“Оюутолгой”-гоос ирж буй сайн чимээ
Эдийн засгийг өөд нь татах Ж.Эрдэнэбатын төлөвлөгөөний эхэнд хүлээгдэж байгаа мега төслүүд багтсан. Түүнд багтсан, багтах ч ёстой төслүүдийн нэг нь “Оюутолгой”-н хоёр дахь шатны бүтээн байгуулалт. Өнөөдрийн өнгийг өөрчлөх учиртай гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай Засгийн газрын тэргүүн амралтын өдрүүдэд газар дээр нь танилцаад ирсэн. Ерөнхий сайдын хувиар өмнийн говьд тэрбээр “хоёр толгой” дээр саатав. “Хоёр толгой” гэдэг нь Тавантолгой, Оюутолгойн орд газрыг хэлж буй хэрэг. Өмнөговь аймаг нь түүний Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш ажиллаж буй найм дахь аймаг юм.
“Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг нүдээр хараад ирсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амаргүй нөхцөлд засаг тэргүүлж байгаа. Гэхдээ түүнд нийгэм, эдийн засгийн гутранги хандлагыг залах жолоо нь бий. Тиймээс “Оюутолгой”-н нийт 5.3 тэрбум ам.долларын өртөг бүхий далд уурхайн ажилд Ерөнхий сайд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Хөрөнгө оруулалтыг урхидах боломжтой төслүүдийн нэг гэдэг утгаараа “Оюутолгой”-н эрэмбэ өндөр.
Ордпын нийт нөөцийн 80 гаруй хувийг агуулж буй далд уурхайн ажлыг энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 1600 ажилчин гүйцэтгэж байна. Монголчууд үүний 90 гаруй хувийг эзэлж байгаа” хэмээн “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар онцолсон. Тэрбээр “Гүний уурхайн бүтээн байгуулалтад 852 ханган нийлүүлэгч компани хамтран ажилласан. Тэдний 60 гаруй хувийг монгол компани эзэлж байна” гэв.
Гүний уурхайн олборлолт 2020 оноос эхлэх бөгөөд 2027 оноос бүрэн хүчин чадлаар нь ашиглах юм. Ингэснээр тус компани жилд хагас сая тонн зэс үйлдвзрлэнэ. Харин одоогоор жилд 175-200 мянган тонн зэс үйлдвэрлэж байна. Гүний уурхай ашиглалтад орсноор баяжмал дахь зэс, алтны агуулга гурав дахин өснө гэж тооцоолж буй. Улсын төсвийн орлогын 100 төгрөг тутмын 10 төгрөгийг “Оюутолгой” компани одоо бүрдүүлдэг байна. Уг төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг дагаж Тавантолгойн цахилгаан станцын төсөл хэрэгжих учиртай.
Оюутолгой орд бол Монгол Улсын өрсөлдөх чадварын гол суурь
“Оюутолгой” компани энэ оны гуравдугаар улирлын тайланд дурдсанаар гүний уурхайн өргөтгөлийн бүтээн байгуулалтын нийт 750 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Үүнээс одоогоор 105.8 сая ам.долларыг өргөтгөлийн бүтээн байгуулалтад зарцуулаад байгаа тухай дээрх тайланд тодотгожээ. Цаашид 644,2 сая ам.долларын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Тус компани ирэх долоон жилийн хугацаанд нийт 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд оруулах төлөвлөгөөтэй. Үүнээс энэ онд нийт 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тооцоолсон. “Оюутолгой”-оос ирж буй сайн мэдээний нэг чимээ нь энэ.
Үүнээс гадна Монгол Улсад ирэх долоон жилийн хугацаанд нийт есөн тэрбум ам.долларын худалдан авалтыг хөрөнгө оруулалт ба экспортын орлогоороо хийхээр төлөвлөжээ. Ингэснээр Монгол Улсад орох гадаад валютын урсгал жилдээ ойролцоогоор нэг тэрбум ам.доллараар нэмэгдэх боломж бүрдээд байгаа юм. Энэ хэрээр төлбөрийн тэнцэл сайжирч, төгрөгийн ханш сулрах хурд буурах боломжтойг зарим эдийн засагч онцоллоо.
2017 он гэхэд гүний уурхайн хоёрдугаар босоо ам, агааржуулалтын тавдугаар босоо амыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Таван босоо ам нийт бүтээн байгуулалтын үр дүнд бий болох юм. Босоо ам нь газрын гүн рүү 1300 метр нэвтрэх бөгөөд энэ нь “Blue Sky” цамхгийг 12 дахин давхарласантай ижил хэмжээний гүнээс хүдэр олборлоно гэсэн үг.
Оюутолгой орд бол Монгол Улсын өрсөлдөх чадварын гол суурь. Уг төслийн нөлөөгөөр манай эдийн засаг таван жилийн дотор гурав дахин тэлсэн үр дүнтэй. “Оюутолгой” компаниас сүүлийн таван жилийн хугацаанд Монголд зарцуулсан нийт мөнгөн дүн 5.13 тэрбум ам.доллар буюу 10.2 их наяд төгрөгт хүрсэн талаар мэдээлж байсан. Өмнийн говьд өнгө нэмсэн төслөөс ирж буй сайн мэдээг хуваалцахад ийм байна. Мега төслийн тусгал Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх хүлээлт үүсгээд байгаа нь ийм учиртай.
[ЗГМ]
URL: