Налайхын уурхайд амиа алдаж буй залуус “Хэнд ч хамаагүй” гэж үү
Нийслэлээс хамгийн анхны төмөр замыг Налайх хүртэл тавьсан гэдэг. Зориулалт нь цахилгаан станцууддаа нүүрс тээвэрлэх гэж. Нийслэл хот ойр тойрондоо маш олон уурхайтай. Тэдгээрээс гарц болон чанараараа Налайхын нүүрсний уурхай номер нэгт. Хажууханд 45 км зайд байх Налайхын уурхайд нүүрсний нинжа нар ажиллаж бүтээж үхэх нь энүүхэнд. Учир нь төр засгийн зүгээс, тухайн дүүргийн засаг захиргааны зүгээс уурхайг ашиглах томоохон арга хэмжээ аваагүй. Зүгээр л тойрсон ам бүрээр нь хувьд өгчихсөн. Хувьд өгнө гэдэг чинь л хувьдаа авсан хүн хэн нэгнийг ажиллуулна, тэд нар нь дарагдаж нас барах өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллана гэсэн үг. Хүний амь маш эмзэг.
Шургалан орсон нүхэндээ агааргүй нэг минутаас илүү байхад л агаарын дутагдалд орж ухаан алдана. Улмаар маш хурдан үхэх аюултай. Өчигдөрхөн Налайхын уурхайд гурван иргэн нурангид өртөж амиа алдах шахсан ч газар дээр нь хурдан ажиллаж амыг нь аварлаа. Энэ бол жилээс жилд гарч л байдаг ослуудын нэг. Налайхчууд өөр хийх ажил байхгүй, ашигтай орлоготой болохын тулд уурхайн нүхрүү орохоос өөр аргагүй. Үхэхэд гомдолгүй гэж гарын үсэг зураад гурван хүүхэддээ хоол олж ирэх гэж нүх рүү орж байгаа эцгийн гарын үсэг.
Үнэндээ тэрхүү хувьчлагдсан ам бүрийн эзэн нь НИХТ, ДИХТ, бизнесмэнүүд, Налайхаар овоглосон өнгөтэй өөдтэй хүн бүр шахуу эзэн нь байдаг сурагтай. Нэг үгээр удирдлагын буруу шийдвэр нь хэн нэгэнд ашигтай, орлоготой байдаг болохоор тэд “өмчилсөн” байх.
Яагаад Налайхын уурхайд төрийн томоохон орчин үеийн уурхай барьж нийслэлдээ ойроос хэрэгтэй, хэрэгцээтэй нүүрсээр нь хангаад байж болохгүй хэн нэгний өмч болгочихоод ард нь түмний хүүхдүүд эндээд байх ёстой юм бэ?
Яагаад дэлхийн стандартад нийцсэн томоохон уурхайн төслийг хэн нэгэн танилцуулж арга хэмжээ авахгүй байгаа хэрэг вэ? Хувийн амны эзэн гэж яг хэн бэ? Ажилгүй залуусыг бурхны оронд илгээх элч үү? Тэдэнд өгч болсон шигээ төр авч бас болно гэдгийг яагаад харуулахгүй байнаа. Одоо Налайхын уурхайд 70 жилийн нөөц байгаа гэж учир мэдэх ахмад уурхайчнаас мэдэж авлаа. Тэгвэл одоо л цэгцлэж, эрэмбэ дараатай, болгохгүй юм бол 70 жил нүүрсний нинжа хийлгэх юм бол Налайх дүүрэг ахмадын дүүрэг болох нь. Залуус нь 70 жил дарагдаж үхээд үржихгүй юм байна.
Нүүрс хүний аминаас үнэтэй цаг үед ирж. Урьд байсныг үгүйсгэж одоо байгаагаа аргалаад арчлаад явж чадахгүй манай төрийн бодлого Налайхын залуусын амь насаар тоглосоор байх уу.
Налайхын айл бүрийн хойморт шахуу зурагны өмнө зул асаасан байдалтай гашуудаж байх юм. Хэдэн залуусын амиар төр энэ уурхайг анхааралдаа авч аппратын хэмжээнд ажиллах вэ?
Налайхын уурхай яагаад төрд гологдоод түмэн олны амийг авч одно вэ?
Ийм удирдлага байгаад ч налайхад хэрэг байна уу?
Б.Саран
URL: