Тамхинаас гарсны дараа таны бие хэрхэн эрүүлждэг вэ

ca6dd1d47f6fc18bbigАмерик тивийг нээсэн гэгддэг Христофор Колумб 1492 оны арваннэгдүгээр сарын 6-нд нутгийн уугуул иргэдийг табако нэртэй өвөрмөц ургамлын навчийг нухлан уугиулаад утааг нь сорохыг харсан байдаг. Навчны уугисан утааг сорох амьсгалах энэхүү ёслол олон сая хүнийг хамарсан дон болно гэж эрхэм Колумб тухайн үедээ зүүдлээ ч үгүй байх.

Эрдэмтэн мэргэдийн тогтоосноор 524 жилийн өмнө дэлхий дахинаа танил болсон тамхи нь өдгөө дэлхийд хамгийн түгээмэл албан ёсны зөвшөөрөлтэй мансууруулах бодис. Хүн төрөлхтнийг үхэлд хүргэдэг хамгийн түгээмэл гурван эмгэг болох зүрх судасны өвчин, хорт хавдар, уушигны архаг өвчин үүсэх болсон гол шалтгааны нэг нь тамхи болоод байгаа. Иймд дэлхий даяар тамхинаас гарах, тамхи, дам тамхидалтыг эсэргүүцэх хөдөлгөөн хүчтэй өрнөж байна. Тамхины хайрцаг дээр анхааруулга, сэртхийм зураг хэвлэж байгаа нь энэхүү тэмцлийн нэг жишээ.
Тамхинаас гарснаар хүний биед ямар эерэг, нааштай өөрчлөлт гардгийг мэдэж авцгаая.

20 минут татахгүй байхад л …
Тамхи таталгүй 20 минут тэвчихэд л уушиг, судас эрүүлжиж эхэлдэг гэдгийг тэр бүр мэддэггүй. Эхлээд зүрхний үйл ажиллагаа дараа нь хялгасан судас ба судасны торлогийн үйл ажиллагаа хэвийн болно. Цусны эргэлт илэрхий сайжран, хөл ба гарын хуруунуудын мэдрэмтгий байдал нэмэгддэг.

12 цаг тэвчвэл…
Тамхи таталгүй 12 цаг болсны дараа цусан дахь угаарын хийн агуулга буурч, хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ. Цусны химийн найрлага зохих хэмжээндээ очдог.

Хоёр долоо хоногоос гурван сар…
Зүрхний өвчин үүсэх эрсдэл огцом буурна. Тамхинд донтолтоос гарахтай холбоотой эргэж нэхэх, тухгүйтэх шинж тэмдгүүд үгүй болно. Захын судаснууд дахь цусны эргэлт хэвийн болно. Уушигны эд нөхөн сэргэж, үйл ажиллагаа нь эрс сайжирна.

Нэг сараас есөн сар…
Ханиалгах, амьсгаадах явдал эрс багасна. Уушиг байгалиас заяагдсан цэвэрлэгдэх чадвараа дайчилж, өөрийгөө бүрэн цэвэрлэж гүйцэхээр хүн амьсгаадах, багтрах асуудалтай ахиж тулгарахгүй.

Нэг жил…
Тамхи татах, үнэрийг авах гэх мэт далд хүсэл бүрэн үгүй болно. Арьс уян хатан, цэвэр болно. Цээжний бах гэх мэт зүрхний өвчин үүсэх эрсдэл даруй 50 хувиар буурна.

Таван жил
Цусны хэвийн эргэлт бүрэн сэргэнэ. Тархинд цус харвах эрсдэл тамхи татдаггүй хүмүүсийн хэмжээнд очиж буурна. Мэдрэл ба дархлалын систем тамхи татдаг үеийнхээс хэд дахин илүү ажиллаж эхэлнэ.

10 жил
Уушигны хорт хавдар тусах эрсдэл нь тамхичныхаас хоёр дахин бага. Амны хөндийн хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар, бөөр ба нойр булчирхайн хорт хавдар тусах магадлал эрс буурдгийг олон тооны судалгаа харуулсан тул ДЭМБ-аас тамхи таталтыг багасгахад онцгой анхаарах ёстой гэдгийг онцолж буй юм.

15 жил
Хорт хавдар үүсэх эрсдэл нь огт татдаггүй, үнэрийг нь ч авч байгаагүй хүнтэй адил болно. Өөрөөр хэлбэл, хорт хавдар тусах эрсдэл нь дөнгөж төрсөн хүүхдийнхтэй адил болно гэсэн үг.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих