Хятадын эрдэнэ болсон Гүйжөү-2

ГҮЙЖӨҮГИЙН ИХ СУРГУУЛЬД 12 МОНГОЛ ОЮУТАН СУРАЛЦДАГ

10Гүйжөү мужийн хэвлэл мэдээлэл, техник технологийн салбартай танилцсан манай багийн дараагийн саатсан газар бол Хуашигийн их сургуулийн хотхон байв.  Санхүү эдийн засаг, байгаль орчин, инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулиуд нэгэн дороо байрлаж, багахан хэмжээний хотыг бий болгожээ. Тэнд оюутанд хэрэгтэй бүх л зүйл байна.  Номын сан, спортын ордон, цэцэрлэгт хүрээлэн, банк, эмнэлэг цагдаа нь гээд төрийн үйлчилгээний газруудыг нь хүртэл хотхон дотор шийдэж өгсөн байв. Гүйжөүгийн их сургуульд одоогоор 12 монгол оюутан суралцаж байна.  Тэдний олонх нь Хятадын засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа гэнэ.  Бакалавр, доктор зэргээсээ хамаарч монгол оюутнууд сардаа 3000-3500 юанийн тэтгэлэг авдаг гэж байв. Сургуулийн орчин эмх цэгцтэй, тайван амгалан, мөн бүх зүйл нь дэргэдээ болохоор оюутанд суралцахаас өөр сэтгэл зовоох зүйлгүй санагдана.  Мөн сургууль бүхэн дэргэдээ номын сантай бөгөөд тэр нь хэдэн арван давхар, архитекторын гүн утга агууламжтай баригдсан барилгууд байв. Ер нь сургуулиудын барилгыг шийдэж өгөхдөө номын санд хамгийн их ач холбогдол өгч, түүгээрээ гайхуулах дуртай аж.  Өнгөрсөн жил Монголоос Гүйжөүгийн их сургуульд хоёр оюутан суралцаж байсан бол энэ жил 12 болон нэмэгджээ.  Мөн Гүйжөүгийн их сургуулийн гадаад оюутны тоо 2015 оноос эрс нэмэгдэж эхэлсэн гэнэ. Энэ нь тус сургууль олон улсын боловсролын салбарт нэр хүнд нь өсөж явааг харуулна. Манай оюутнууд Гүйжөүгийн их сургуульд байгаль орчин, багш, санхүүгийн чиглэлээр суралцаж байна.

 

МЯО ҮНДЭСТНИЙ ХООЛНЫ СОЁЛ

 

Гүйжөү муж бол олон үндэстний өлгий нутаг. Тэнд 48 үндэстэн амьдарч байна. Мужийн засгийн газар үндэстний цөөхүүлийн онцлогийг харуулсан дөрвөн том музей байгуулж, өвөрмөц соёл болон зан заншлыг харуулж байна. Тиймдээ ч Гүйжөүгөөс Хятадын олон үндэстний зан үйл, ёс заншил, хоолны соёлыг мэдэрч болно. Энэ дундаас Мяо үндэстэн хамгийн алдартай нь.  Тэд дундадын Хунань, Гүйжөү хоёр мужаар тархан амьдардаг. Мяо үндэстэн манайхтай адил цагаан сар тэмдэглэдэг ба “Зочдын жил” гэж нэрлэн үндэсний хувцсаараа гангарч, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлдэг юм байна.  Манай аяллын багийнхан Мяо үндэстний загастай исгэлэн шөл зооглон хоолны соёлтой нь танилцсан юм. Цагаан загастай шөлөөр сард дөрвөн удаа хооллоход хүн  жам ёсоороо хорвоогийн мөнх бусыг үзнэ хэмээн нутгийнхан ярьдаг. Тиймдээ ч Мяао үндэстний хоолны газар хөл хөдөлгөөн ихтэй. Үүднээсээ эхлээд л дуу хуур бүжиг, үйлчлэгчид нь хүртэл үндэсний хувцас гоёл зүүлтээрээ жигдэрсэн уламжлалт байдал биднийг угтаж байлаа.  Ийнхүү Монголын сэтгүүлчдийн баг Хятадын эрдэнэ болсон Гүйжөүд гурван хоног саатаж, солонгорсон Гүн-Янь хотын байгалийн сайханд сэтгэл хорогдовч дараагийн аялалдаа яаран гарлаа.

 

3D-ГЭЭР ХҮН БҮТЭЭХЭД 2-3 ЦАГ ЗАРЦУУЛНА

Гүйжөүгөөс хоёр цаг орчим нисч Гуанжөүд ирлээ. Энэ нь Хятадын хамгийн өмнөд захын муж юм. Гуанжөү бол монголчуудтай хэдийнэ танил болсон. Манай бизнесийн салбарынхан тэндээс бараагаа татдаг сүлжээг бий болгож чадсан юм. Хятадын худалдаа үйлчилгээний гол бүс төдийгүй Гуанжөү бол Төрийн зөвлөлөөс зарласан анхны түүх соёлын нэрт хотуудын нэг билээ. Гуандүн аялгуу, уран бичлэг, уран зураг, барилга, гар урлалын бүтээгдэхүүн, ардын зан заншил, хоол унд зэрэг өмнөд нутгийн соёлын нөөц тус мужид байна. Сүүлийн жилүүдэд Гуанжөү хотод шинэ бүтээлийн парк тасралтгүй нэмэгдэхийн хэрээр хэвлэлийн аж үйлдвэр, соёлын жуулчлалын салбар, зар сурталчилгаа, интернэт тоглоомын салбар зэрэг нь тулгуур хүч болон хөгжиж байгаа юм. Үүний нэг нь 3D хэвлэх аж үйлдвэрийн парк бөгөөд манай аяллын багийнхан орчин үеийн техник технологитой танилцлаа. Энэхүү парк нь бүхий л эд зүйлсийг 3D-гээр үйлдвэрлэхээс гадна хүнийг хүртэл хэвлэн бүтээж байна.  3D-гээр хүн бүтээхэд 2-3 цаг зарцуулах бөгөөд 700 юанийн үнэтэй гэж байв. Энэхүү үйлдвэр нь 2014 онд байгуулагдсан бөгөөд муждаа ашиг орлого, эрэлт хэрэгцээгээрээ дээгүүрт бичигдэж байна.  Мөн энэхүү муж улстай Бээжин хот хурдны галт тэргээр холбогдсон төдийгүй төмөр замын урт 2200 км аж. Энэ нь одоогоор дэлхийн хамгийн урт галт тэрэгний зам юм байна. Манай багийнхан Гуанжөү мужид хоёр өдөр саатаж,  Гуанжөүгийн виртуаль бодит байдлыг мэдрүүлэх бүтээгдэхүүн болон 3D хэвлэлээрээ тэргүүлэгч “Nined Digital Technology”, “289 Art park” хүрээлэнтэй танилцсан юм. Ийнхүү Хятадын худалдаа үйлчилгээ техник технологийн тэргүүлэх хоёр мужаар аялсан сэтгүүлчдийн аялал өндөрлөлөө.  Хятадын төрийн зөвлөлөөс өөрийн орноор  Монголын 200 гаруй сэтгүүлчийг аялуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү аяллын нэг хэсэгт нь багтаж, их гүрний түүх соёл, зан заншил, техник технологийн хөгжилтэй танилцсандаа сэтгэл өндөр буцлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих