Сүлжээний луйвар буюу цасан уруй
Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сүлжээний буюу санхүүгийн пирамид хэлбэрийн үйл ажиллагаа явуулж байж болзошгүй гэх үндэслэлээр 2-3 сүлжээний удирдлагуудыг шалгаж эхлээд байна. Эдгээр хүмүүс нь интернетийн апликейшн, фэйсбүүк хуудсаар дамжуулан сүлжээндээ иргэдийг элсүүлж байгаа учраас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа нь энэ ажээ. Одоогоор хохирлын хэмжээг урьдчилан хэлэх боломжгүй байгаа нь хохирогчдын тоо эцэслэн гараагүй байгаатай холбоотой. Хэрвээ энэ төрлийн сүлжээнд мөнгөө өгөөд авч чадахгүй байгаа бол ЦЕГ-т хандаж болох юм байна.
Манай улсад хуулиараа энэхүү пирамид тогтолцооны замаар ашиг олохыг хориглосон. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-р зүйлд зааснаар “… олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагааг хориглоно” гэсэн байна. Эдийн засагчийн хэлснээр, санхүүгийн пирамид бол цасан уруй гэсэн үг. Томрох тусмаа гадна захын олонхид ашиггүй, уг цасан уруйн голд байгаа удирдлагууд буюу цөөн хэдэн хүнд л аюулгүй гэсэн дүрмээр явагддаг гэж тайлбарлаж байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас олон улсын гэж нэрлэгдсэн цэвэр санхүүгийн пирамидын болон бараатай, бараагүй пирамидын тогтолцооны луйвраас сэрэмжлээрэй гэж зөвлөж байна.
Цасан уруйн зарчим
Санхүүгийн пирамидыг үндэслэгч нь нь өнгөрсөн зууны хориод онд амьдарч байсан Чарльз Понзи. Америкийн эдийн засаг хурдацтай хөгжиж, иргэд нь хувьцааны наймаа ид сонирхож эхэлсэн тэр үед мань эр 90 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг хоёр дахин өсгөж чадна гэсэн зар тараажээ. Итали гаралтай цагаач эр зар төдийгөөр зогссонгүй. Компаниа нээж, төлөөний хүмүүстээ чамлахааргүй мөнгө төлж хүн итгэхгүй байхын аргагүй тансаглаад эхэлж. Понзи тэр үеийн шуудангийн улс хоорондын төлбөрийн системийн үнийн зөрүүгээс ашиг хийж хурдан хугацаанд мөнгө өсгөж болно гэж хүмүүст итгүүлжээ. Тухайн үедээ нэр хүндтэй “The Boston Post” сонинд цагаач эрийн мөнгөө үржүүлэх “гайхалтай санаа”-ны тухай нийтлэл гарсан нь байдлыг бүр ч гааруулж орхисон гэдэг. Гэвч “The Boston Post” дараахан нь Понзийг Америкт цагаачилж ирснээсээ хойш удаа дараа санхүүгийн луйварт хутгалдаж байсныг нь илчилсэн нийтлэлээрээ сэтгүүл зүйн дээд шагнал “Пулитцер” авч байсан түүхтэй. Цагаач эрийн мөнгө үржүүлэх схем нь их энгийн. Аль болох олон хүнд өндөр амлалт өгч их мөнгө цуглуулна. Эхэлж мөнгөө өгсөнд нь илүү ихийг буцаан өгнө. Их мөнгөний сургаар халаасандаа байгаагаа атгаад ирэх хүмүүсийн тоо ч олширно. Товчхондоо анх хөрөнгө оруулсан цөөн хүн нь хожиж, үлдсэн олонхи нь халаас хоосон хоцрохыг санхүүгийн пирамид гээд байгаа юм.
Санхүүгийн пирамид Монголд
Манай улсын хувьд аль далаад оноос энэ пирамидыг ашигласан олон луйвар гарсан баримт бий. Монголчууд пирамид системийг гадаадаас оруулж ирэхээс гадна дотооддоо ч ийм пирамид бүтээж мөнгө босгон, эцэстээ олон хүнийг хохирогч болгосон жишээ өчнөөнөөрөө дуулддаг. Өнгөрсөн зууны далаад оны дундуур гэхэд л “Нэг төгрөгийн аз жаргалын захиа” гэж гарч байв. Дөчөөс дээш насныхан бол энэ захиаг андахгүй. За тэгээд “Жавхланг бадруулагч”, “Шинэ санаа” төв, “Холливуд”, “Глобал Ньюс”, “Монголын буддист залуучуудын холбоо” гэх маягаар тоочвол жагсааж барахгүй өчнөөн пирамид бий. Орост төвтэй гэж гарч ирсэн “Шинэ санаа” төв гэхэд л гишүүн болох хүмүүсээсээ 1500 ам.доллар авдаг байж. Аль тэртээ, 1995 оны үе гээд бодохоор маш их мөнгө. 700 ам.доллар нь гишүүний хураамж. Энэ мөнгөнд нь гадаад явуулж сургана, шинэ санааг дэмжинэ гэх мэт гоё тайлбар зүүж олныг хошууруулсан байдаг. Харин 800 ам.доллар нь элсүүлсэн хүнд нь бэлэглэлийн журмаар очно. Нэг хүн элсүүлээд 800 ам.доллар авахыг хүсэхгүй хэн байхав. Мэдээж санхүүгийн пирамидын хууль ёсоор эхний хэсэг хүн нь мөнгөжөөд ихэнх нь хохироод үлдсэн. Эцэст нь 2005 оны долдугаар сард оны “Шинэ санаа” төвийн удирдлагууд шүүхээс ял сонссон.
Өнөөдрийн байдлаар, манайд ямар сүлжээ ажиллаж байгааг тодруулахыг оролдлоо. “Ерхөг” хэмээх сүлжээ иргэдийн дунд тархаж гэртээ хүүхдээ харж байсан ээжүүд нэлээд хамрагдаж байсан ч цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тул интернэт хуудсаа хаагаад байна. Сүүлийн үед, иргэдийн элсэж байгаа сүлжээ гэвэл хөөх.мн. гэж олон хүн ярилаа. Тус сүлжээний фэйсбүүк хуудсаар дамжуулан 29.000 төгрөгөөр элсдэг байна. Анх элсэхдээ 29.000 төгрөгтөө бараа сонгон авдаг. Ийнхүү элссэнээр багтаа таван хүн 29.000 төгрөгөөр элсүүлэх ёстой. Тэд ч мөн тав, таван хүн элсүүлснээр тухайн хүний хоёр дахь үе дүүрнэ.
Мөн 1-9-90 гэх эхний удаад элсэхэд 10 евро буюу 30 мянган төгрөг төлөхийг санал болгодог нэг бизнес байна. Мөнгөө төлж өөрийн бүртгэлээ баталгаажуулж, данстай болсноор ажиллах эрх нээгдлээ гэсэн үг. Ингээд баг буюу матрицдаа хоёр хүн элсүүлэх ёстой аж. Харин багийн хоёр хүн нь дахин хоёр, хоёр хүн элсүүлж чадвал 36 евро дансанд нэмэгдсэнээр нэгдүгээр үе хаагддаг гэнэ. Гэхдээ үе ахих бүрд тодорхой дүнг суутгуулах юм.
Энэ мэтчилэнгээр цааш үргэлжлэн 10 үеийг дуусгаснаар 100 гаруй сая төгрөг авах ажээ.
Санхүүгийн пирамид гэхээр манайхан сүлжээний бизнес гэж ерөнхийлж ойлгоод байдаг талтай. Сүлжээний бизнес гэдэг нь энгийнээр бол шууд худалдаа. Бараа бүтээгдэхүүнээ борлуулах үүднээс гишүүнчлэл үүсгэдэг. Санхүүгийн пирамидын хувьд зөвхөн мөнгө яригддаг гэдгээрээ ялгаатай. Гэхдээ нэг зүйлийг сануулахад онлайн худалдаагаар цэвэр санхүүгийн пирамидын болон бараатай, бараагүй пирамидуудыг бий болгон ажиллаж байгаа гэсэн сэрэмжлүүлэг бий. Худалдан авах гэж байгаа бүтээгдэхүүний чинь дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл байхгүй бол онлайн худалдаа хийхгүй байхыг сануулъя. Сүлжээний компаниудын аль нь найдвартайг мэдэж цөхөх юмгүй. Дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны www.wfdsa.org, Европын шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны www.fedsa.de гэсэн цахим хуудас руу орж худалдаа хийх гэж байгаа компанийнхаа нэрийг оруулж хайлт хийгээд үзээрэй. Таны хандсан компанийн нэр байхгүй бол пирамид тогтолцооны луйвар гэсэн үг. Манай улсад орж ирсэн дийлэнх сүлжээний компаниуд ОХУ-ынх байдаг. Оросын Шууд худалдааны нийгэмлэгийн цахим хуудас нь www.rdsa.ru юм.
Бусад оронд ямар байдаг вэ
“Бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардан, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн үйл ажиллагааг хууль бус пирамид тогтолцооны луйвар” гэж үзэж дэлхийн олон улс орнуудад, тухайлбал, АНУ, Англи, Франц, Герман, Канад, Румын, Колумб, Малайз, Польш, Норвеги, Болгар, Австрали, Шинэ Зеланд, Япон, Итали, Непал, Исланд, Филиппин, Өмнөд Африк, Шри-Ланк, Тайланд, Иран, Хятад, Мексик, Португал, Голланд зэрэг улсад пирамид тогтолцооны луйврыг хуулиар хориглосон байна. Ихэвчлэн эдгээр улс орнуудын “Хэрэглэгчийг хамгаалах” хуульд дээрх заалтыг тусгасан байдаг байна. Түүнчлэн хууль тогтоомжуудад дараах үйлдлийг хориглосон байдаг. Үүнд:
• Ямар нэгэн пирамид тогтолцооны луйврыг үүсгэн байгуулах, удирдан ажиллуулах, идэвхжүүлэх;
• Пирамид тогтолцооны луйварт санаатайгаар оролцох;
• Пирамид тогтолцооны луйварт бусдыг орохыг ятгах, хүчлэх;
Хэрэглэгчид хэрвээ пирамид тогтолцоонд оролцох буюу түүнийг идэвхжүүлбэл хөрөнгө оруулсан мөнгөө алдаад зогсохгүй, хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байна. Тухайлбал, АНУ-д пирамид тогтолцоог үүсгэн байгуулсан, түүнийг явуулж гүйцэтгэхэд тусалсан хүнийг арван мянган доллараар торгох, албадлагын хөдөлмөр хийлгэх, эсвэл арван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.
Ийнхүү Орос, Монгол зэрэг улсад л сүүлийн үед ашиглагдаад байгаа зүгээр суугаад мөнгө олох аргад уриалсан боловсон луйвар буюу цасан уруйд автаж бүү өнхөрөөсэй гэдгийг анхааруулахад ийм байна. “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг”.
АРДЫН ЭРХ сонин
URL: