Ялагдал зөгнөсөн ялалт

maxresdefault-“ОРГИЛ”-ЫН Ж. ГАНБААТАРЫН БҮЛЭГЛЭЛ МАН-ЫН ОЛИГАРХИУДЫН ЯЛАГДЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ-

Ардынхаа сургаалаас хоёр зүйлийг иш татъя.

“Муу хүнд хэтэрхий их эрх мэдэл өгвөл дарангуйлал тогтдог”  “Муу хүнд аяга бүү амсуул. Мухар үхэрт худаг бүү үзүүл” гэж ямар их үнэн үг вэ?!

Орон нутгийн буюу сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгууль, Монголын хамаг мөнгийг “идэж” удаан үргэлжилсэн ч, одоо хэл ам нь дуусаагүй л байна. Эрх баригч МАН-ынхан хар машин, давуу эрх мэдэл, улсын сан хөмрөг, ашиглаж болох л бүх арга мэхээ хийсэн ч, золтой л ялагдчихсангүй. Ардчилсан нам, төвийн зургаан дүүргийн гуравт нь, хөдөөгийн 104 суманд ялалт байгуулжээ. Ардчилсан намын удирдлага “унтаж” байгаагүй бол, гурав дахь хүчний орон зай “онгорхой” байгаагүй бол манай нам ялагдчих  л байлаа.

Мордохын хазгай гэгч энэ. Ард түмнийхээ, намын хамт олныхоо тархийг угаан гарч ирээд, бүх амлалтаасаа няцсаны эхний дүн тавигдаж байгаа нь энэ.  Худал амласан зүйлийг нь хуруу даран тоолохын хэрэггүй биз. МАН-ын удирдлага дахь мафийн бүлэглэлийнхэн орон нутгийн сонгуульд яагаад түрүүчийн амжилтаасаа ухарсан талаар, цөөн хэдэн баримтыг намын хамт олон, ард түмэндээ хүргэх нь зүйтэй юм болов уу гэж бодлоо.

1. 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуулиар манай парламентын тал хувь нь Монголын толгой баячууд, өнөөх л бүх зүйлийг мөнгөөр хийнэ гэдэг сэтгэлгээтэй хүмүүс гарч ирсэн. Нэг залуу гишүүн чуулганы танхимд орж ирээд “Ямар аймшигтай хүмүүсийн  дунд орж ирэв ээ?!”  хэмээн уулга алдсан гэдэг. Өнөөх л хутга мэс, зодоон цохион, шорон гяндан, авлига хээл хахууль, оффшорын нууц луйвар… яригдахад нэр нь явж байдаг олон хүн тэнд сууж байхаар сүрдээ биз дээ. Тэр  аймшигтай хүмүүсийн нэг нь “Оргил”-ын хэмээх тодотголтой Ж.Ганбаатар. Сүүлийн үед энэ хүний нэр сайнаасаа саар юманд л сонсогдох болсон. Телевизээр мөрийтэй тоглоом, хутга мэс, зодоон цохионы тухай яригдахад “Оргилын Ганбаатарын ах” гээд л яригдаж байна билээ. Ж.Ганбаатар гэж хүн хоёр жилийн өмнөөс л манай Баянгол дүүрэгт “хувилгаанаар” тодорсон.  “Дэлгүүрийнхээ барааг тарааж, ямар ачтай буянтай хүн бэ” хэмээн ам амандаа шагшиж байсан чинь УИХ-ын сонгуульд өрсөлдөх л нүхээ ухаж байсансанж. Хоногийн хоолоо яая гэсэн, ходоод нимгэн ард түмэн Ж.Ганбаатарыг сонгоод гаргаж ирсээн. Үүнд буруу юу байхав.

Энд би нэг л зүйлийг хэлэх гэсэн юм. УИХ-ын гишүүн гэдэг хүнд хуулиар олгосон хэдэн ажил үүрэг бий.  Хууль боловсруулах, хууль хэлэлцэж батлах, баталсан хуулийнхаа биелэлтэд хяналт тавих, гол ажил нь! Гэтэл Ж.Ганбаатар дөнгөж сонгогдонгуутаа Баянгол дүүргийн МАН-ын хорооны удирдлагыг “дээрэмдэж” аваад, бүх бичиг баримт дээрээ “УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга” гэж бичээд гарын үсгээ зурчихсан байгаа. Энэ намын хороо чинь түрүүчийн сонгуулиар 70 хувийн ялалт авчирч, дарга Ж.Батсайхан нь, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдчихсон, тэргүүний намын хороодын нэг байхгүй юу. Дөрвөн  жил хувийнхаа хөрөнгөөр Баянгол дүүргийн МАН-ын хороог санхүүжүүлж удирдсан түүнийг нэг л өдөр түлхэж унагаагаад, намын байрыг нь хүч түрэн эзлэж, хуурамч тамга тэмдэг хийлгээд Ж.Ганбаатарынхан дүүр­гийн намын удирдлагыг булааж авч болдог юм уу? ! Ж.Ганбаатар нь, УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялагдсан, өрсөлдөх гээд чадаагүй, тэр байтугай Ардчилсан намыг дэмжиж сонгуульд оролцсон, хэсэг бүлэг хүнд авлигын их мөнгө тарааж, Тусгаар тогтнолын ордонд зодоон цохион цус нөжтэй хурлархуу юм хийн, нэг том дүүргийн намын удирдлагыг булааж авсан. МАН-ын гишүүдэд бол, “М.Энхболд даргын үүрэг даалгаврыг биелүүлж байна. Баянгол дүүрэг дэх С.Эрдэнийн вант улсыг дарж авах зорилготой юм. Миний үгэнд орохгүй бол М.Энхболд даргад хэлж хариуцлага тооцуулна. Намаас хөөлгөнө” гэж дарамталсаар орон нутгийн сонгуулийн өмнө Баянгол дүүргийн МАН-ын хороог булааж авсан. Өөрийгөө дэмжигчид, жолоочоо юм уу, техникийн ажилтнаа хүртэл сонгуульд дэвшүүлсэн гэх юм билээ. Тэгээд юу болов? “Дарж авах” гэсэн С.Эрдэнийнх нь нам 41 суудлын 31-ийг, Ж.Ганбаатарын нам 10-хан суудал авч байгаа юм. Ийм байдлаар манай нам нийслэлийн төвийн гурван том дүүрэгтээ ялагдчихаад, бас ичихгүй луйвар хийгээд байгаа юм даа. МАН-ын дарангуйлагч удирдлага, тэдний ивээлд “ус үзээгүй хормой шуун” цээжээ дэлдэж яваа хэдэн баячуудаас болж дараа дараагийн сонгуульд ялагдал хүлээх магадлал өндөр гэдгийг мартмааргүй.

2. УИХ-д олонх болсон МАН-ын бүлэг бүх зүйлийг санаан зоргоороо хийх болсон. Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн өмнө чуул­ганыг арван хэдэн хоног завсарлуулж, гишүүдээ сонгуулийн сур­тал­чилгаанд явуулах гэсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэснээс, хэд хоног азнан сонгуулиас долоо хоногийн өмнө завсарлуулж байгаа юм. Гишүүд бүгдээрээ сурталчилгаанд явсан.  М.Энхболд л гэхэд нутагтаа оччихсон иргэдийг цуглуулж яриа таниулга хийгээд зогсож байгаа нь телевизээр гарна билээ. Сонгуулийн сурталчилгаагаа “олон түмний санаа бодлыг сонсох” гэсэн өнөөх л луйврын аргаараа явуулсан. Цаг хугацаа мундаа биш дээ, заавал сонгууль тааруулан “сонсдог” юм уу. Ер нь орон нутгийн сонгууль болдгоороо болж байхад М.Энхболд УИХ-аа завсарлуулаад 65 ги­шүүнээ сурталчилгаанд явуулж байх нь эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл биш гэж үү?!  Ийм бохир аргыг чинь ойлгохтой болсон ард түмэн саналаасаа хасна уу, гэхээс нэмээгүй.

3. Өнөө жилийн орон нутгийн сонгууль хэд дахиж, арав гаруй хоног үргэлжилсэн. Нэг талаас хайран мөнгө, хүмүүсийн хүч хөдөлмөр. Нөгөө талаас удаан сунжруулж тэр хооронд бүх луйвраа хийх эрх баригчдын бохир арга. Сум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгууль аравдугаар сарын 19-ний лхагва гариг буюу хөх нохой өдөр болсон. Амралтын өдрүүд ч юм уу, билэг дэмбэрэлтэй сайн өдөр зөндөө л байсан. Тэгтэл зориуд лхагва гариг буюу ажлын өдрийг сонгож аван, амралтын өдөр болгож зарлаж байгаа юм. Хэдийгээр амралтын өдөр болгон зарласан ч ажилчдаа амруулаагүй ажиллуулсан олон газар бий. Хувиараа эрхлэх аж ахуйн нөхдүүд чинь энэ өдөр ажлаа амжуулж хэдэн төгрөг олъё л гэж бодож байгаа шүү дээ. Ийм нөхцөлд сонгууль явуулж, хоног хугацааг сунжруулан булхай хийх нь эрх баригчдад хэрэгтэй  байсан  л даа. Хүний хүч хөдөлмөр, мөнгөнд бол энэ нөхөд санаа зовохгүй байгаа.

4. Орон нутгийн саяны сонгуулиар Монгол Улсын сонгуулийн түүхэнд, магадгүй олон улсын сонгуулийн түүхэнд ч гарч байгаагүй нэгэн сонин асуудал босч ирлээ. Тавь гаруй тойрогт, зуу гаруй хүний санал тэнцчихээд дахин сонгууль явуулж байх юм. Манай хэдхэн хүнд байтугай хэдэн зуун сая хүн санал өгдөг Энэтхэг мэтийн улсад ийм тохиолдол бараг гардаггүй юм гэнэ лээ. Зарим тойрогт, өрсөлдөгч гурван хүний санал тэнцчихсэн гэнэ. Тэгээд бас л үрлэг зарлага болон дахин сонгууль явуулж байгаа юм. Хүмүүс бол “Ардын намынхан зайлшгүй ялагдах болохоороо хар машинаар тэнцүүлчихсэн” гэх юм билээ. Надад баримт алга. Гэхдээ би нэг л зүйлд хардаж байгаа. Санал нь тэнцчихсэн хүмүүс дахин сонгуулиар хэн нь ялсан, тэр тойргуудад аль нам ялсныг огт мэдээлэлгүйгээр хав дарсан нь их сонин байгаа юм. Ер нь орон нутгийн сонгуулийн дүн мэдээг хачин нууцалсан. Арван хэд хоногт юу л бол юу хийж амжаа биз!

5. Би олон сонгууль өнгөрөөсөн хүн. Хуучин тогтолцооны үед бол сонгуулийн өдөр бүх нийтийн баярын өдөр болдог байлаа. Монгол төрийн нэр хүндийн асуудал байсан л даа. Саяны орон нутгийн сонгуулийн өдрүүд бол, нэг л бүдэг бүүдгэр, хэн нэгнийгээ юм уу, хаанаас ч юм хянаад, дарамтлаад байгаа юм шиг өдрүүд болж өнгөрсөн л дөө. Зах, томоохон худалдааны төвүүдийг хаачихсан, үзвэр үйлчилгээ, соёл амралтын газрууд үүдээ барьчихсан, цагдаа хүчнийхэн бэлэн байдалд, надад ажиглагдаснаар бол нэг л их “тэсрэлт”-ийн өмнөх байдал шиг болсон. Харин сонгуулийн өдөр архи худалдахгүй байхыг бол зөвшөөрнө өө. Сонгуулийг ингэж, эрх баригчдын сүр сүлдэн доор явуулсан боловч олон газар ирц хүрээгүй. Маргаан будлианаа ч нууцалсан.

6. Манай намын удирдлагуудад ч “ичих булчирхай” гэж юм алга болж дээ. Орон нутгийн сонгуульд харьцангуй олон газар ялсан гээд байгаа. Тэгсэн чинь ялагдчихсан Сүхбаатар, Баянзүрх дүүргийн удирдлагыг луйвардан авах гэж ямар муухай загнана вэ?! Баянзүрх дүүрэгт ялалт байгуулсан   зургаан хүнийг батламжлалгүйгээр МАН-ын нэг нөхөр хүчин төгөлдөр бус тогтоолонцор үйлдчихээд, хаалгаа түгжин тамга тэмдгээ аваад зугтааж яваа сураг байна. Сүхбаатар дүүрэгт 1000 гаруй саналаар ялчихсан сөрөг намын хүнийг бас л буруутгах шалтаг хайн бөөн луйвар. Ингэж болдог юмуу?!  Би бол, том намын хүмүүс том сэтгээсэй, ялих шалихгүй зүйл дээр нэр нүүрээ битгий бараасай гэж бодож явдаг хүн. Ард түмний сонголтоос өөр сонголт байхгүй. Манай, ичих нүүрэндээ илэг наасан зарим хүн л ард түмний сонголтыг үл хайхран зориуд маргаан үүсгэн, танил тал хуулийнхнаараа, танил тал дарга нараараа шийдүүлж сурчихаад байгаагаас биш! Би түрүү Ардчилсан намыг шүүмжилж байсан. УИХ-ыг сонгох Өвөрхангайн тойрогт луйвар хийчихлээ гэж. Одоо МАН-ынхны байгаа царайг. Хотын хэдэн дүүрэгт ноёрхолоо тогтоох гэж луйварчдыг турхиран зүтгүүлээд юу болов? Одоо тэр аргаараа Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд явуулж байгаа бодлого чинь яав ч эрүүл биш харагдаад байна.

7. Уул нь ардчилсан оронд хариуцлагын тогтолцоо гэж юмыг дээдэлдэг. Гэвч манайд алга болоод удаж байгаа л даа. Сонгуульд ялагдсан намын дарга хариуцлагаа үүрч огцордог ёс байсан юмсан. Орон нутагт ч адилхан шүү дээ. Сум дүүрэгт “Би ялуулна. Үзүүлээд өгнө” гэж давхиж очоод самарчихсан дарга нар яадгийг би харж сууна. Хариуцлага тооцох уу, халамжилж дэвшүүлэх нь үү гэж! Хөдөө сум, нийслэлийн захын дүүрэг хороодод зовлон бий.  Гол нь мэдээллээс хол, хэн нь үнэнийг хэлж ирж байгаа, хэн нь тархи угааж явааг таньж мэдэхэд хэцүү л дээ. Одоо бүр ч хэцүү боллоо. Өнөөх эрх баригчид чинь “үнэн”-ий амыг үдэж эхлэлээ. Өндөр настан, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээсээ харамлаад, танаж хяргаад байсан мөнгөөрөө “хаалтын гэрээ” гэж юм байгуулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд 15-20 сая төгрөг өгсөн байна. Заримд нь дөч тавин саяыг өгсөн ч гэх. “Хаалтын гэрээний” гол утга санаа нь өнөөгийн эрх баригчид “Намайг битгий шүүмжлээрэй. Үнэнийг битгий дэлгэж тавиарай”, “Даан ялангуяа Эрдэнэтийн нууц хуйвалдааныг” гэсэн утгатай л юм байх. Хямралын шуурганд сөхөрч байгаа хэвлэл мэдээллийнхэн минь, тэр сул орж ирж байгаа их мөнгийг авахыг л бодно биз. Буруу ч юу байхав. Радио телевиз, сонин сайтуудаас зарим нь татгалзсан байна билээ. Энэ тухай жагсаалт “Ноцтой мэдээ” сонинд хэвлэгдсэн. Эдэнд мөнгө байна. Далай шиг их мөнгө байна. Харамсалтай нь бидний амыг барьж, олон түмний тархи угаахад, хүнээ нохойноос доор үзэхэд, дээдсийнхээ дэндүү тансаглалд зориулж байгаад л хамаг учир байгаа юм. Удахгүй та нарын гар дээр “Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын хойчийг залгамжлагч, коммунист М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Сү. Батболд, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар мандтугай” гэснээс өөр мэдээлэлгүй сонин хэвлэл очиход гайхахгүй юм байгаа биз дээ.

8. Ардын намын хамт олон минь, энэ хагархай шаазан шиг болсон намаа яая гэж бодож байна? Их хурлын гишүүд нэг хэсгийг нь их мөнгөөр “дээрэмдээд” дагуулчихсан, нөгөө хэсэг нь өнгөрсөн дөрвөн жилд намаа ялуулахын төлөө үстэй толгойгоо өгөхөд бэлэн зүтгээд  хөсөр хаягдчихсан, хоёр гурван хэсэгт хуваагдчихлаа. Энэ янзаараа явбал дараа дараачийн сонгуульд ялагдсаар 2020 онд манай нам тарахад хүрэх байх. Дээр байгаа хэд ч яахав, сурсан зангаараа гадагшаа гараад явчихна. Бид л…?.  Миний  бодлоор бол энэ “өтсөн толгойг” эртхэн тайрч хаямаар байна.

 

Г.ЖАМЪЯН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих