АН-д Н.Алтанхуягаас өөр кандитат бий юу?
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн нь өчигдрийн халуун сэдвүүдийн нэг байлаа. Жил гаруйн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ яагаад ийм эрт зарлав гэдэг нь анхаарал татаж байна. УИХ, орон нутгийн сонгуульд ялагдал хүлээж УИХ-д ердөө есөн суудалтай үлдсэн АН дотооддоо шинэчлэгдэх, фракци бүлэглэлээ устгах тухай яриад завгүй. Намын дарга хэн болох нь тодорхойгүй байхад АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэх асуулт бүр холын сэдэв баймаар. Гэтэл Н.Алтанхуяг итгэлтэйгээрээ мэдэгдэл хийлээ.
Нам доторх өрсөлдөөн, фракци бүлэглэлүүд дундаас хэрхэн дэмжлэг авч чадах бол гэх асуултад “Тэр цаг үедээ шийднэ” гэж товчхон хариулсан. Тэгэхээр түүнд бодсон төлөвлөсөн зүйл бий байх. Гэвч яаж. Өөрийнх нь хэлснээр түүний эсрэг бүхэл бүтэн нам дамжсан бүлэглэл зогсч буй. Энэ дундаас өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж намаа төлөөлөн нэр дэвшинэ гэдэг бас л хүнд даваа.
Ер нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох хүмүүсийг нэрлээд үзье. Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, П.Цагаан, Л.Гантөмөр гээд л дуусаа. Нэр дэвшихэд намын дэмжлэгээс гадна хувь улстөрчийн туулсан замнал, намдаа байгуулсан “гавьяа”, улсынхаа төлөө хийсэн ажил гээд шалгуурууд гаргаж тавьж болно.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн Н.Алтанхуягийн тухайд таван удаагийн сонгуульд намаа ялуулсан, 2016 оны УИХ-ын сонгуульд сонгуулийн хуулиа өөрчлөхийг эсэргүүцэж байсан цөөн хүний нэг, Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хамгийн их бүтээн байгуулалт хийсэн гээд эерэг дүртэй. Дээрээс нь намынхаа бүхий л шатанд хүмүүстэйгээ нягт хамтарч ажилладаг гээд давуу талууд бий.
Карьерын хувьд 1992 оноос хойш “мөнхийн генсек” гэж нэрлэгдэтлээ АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаад 2008 онд намын дарга болж байв. Ингээд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2012 оны УИХ, орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүний удирдсан АН ялалт байгуулсан. Энэ амжилтыг Н.Алтанхуягтай холбодог нь үндэслэлгүй зүйл биш.
Тэр өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “НАМ ДАМНАСАН ХУЙВАЛДААНЫ БҮЛЭГЛЭЛ, УТСАН ХҮҮХЭЛДЭЙ” гэх үгсийг хэдэнтээ дурдсан нь санаандгүй хэрэг биш. Тэр АН-ын шинэчилнэ, даргад өрсөлдөнө гэж орилж хашгирч буй намынхаа нөхдөд хамаатуулан хэлж. Өдгөө нам дотроо түүний эсрэг зогсох хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. АН-ын лидерүүд тэр чигээрээ гудамжинд гарчихаад буй энэ цаг үед өндөр эрх мэдэлтэй, нөлөө бүхий ганц хүн нь болчихоод байгаа. Тэр Н.Алтанхуягийг АН-аас нэр дэвшүүлэхгүй байх бүх боломжийг эрэлхийлэх нь ойлгомжтой. Нөхцөл байдал ингэж ширүүсвэл АН хуваагдах магадлал өндөр. Хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгчид парламентад суудалтай улстөрийн нам эвслээс нэр дэвшүүлэхээр заасан. Тэгэхээр АН хуваагдвал одоогийн есөн гишүүний хэн нь Н.Алтанхуягийг, хэн нь Ц.Элбэгдоржийг дэмжих нь бас л сонирхолтой сэдэв.
Ерөнхийлөгчийн сонгууль болоход бас ч гэж зай байна. Н.Алтанхуягийн яаран хийсэн мэдэгдэл АН дотор томоохон тэсрэлт эхлэхийн дохио ч байж мэдэх.
Б.Сондор
zuvsongolt.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
-ерөнхийлөгчийн сонгууль жил гаруйн дараа болох юм уу?. энэ оны 6-р сард болох байснаа больсон юм уу? хэзээ тийм юм болчихвоо. угаасаа хагас жил хүрэхтэй хүрэхгүй хугацаа байсан юм. энэ Сондор гэгч сэтгүүлч юм уу юу юм бэ юу бичээд байгаа юм бол?