“Түрийвчний цоорхой” буюу богинын такси
Эдийн засаг агшиж байна. Ирэх хоёр жилд улам ч агшина. Бэлэн мөнгө хомсдож, “тансаг” байх үедээ аваад дасчихсан олон үйлчилгээ, хэрэглээнээсээ татгалзах хэрэгтэй болно. Гэвч муу зуршил гэдэг тийм ч амархан ялан дийлчих дайсан биш ажээ. Мөнгө хэмнэмээр байдаг, гэтэл хэрэглээд дасчихсан бараа үйлчилгээгээ өөрийн эрхгүй авчихдаг. Бэлэн мөнгө хэдий бага багаар орж ирнэ, төдий чинээ хурдан, алдагдалтайгаар үрэгдэж дуусдаг “теорем” үйлчилж, мөнгө үгүй болно. Энэ жишээгээр онц биш хэрэгцээнд зориулагдсан зардал бидний санхүүд маш хорлонтой үр нөлөө үзүүлдэг байна. Бид энэ удаа тэвчиж болох зардлын зөвхөн нэг нь болох “богинын” гэгдэх таксины үйлчилгээг тандсан юм.
Иргэд улам бүр залхуу болж, залхуурахын тулд идэж уух, өмсөж зүүхээсээ ч өөрөө мэдэхгүйгээр хумсалж буйн нэгэн жишээ бол “богинын” хэмээгдэх таксигаар үйлчлүүлэгчид.
Иргэд улам бүр залхуу болж, залхуурахын тулд идэж уух, өмсөж зүүхээсээ ч өөрөө мэдэхгүйгээр хумсалж буйн нэгэн жишээ бол “богинын” хэмээгдэх таксигаар үйлчлүүлэгчид. Өмнө нь иргэд аюулгүй байдлаа бодож, ийм таксинд суудаг байсан бол одоо гудамжууд гэрэл гэгээтэй болсон ч нэгэнт суугаад сурчихжээ. Богинын таксины онцлог нь ойрхон 1-2 км зайд явдаг мөртлөө 500-1000 төгрөгийн үнэтэй байдаг. Бид харьцангуй хямд буюу 500 төгрөгөөр үйлчилдэг нэгэн “чиглэл”-ийг сонгон авч сурвалжлагаа бэлтгэсэн юм.
III, IV хорооллын хойд дэнжид “Харанхуй” гэж айхтар нэртэй гэр хороолол бий. 90-ээд оны үед гэмт хэрэг гардгаараа зартай, өсвөр насны хүүхдүүдэд бүр ч халгаатай газар байсныг мэдэх нэг нь мэдэх байх. Нийслэлийн гэр хорооллын дийлэнхийг хөдөөнөөс шилжин суурьшигчид бүрдүүлдэг бол энд арай өөр. 1995 оноос хойш үүссэн буюу үерийн далангаас хойшхи гэр хорооллын айлуудын олонхи нь нэгэн цагт байранд амьдарч байсан, хотын унаган хүмүүс байдаг аж.
IV хорооллын “Акула” 12, цаашлаад 13, 14, 15, Шуудангийн ар талын 31, 32, 33, 29, 25, III хорооллын “СОТ-ын” гэгдэх ногоон байрны айлууд байраа зарахаараа “Харанхуй”-д хашаа, байшин худалдаж аван суурьшдаг байжээ. 40 мянгат, Төмөр замаас нүүж ирсэн айлууд ч бий гэнэ. Ерөнхийд нь базаж хэлбэл, зах зээлийн давалгаанд хөл алдсан айлууд “Харанхуй” хэмээх гэр хорооллын багагүй хэсгийг эзэлдэг юм байна. Хэдэн жилийн өмнө эндэхийн иргэд III, IV хорооллын эцсийн автобусны буудлаас хойшоо усан сан өөд явган алхдаг байжээ. Харин он жил өнгөрөхийн хэрээр айлууд нэмэгдэж, гэр хороолол хойшоо сунасаар одоо хамгийн хойд талын айлууд төв замаасаа хоёр километр гаруй зайтай болсон байна. Тиймээс одоо энэ хоёрын хооронд такси явдаг болсон аж.
Он жил өнгөрөхийн хэрээр айлууд нэмэгдэж, гэр хороолол хойшоо сунасаар одоо хамгийн хойд талын айлууд төв замаасаа хоёр километр гаруй зайтай болсон байна.
III, IV хорооллын эцсийн буудлын ард орших “Нэхий плаза” төвийн зүүн талд хувийн жижиг тэрэг зогсч байх нь бидний зорьж очсон богинын унаа байв. Хойшоо явах унаа мөн эсэхийг лавласныхаа дараа орж суулаа. Хоёр гурван минутын дараа хижээлдүү насны эхнэр, нөхөр хоёр, дахиад төдий хэр хугацааны дараа оюутан бололтой охин орж ирж суув. Ингээд явах болсон эсэхийг асуувал жолооч эр “Дахин нэг хүн авна ш дээ, дүү хүү. Таван хүнтэй өгсдөг юм” гэлээ. Нэг хүүхэн ирсэн ч урд талын суудалд хүнтэй болсныг хараад “өө, хүнтэй юм уу” гэсэн ч хойд суудалд суусангүй. Ингээд нэг хүн хүлээж дахин таван минут орчим болсны эцэст арай гэж нэг юм хөдөллөө. Энэ завсар дээрх богинын шугамд явдаг өөр хоёр ч машин ард ирэн залгалдаж зогсч байгаа нь ажиглагдсан юм. Машин хөдлөхөөс өмнө ирсэн нөгөө хүүхэн хойд талын машины урд талын суудалд тухласаар үлдлээ. Мөнгөө төлж байгаа хойно аль болох тухтай газар суух нь түүний зөв ч гэсэн 20-иод минут хүлээнэ гэдэг бас тийм ч бага алдагдал биш шүү дээ. Цаг зав ихтэй энэ мэтийн улс бас байна.
Такси “Эрчим хүчний” гэгдэх ногоон байрны баруун талаар гарч, усан сан өөд өгслөө. Улмаар усан сангийн яг наагуур баруун гар тийш эргэж, үерийн далан эмжин уруудав. Энэ нь явсаар хуучин жалга байгаад одоо зам болчихсон шороон жим болж, уулын ам өөд өгсдөг юм байна. Өмнө нь дэржигнүүр гэж жигтэйхэн эд байсныг нь энэ зун арай гайгүй болгожээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар засуулсан гэнэ. Такси хүмүүсээ нэг, хоёроор нь буулгасаар энэ замын төгсгөлд ирж зогсдог ажээ. Хоёр километр ч хүрэхгүй зай. Шороон замаар харьцангуй удаан явж байсан ч гэсэн таван минут хүрэхгүй хугацаанд эцсийн зогсоолдоо оччихож байна лээ. Хэдий цаг ийм бага байсан ч гэсэн зорчигч болон жолоочоос хэдэн асуултад хариулт авсан юм. Жолооч өөрөө эндэхийнх гэнэ. Өдөржин биш, өглөө оройдоо л жаахан явж хэдэн цаас олдог гэнэ. “Ийм ойрхон газар ингэж үнэтэй яваад их мөнгө олдог байлгүй” гэвэл “Өглөөдөө дээшээ хоосон, оройдоо доошоо хоосон явдаг болохоор юу олж базаах вэ” гэнэ. “Өглөө оройдоо 10 минут алхаж тэвчдэггүй нөхдүүд үгүй болчихвол жолооч ах хүүгийн амьдрал ч бас хямрах байх даа” гэж бодож амжлаа. Амьдрал аа гэж… хэн нэгний алдагдал өөр нэгэнд орлого болж очдогийг яалтай вэ.
Хамт зорчсон эхнэр нөхөр хоёроос өглөө оройдоо таксинд суух нь түрийвчинд хэр халгаатай болох талаар асуувал “Ирэх очихын 2000 төгрөг болдог” гэв. Эхнэр нөхөр хоёр нийлээд сард 60 мянган төгрөгөөр богинын таксинд суудаг байх нь гэж тооцоод “60 мянган төгрөг та хоёрын хувьд хэр их мөнгө вэ” гэж асууж үзэв. Эхнэр нь “Их мөнгө байлгүй яах вэ, их мөнгө, их мөнгө” гэж ирээд л ярьж байдаг шүү. Тэгэхээр нь “Та хоёр сард ийм хэмжээний мөнгөөр таксинд сууж байна шүү дээ, явган явбал ядаж эрүүл мэндэд хэрэгтэй биш үү” гэхэд “Нээрэн тийм байна шүү.
Та хоёр сард ийм хэмжээний мөнгөөр таксинд сууж байна шүү дээ, явган явбал ядаж эрүүл мэндэд хэрэгтэй биш үү
Манай эндхийнхэн тийм ч боломжтой хүмүүс биш ээ. Эмзэг давхаргынхан ч бий. Тэгсэн хэрнээ хөгшин хөвөөгүй л машиндацгаах юм. Бид ч гэсэн тийм боломжтой улсууд биш. Өглөө яарахын эрхэнд, оройдоо ядрахын эрхэнд л суухаас өөр аргагүй болдог юм даа” гэсэн юм. Уг нь эндхийн зам хэдий гэр хорооллын шороон зам ч гэсэн гэрэлтүүлэг тавьж сайхан болгосон юм билээ. Гэсэн ч явган алхаж байгаа хүн бараг харагдсангүй.
Хүмүүс чухал бус хэрэгцээнд өөрөө ч мэдэхгүйгээр маш их мөнгө зарцуулж байгаагийн нэг жишээ энэ. Хэрвээ хүмүүс өөрсдөө алхчихъя гээд хичээвэл 60 мянган төгрөг хэд хоногийн хүнсний хэрэгцээг нь хангана. Өөр бас бус зүйлд ч зарцуулчихаар мөнгө билээ.
URL: