн Шувуун фабрикийн орчимд хайрга олборлодог карьеруудын үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Өргөдлийн байнгын хороо нь Туул голын бохирдлыг бууруулах Ажлын хэсгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан байна.

Ажлын хэсгийн гишүүд эхлээд Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, түүний шинэчлэлийн хэрэгжилтийн байдал, тулгамдаж буй бэрхшээлийн талаар мэдээлэл солилцон холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авахын зэрэгцээ үүрэг, чиглэл өглөө.

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү мэдээлэл хийх үеэрээ Төв цэвэрлэх байгууламж нь хоногт дунджаар 160,000-190,000 шоометр бохир усыг хүлээн авч, механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлсний дараа Туул голд нийлүүлдэг. Бохир усны худгийн ихэнхэд нь удаан хугацааны ашиглалтын явцад элэгдэж хуучрах, хагаралт цууралт үүсэх зэрэг гэмтлүүд тохиолдож байгаагаас тус байгууламжийн ачааллыг нэмэгдүүлэхэд хүргээд байна. Иймд 250,000 шоометр/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байна. Энэхүү асуудал өчигдөр /2016.11.08/ зохион байгуулагдсан “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөж, шинэ Төв цэвэрлэх байгууламжийг барихын тулд шинээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бус, өмнө нь боловсруулагдсан техник эдийн засгийн үндэслэлийг ашиглаад явах нь зөв гэсэн байр суурь илэрхийлэгдэж байсан гэлээ.

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлэхдээ, Нийслэлийн иргэдийн 97.5 хувь нь Туул голоос ундаалдаг, байхад бид өөрсдийнхөө ундны ус руу бохир нийлүүлж байна. Туул голыг бохирдуулж буй гурван үндсэн хүчин зүйлс бол цэвэрлэх байгууламж болон арьс ширний үйлдвэрүүдээс гарч буй бохир, мөн Туул голын орчмоос элс, хайрга олборлож байгаа явдал юм. Голын урсцыг багасгах, байгалийн тэнцвэрийг алдагдуулахад эдгээр хүчин зүйл хүргэж байна. Саяхан хийгдсэн судалгаагаар Туул голын усыг цэвэршүүлсний дараа гэдэсний өвчин үүсгэдэг савханцар нян илэрсэн. Иймд УИХ-ын зарим гишүүд Туул голыг хамгаалах тусгай хууль гаргах тухай санал нэгдээд байгаа гэлээ.

Дараа нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Шувуун фабрикийн орчимд хайрга олборлодог карьерууд болон “Харгиа” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат ”Туул голын ай савуудыг ихээр сүйтгэж байна. Туул голын энгийн хамгаалалтын бүсээс элс, хайрга олборлож буй аж ахуйн нэгжүүд хэдийгээр тусгай зөвшөөрөл авсан хэдий ч нөхөн сэргээлт хийхгүй байна. Үүнд хариуцлага тооцуулах тал дээр бид ажиллаад зогсохгүй эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар ажиллах болно” гэлээ. Түүнчлэн Туул голыг бохирдуулж буй бусад хүчин зүйлсийг арилгахад шат бүртээ хяналтаа сайжруулж, хууль эрх зүйн асуудлыг боловсронгуй болгох нэн шаардлагатай байна гэж анхаарууллаа.

Өргөдлийн байнгын хорооны гишүүд дээрх газруудын үйл ажиллагаатай танилцсан тухай болон цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулах аж.


URL:

Сэтгэгдэл бичих